Dataset Viewer
Auto-converted to Parquet Duplicate
headline
stringlengths
3
161
date
stringlengths
10
10
category
stringclasses
8 values
body
stringlengths
1
84.9k
link
stringlengths
25
28
Эрнест Хэмингуэй "Килиманжарогийн цас"
2023/06/22
Урлаг
Эрнест Хэмингуэй Килиманжарогийн цас 19 710 тохой өндөр мөнх цаст Килиманжаро уул нь Африкийн хамгийн өндөр цэг юм. Масаи омгийнхон энэ уулыг баруун оргил буюу Бурхны орон хэмээн Нгайэ-Нгайя гэж нэрлэдэг. Оргилын доохонтоо ирвэсийн хатаж хөлдсөн сэг бий. Ирвэс гэж амьтан чухамдаа ямар учраас ийм өндөрт гарсныг хэн ч үл мэднэ. Ерөөсөө өвдөхгүй нь хачин юм даа. Эхлэхдээ ингэдэг гэнэ лээ гэж түүнийг өгүүлэхэд: Ер өвдөхгүй байна гэж үү? хэмээн хариу асуух нь дуулдав. Харин тийм. Эвгүй үнэртэй нь ч үнэртэй хог юм аа. Чамд муухай л байгаа байх гэсэнд: Боль доо. Битгий ингэ гэлээ. Эднийг хар даа. Юундаа ингэж шавдаг байна аа? Үнэрт нь л татагддаг юм байх даа? хэмээх залуугийн хэвтэж буй орыг саглагар ороонгын сүүдэрт байрлуулжээ. Нүд гялбам нар туссан талд гурван том шувуу майжигнан алхах бөгөөд дээр нь бас хэдэн шувуу газарт сүүдрээ гулгуулан эргэлдэнэ. Энэ хэдэн шувуу ачааны машин эвдэрснээс хойш туж үүгээр эргэлдлээ. Өнөөдөр харин анх удаа газарт буув шүү. Эхэндээ ч өгүүллэг бичихдээ оруулъя гэж санаад нүд салгалгүй ажаад л байлаа. Одоо ч тэгж бодоход инээдтэй юм даа гэхэд эмэгтэй: Өөрийгөө зовоож яах нь вэ? хэмээн зэмлээд авлаа. Зовоох юу байх вэ. Хүнтэй ярихад арай хөнгөрөх юм. Болдог бол чамд тээр болмооргүй л байна гэсэнд эмэгтэй: Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж санасандаа л тэвдэж явааг минь чи мэднэ шүү дээ. Хоёулаа онгоц иртэл тэсчихэд болчихно оо гэвэл: Онгоц уу? Хүлээх хэрэг байна уу? гэсэн хариу сонстлоо. Би одоо юу хийх вэ? Чамд яаж туслах вэ? гэж эмэгтэйг асуухад: Хөлийг минь тайрч болох юм. Тэгвэл үхжил газар авахгүй. Гэхдээ тэглээ гээд баталгаагүй л дээ. Эсвэл намайг буудчихаж болно. Мэргэн болсон шүү дээ чи. Би чамд заасан гэсэнд: Ингэж яриад байхдаа яах вэ дээ? Чамд ном уншиж өгөх үү? гэлээ. Ямар ном? Уншаагүй номыг чинь гэсэнд эрэгтэй: Хэрэггүй ээ. Сонсох тэнхэл алга. Тэгснээс ярьсан нь, маргасан нь дээр. Ядаж л цаг нөгцөөх юм даа хэмээв. Үгүй хэн чамтай маргаа вэ. Маргах ч хүсэл алга. Ахиж ер нь ам зөрөхгүй. Ямар ч байсан муудахгүй. Өнөөдөр бидний араас тэрэг явуулах ч юм бил үү, эсвэл онгоц нисээд ирж мэдэх юм гэхэд: Надад бол хөдлөх ч хүсэл алга. Хөдөллөө ч яалаа? Чамд л амар болно гэсэнд эмэгтэй: Ингэж хулчийхаа болийч гэлээ. Чи намайг тайван үхүүлчхээч. Ийм юман дээр хүртэл заавал зөрөх хэрэг байна уу? Хулчийлаа л гэнэ! Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй! гэж залууг бухимдахад бүсгүй: Чи үхэхгүй ээ гэж зөрвөл залуу: Больж үз. Үхэх нь угаасаа тодорхой. Тэр хэдэн шувууг хар! гэсээр хүзүүнийхээ өдийг босгож толгойгоо нугдайлган суугаа шувуудын зүг зангав. Дөрөв дэх шувуу газарт бууж, хөлөө солбин хэд хэд хурдан алхаад нөгөө гурав руугаа майжигнав. Буудал дагаж явдаг шувуу л байна. Өөр үед бол хүн анзаараад байдаггүй. Чи л зоригтой байвал үхэхгүй! гэхэд залуу: Хаана тэгж байна? Үгүй чи мөн тэнэг хүн ээ! гэсээр бухимдлаа. Тэгвэл намайг биш, өөр хүний тухай бод л доо гэхэд: Больё доо! Юу ч бодох хүсэл алга! гэсээр мөнөөх залуу дэр налан, дээрээс урсан долгилох нозоором халуун агаар, тэртээд ногоорох намхан бутыг чимээгүйхэн ширтэн хэвтлээ. Шаргал элсэн дунд цайран ялгарах хэдэн хонь тэрүүхэнд өвс зулгаан бэлчинэ. Цаахантаа нь нов ногоохон бутнаас эрс ялгаран нүдэнд тусах алаг тахь идээшилнэ. Толгодын бэлд, том моддын сүүдэрт устай газар бараадан буусан нь ёстой л нүдээ олжээ. Хажууханд хоёр алхмын цаана хатсан булаг байх агаад өглөөдөө ятуу нисэж үзэгдэнэ. Орны толгойд тавьсан эвхдэг сандал дээр суух бүсгүй: Юм уншаад өгөх үү? Ашгүй салхилаад эхэллээ гэж ам нээхэд: Хэрэггүй ээ гэв. Ачааны тэрэг мөдхөн ирэх байх гэвэл: Ирсэн ч, ирээгүй ч хамаа алга гэсэнд бүсгүй: Надад бол хамаатай гэж сөргөлөө. Ямар сураагүй биш. Надад хамаагүй юм чамд дандаа хамаатай байдаг даа гэвэл бүсгүй: Боль доо, Харри гэж зэмлэсэн янзтай дуугарсанд залуу: Сайхан архи уух сан гээд санаа алдав. Болохгүй ээ. Блэкийн номд архи ууж болохгүй гэсэн байна лээ. Ёстой болохгүй! гэж хорьсон ч залуу өөрийнхөө зүтгэн: Моло! гэж дуудахад бой: Заа, бвана гэсээр гүйгээд ирлээ. Содтой виски аваад ир гэвэл бой: Мэдлээ гэсээр холдов. Ууж болохгүй ээ. Бууж өгч болохгүй гэж би хэлсэн дээ. Ном дээр ууж болохгүй ээ гээд биччихсэн байна лээ. Биед чинь муу гэж байна шүү дээ гэхэд: Хаанаас даа. Харин ч тустай гэж зөрөв. Одоо юу ч хийх аргагүй, юу ч амжуулах боломжгүй. Архи уухдаа хүртэл ам зөрөх нь гэх бодол толгойд нь эргэлдэнэ. Баруун хөл нь үхжиж эхэлснээс хойш өвчин арилж, үүнийг дагаад айдас түгшүүр ч алга болсонд ингэж л төгсөх хувьтайгаа зөнгөөрөө мэдрээд цуцаж цухалдахаас өөрийг үл мэдэн хэвтэнэ. Айсуй үзэгдлийг тэр ерөөс сонирхсонгүй. Энэ үзэгдэл олон жил түүнийг гэзэг даран дагасан ч өдгөө юм бүхэн ерөөс утга учиргүй болжээ. Ядрал цуцал бүхнийг хачин их хөнгөвчилдөг нь хачирхалтай. Одоо бол харсан үзсэнээ дориухан шиг бичдэг болтлоо нөөж хадгалах явдалгүй. Ямартаа ч бүтэлгүйтэхээс зайлах юм даа. Анхнаасаа л бүтэхгүй нь тодорхой байсан болохоор үзсэн туулснаа бичнэ гэж үзэг барилгүй хойш тавьсаар ирсэн ч юм бил үү, хэн мэдэх вэ. Өдгөө нэгэнт үүнийг баттай мэдэх аргагүй болжээ.  Эмэгтэй барьсан хундагыг нь харж уруулаа хазлан: Энд хэрэггүй л ирж. Парист байсан бол юу боллоо гэж ийм юм болох вэ. Чи Парист дуртай гэж хэлдэг дээ. Парист, эсвэл өөр газарт очсон ч болох л байсан. Би хаашаа л бол хаашаа чамайг дагаад явна. Хүссэн газарт чинь очно гэж хэлсэн шүү дээ. Ан хиймээр байсан бол Унгар орж болох л байлаа. Үйлчилгээ сайтай газар гэсэнд залуу: Чиний мөнгө ч их гай боллоо шүү гэж хэдэрлэх нь тэр ээ. Ингэж ярьж болохгүй ээ. Энэ мөнгө адилхан чиний ч мөнгө. Би бүхнээ хаяад чамайг дагасан, хүссэнийг чинь хийсэн. Тэглээ гээд энд ирэх ёсгүй л байж гэхэд залуу: Чамд энд таалагддаг гээ биз дээ? гэж ам асуув. Чамайг эрүүл байхад таалагддаг байсаан. Одоо бол байж суух арга алга. Хөл чинь яагаад өвдчихөв дөө? Хүн амьтанд гэм хийгээгүй л юмсан гэхэд: Өвдгөн дээрх шалбархайгаа эхлээд йодоор түлэхээ мартчихаж. Өмнө нь халдвар орохгүй зүгээр байсан болохоор тоогоогүй минь буруудаж. Лугшаад байхаар нь байсан карболын сулхан уусмалаар арчаад л явсан. Тэгсэн чинь хялгасан судсууд нь бөглөрөөд үхжээд эхэлж. Ийм л юм болж гэсэнд эмэгтэй: Би тэр тухай яриагүй ээ гэвэл: Нутгийн биш мэргэжлийн жолооч хөлсөлсөн бол моторын тосоо шалгаад подшипникээ шатаахгүй л байж хэмээв. Тэр чухал биш ээ гэсэнд: Чи Уэстбери, Саратог, Палм-Бичийн найзуудаасаа салж надтай нийлээгүй бол... Болиоч дээ. Чамд хайртай болохоор л би чамайг дагасан. Одоо ч хайртай, цаашдаа ч хувирахгүй. Чи ч надад хайртай биз дээ? гэлээ. Үгүй ээ. Би чамайг ер нь хайрлаж байгаагүй байх гэвэл: Солиотой юм ярих юм, Харри! гэж зэмлэх аядав. Нээрээ шүү. Үнэн л юм чинь гэхэд: Наад архиа боль. Битгий уу л даа. Боломжтой бүхнээ үзээд алдах л хэрэгтэй гэсэнд: Чи л үз. Би ч тэнхэл алга гэвэй. Карагачийн галт тэрэгний буудал өмнө нь тодрон үзэгдэнэ. Тэгэхэд тэр шуудай мөрлөн Фракиягаас ухран буцахдаа Симплон-Ориентын хурдан галт тэрэгний гэрэл түнэр харанхуйг зүсэн урагшлахыг ажин зогссон сон. Энэ үзэгдэл, үүгээр барахгүй өглөөний унд, Болгарын цаст уулыг цонхоор харж байснаа, Нансений номлогчийн нарийн бичиг бүсгүй цавцайн буусан цасыг гайхширан “Энэ цас мөн үү?” гэж асуухад өвгөн тийш хараачлаад “Биш ээ, цас ороход арай л эрт байна” гэж хариулсныг ч тэр хожим буулгана хэмээн дотроо нөөж билээ. Бүсгүй бусдадаа “Цас биш гэнэ ээ” гэхэд цаадуул нь ч залгуулан “Цас биш гэнэ” гэсээр шуугилдсан юмдаг. Гэхдээ л тэр цас мөн байсан. Жинхэнэ цас байсан. Иргэдээ солилцож эхлэхэд дарга нь олон хүнийг энэ уулаад илгээсэнд тэд хунгарласан цасаар туучиж яваад бүгд осгож эндсэн шүү дээ. Гауэрталд тэр жилийн зул сараар бас битүү цастай байлаа. Нүүрэндээ хээтэй, умгархан өрөөний тэн хагасыг эзлэх ам дөрвөлжин пийшинтэй түлээчний жижиг байшинд хатсан навч чихсэн гудсан дээр тэд унтдаг сан. Яг тэгэхэд цасан дээр цусан мөр татуулсан нэг цэрэг оргож ирээд, араас нь нэхэж явааг хэлэхэд түүнд ноосон оймс өгч, цустай мөр нь цасан шуурганд далдартал цагдаа нарыг аргацаасан юмдаг. Шрунст зул сарын баярын эхний өдөр сүмд мөргөөд харьж буй сүсэгтэн олныг Weinstube[1]-ийн цонхоор гадагш харах аргагүй нүд гялбам их цастай байлаа. Тэнд байхдаа тэд өтгөн шилмүүст ойтой өндөр уулын бэл, өргөн голын эргээр эмжээрлэн тогтсон, адууны шээсэнд шарлаж, чарганы мөр гарч дагтаршсан замаар хүнд цанаа мөрлөн явгаар өгсөж, Мадленер-Хаусын дээр дүнхийх мөнх цаст уулын эгц энгэрээр уруудан гулгаж билээ. Хайлуулсан чихэр шиг гөлгөр, өд шиг хөнгөн тэндхийн цасан дээгүүр уруугаа шидсэн чулуу шиг, шувуу мэт маш хурдтай шунган буухад чихэнд исгэрэх чимээ ч хүрч амжихгүй чимээ аниргүйд уусах нь үнэхээр гайхалтай. Шуурганаас болж Мадленер-Хауст тэд бүтэн долоо хоног саатахдаа утаа суунаглуулан уугих дэнгийн гэрэлд хөзөр тоглож, герр Ленц хожигдохын хэрээр бооцоо өссөөр байлаа. Ленц цанын сургууль, улирлын орлого, хурааж цуглуулсан бүхнээ алдсан юм. Унжуу хамартай Ленц ширээн дээрээс хөзөр авч Sans voir[2] тавьж байгаа нь өчигдөрхөн мэт тодхон үзэгдэнэ. Өдөржин шөнөжин тоглож билээ. Цас орсон ч, намжсан ч тоглосоор. Эргээд бодох нь ээ, энэ амьдралынхаа хэдий хугацааг хөзөр тоглож өнгөрүүлсэн юм бол? Гэлээ ч тэр энэ тухай, зул сарын баярын цэлмэг авч жихүүн салхитай, тэртээд дурайх уулс тодрон үзэгдсэн өвлийн тэр нэгэн өдрийн тухай юу ч бичээгүй. Баркер харьж яваа Австри офицеруудын суусан галт тэргийг бөмбөгдөхөөр энэ уулсын дээгүүр нисэж галын шугамаар даван, сумаар шүршихэд дайсны офицерууд харсан зүтгээ зугтсан гэдэг. Баркер офицеруудын цайны газарт орж ирээд энэ тухай өгүүлэхэд нам гүмхэн болж нэг нь “Адгийн амьтан!” гэж хараал тавьсан нь санаанд тодхон. Суманд шүршүүлсэн австри офицерууд дараа нь түүнтэй хамт гулгаж байсан австриудтай ав адилхан хүмүүс байж. Гэхдээ л бас яг адилхан биш. Тэр жилжин хамт цанаар гулгасан Ханс гэхэд анчин цэргийн ангид алба хааж явсан. Мод бэлтгэх газрын дээхэн хөндийд туулай агнахдаа Пасубиогийн тулалдаан, Петрика, Асалоны давшилтын тухай хөөрөлдсөн ч Харри тэр талаар ганц үг буулгаагүй нь л үнэн. Монте-Корно, Сьета-Коммуни, Арсиерогийн тухай ч ер бичээгүй шүү дээ. Арльберг, Форарльбергт тэр хэдэн ч удаа өвөлжив? Лав дөрвөн өвлийг тэнд авсан гэж санаад Блуденц руу бэлэг авахаар явж байх замд үнэг худалдсан эрийг дурслаа. Интоорын ясны амт ялимгүй шингэсэн анхилуун дарс, хөр цасан дээгүүр хийсэх өд шиг хөнгөн цас, эгц уруудахын өмнөх эргэлтэн дээр “Хай-хо, манай Ролли!”гэж хадаасан баярын дуу, цэцэрлэгт хүрээлэн, суваг жалга, зочид буудлын арын мөстсөн зам нүднээ тодрон үзэгдэнэ. Цанын бэхэлгээгээ салгаж хөлөө сугалан цанаа модон хана түшүүлэн тавихад цонхны цаанаас чийдэнгийн гэрэл шаргалтаж, тамхины утаа, дарсны ааг ханхалсан өрөөнд баянхуурын аялгуу эгшиглэнэ. Африкийн аагим халуунд хажууханд нь эвхдэг сандал дээр суугаа эмэгтэйгээс: Парист хоёулаа хаана буудаг байлаа? гэж асуухад: Крийонд буудаг байсан шүү дээ. Мартчихаа юу? гэвэл өөдөөс нь: Мартаж болно оо доо? гэж хэдэрлэв. Дандаа л тэнд буудаг шүү дээ гэхэд нь: Дандаа ч биш ээ гэлээ. Тэнд, бас Сен-Жермэний эдлэнгийн Хэнрих IV-ийн павильонд буудаг байсан. Чиний дуртай газрууд гэвэл Харри: Хайр аа гэж. Хогон овоолго юм даа. Харин би дээр нь гараад донгодож байгаа азарган тахиа гэсэнд: Үхэх гээд байгаа юм бол мөрөөрөө ч явчихгүй заавал үлдсэнээ зовоох хэрэг байна уу? Юм үлдээхгүй л аваад явах санаатай даг аа? Унасан морь, авсан авгайгаа цааш нь харуулаад, агссан зэвсгээ шатааж байж сэтгэл ханах хүн юм аа? хэмээв. Тийм ээ. Чиний хараал идсэн мөнгө бол миний зэвсэг. Зэвсэгтэй байхад хаа ч газардахгүй гэвэл эмэгтэй: Болиоч гэсэнд: Больё оо. Чамайг гомдоомооргүй байна гэлээ. Ухаарч дээ гэж үг хаяхад: Тэгвэл гомдооё л доо. Тэртээ тэргүй алдах юмгүй хүн. Чамтай хийдэг дуртай ганц үйлээ гүйцээж чадахгүй хойно хэл амаа л билүүдэж сууя хэмээвэл эмэгтэй: Арай ч дээ. Чи өөр юманд бас дуртай л байсан шүү дээ. Тэр бүхнийг чинь би ч дагаад хийдэг байсан гэж тунирхав. Залуу: Бурхан минь, больж үз гээд эргэж харвал эмэгтэй мэгшинэ. – Аан гээч. Надад сайхан байна гэж бодоо юу? Яах гэж чамайг үгээр идэж байгаагаа өөрөө ч ойлгохгүй байна. Өрөөлийг алж өөрийгөө амьд гэдгийг мэдрэх... Тэр нь л энэ юм байлгүй. Ярьсаар байгаад иймдээ хүрнэ гэж хэн мэдэх вэ. Галзуурахад ганц хуруу л дутуу байх шиг. Намайг битгий тоо. Би чамд хайртайг чи мэднэ шүү дээ. Чамаас өөр хүнийг ингэж хайрлаж байгаагүй гэсээр хоногийн хоолоо олдог өнөө л худал хуурмагийн замаар орлоо. Хэлж ярьж байгааг нь! Гичий. Гичий ч өгөөмөр дөө. Энэ чинь л яруу найраг. Одоо би яруу найргаар амьсгалж байна. Өмхий үнэр, яруу найраг. Өмхий үнэр, яруу найраг гэхэд эмэгтэй тэсэлгүй: Амаа тат, Харри! гэж хашгирвал: Би юу ч үлдээхгүй. Юу ч үлдээлгүй явмаар байна гэлээ. Орой болж тэр сэрчхэв. Нар толгодын цаагуур сууж, налгар хөндий сүүдэртэнэ. Жижиг амьтад мод бутнаас улам холдож, толгойгоо бөхийлгөн сүүлээ годгонуулан майхны хажууханд идээшилнэ. Газарт бууж манаанд гарсан махчин шувууд одоо бол модон дээр бараантан бөөгнөрчээ. Илэрхий олширсон нь эрхгүй нүдэнд тусна. Бой нь орны хажууд сууна.  Мемсаиб буудахаар явсан. Бванад юм хэрэгтэй байна уу? гэж асуухад: Хэрэггүй ээ гэв. Эхнэр нь оройн хоолонд хийх ангийн мах олж ирэхээр явжээ. Амьтан харах дуртайг нь мэдэх болохоор орон дээрээс нь үзэгдэх орчныг цочоохгүй гэсэндээ нэлээн холджээ. Эхнэр нь бүхнийг санаж буй аж. Уншиж мэдэж, үзэж дуулснаа нэгд нэгэнгүй тогтоожээ. Амьдралд итгэл алдарч аргагүйдсэн хойноо түүнтэй учирсанд эхнэр нь ямар ч буруугүй. Эмэгтэйн чихэнд хүрч буй үг үнэндээ утгагүй, амнаас гардаг хий шиг дадал болж, амгалан тайван байдлаа хадгалж үлдэх төдий өчүүхэн зорилготойг тэр гадарлах ч үгүй. Үгийн утгыг хөөцөлдөхөө больсноос хойш үнэнээсээ илүү худал үг нь эмэгтэйчүүдэд таалагдаж эхэлсэн. Худал хэлсэн нь биш, харин үнэн түүний сэтгэлд орших оронгүй болсон нь харамсалтай. Амьдралд үздэгээ үзсэн ч амьсгалсаар, ондоо хүмүүсийн дунд дутагдах юмгүй дураараа яваа. Танил дасал газруудаасаа аль сайныг нь шилж, шинэ газар оронд очих нь олонтаа.  Хамгийн гол нь бодолд автахгүй л бол сэтгэл амгалан, сэргэлэн цовоо явна. Эрүүл чийрэг төрсний ачаар үеийнхэн шигээ өвчинд баригдсангүй, өмнө нь хийж байсан ч өдгөө гүйцээж чадахгүй болсон тэрхүү ажлаа үл тоосон царайлна. Гэхдээ л дотроо бол баян чинээлэг энэ хүмүүсийн тухай хэзээ нэгэн цагт бичнэ гэж ам гарсан. Чи бол эднээс ондоо овгийн, хөндлөнгийн хүн болохоор холдож яваад энэ тухай бичнэ. Бичих бичихдээ таньж мэдсэн тэр л зүйлээ бичсэн анхны хүн болно гэж сэтгэсэн ч үзэг цаас нийлүүлж чадаагүй. Учир нь ааг бахдал, ая тух, өөрийгөө жигшсэн өдөр хоногууд авьяасыг нь мохоож, ажил хөдөлмөрөөс хойргошуулсаар адаг сүүлд нь бичгийн ширээнээс нэг мөр хөндийрчээ. Танилуудынх нь хувьд тэр ажил хийхгүй байх нь тавтай таатай аж. Цагтаа Африкт амьдралынхаа алтан үеийг өнгөрүүлсэн түүхтэй. Тиймдээ ч бүхнийг эхэлье гэж санаад энд иржээ. Аялахдаа тэд аль болох энгийн даруу орчныг сонгож, хэдий дутах юмгүй ч тансагласангүйд дадал заншил нь дорхноо сэргэж, сэтгэлийг нь бүрхэн ургасан өөх тосыг ууланд өөхөө шатааж бэлтгэл хийж буй боксчин шиг даруй шатаачихна гэж санажээ.  Эхнэр нь ч үүнд дуртай, ийм амьдрал тухтай гэж ярьсан сан. Сэтгэл догдлуулж, орчин тойрныг өөрчилсөн юм бүхэнд тэр дуртай. Шинэ хүмүүстэй танилцаж зугаацах сонирхолтой. Өөрөө ч үзэг барих хүсэл нь өдөөгдөн сэргэнэ гэдэгт эргэлзэхгүй байлаа. Ингээд бүх юм төгсвөл, төгсөх нь нэгэнт тодорхой болсон хойно нуруугаа хугалуулсан могой шиг өөрийгөө хатгаж хэмлэх хэрэг юун. Эмэгтэй ямар ч буруугүй. Энэ биш юм аа гэхэд өөр эмэгтэй гарч ирэх л байсан. Насаараа худал хэлсэн бол худлаа хэлсээр үхэхээс өөр аргагүй. Тэгтэл толгодын цаана буун дуу тасхийв. Сайхан сэтгэлтэй энэ өлөгчин, эелдэг зантай энэ эмэгтэй, эрдэм чадлыг нь булшилсан энэ хүн ончтой, мэргэн бууддаг. Үгүй дээ. Эрдэм чадлаа тэр өөрөө л булшилсан. Хангалуун чинээлэг ахуйд хөтлөн оруулсан эмэгтэйд буруутгаад яах вэ. Авьяас чадлаа ашиглалгүй, өөрөөсөө, итгэл үнэмшлээсээ урваж, архи дарсанд толгой мэдүүлэн мэдрэмжээ дарж, залхуурч, их зантай болж, үнэн худлыг ээлжлүүлсээр зэврүүлсэн нь үнэн. Авьяастай байсан уу гэвэл маргаангүй байсан. Ажиллаж хөгжүүлэхийн оронд түүнийгээ харин тэр арилжиж худалдаж эхэлсэн. Би хийсэн гээд үзүүлчих юмгүй, хийх л байлаа гэх хоосон үгтэй үлдсэн нь яриангүй үнэн. Үзгээр биш өөр аргаар амьдралаа залгуулахаар шийдсэн нь ч аанай л үнэн. Зүгээр ч тэгээд шийдчихсэн юм биш. Тийм биз? Дурласан бүсгүйчүүд нь урьд дурлаж хайрласнаас нь илүү чинээлэг байсан нь жирийн нэг тохиолдол биш. Хөрөнгөтэй бол хөрөнгөтэй, урьд нь учирсан эмэгтэйчүүдээс хамгийн чинээлэг, цагтаа нөхөр хүүхэдтэй, амраг эртэй байсан ч түүнээсээ таашаал мэдрээгүй, тиймдээ ч зохиолч, эрх хүнийх нь хувьд түүнийг энхрийлэн хайрлаж, найз нөхрийн хувьд нандигнан үнэлж буй энэ эмэгтэйг шохоорхох сэтгэл уусан алдарч, хайр сэтгэлийг худал үгээр орлуулахад хайрлаж байсан эмэгтэйчүүддээ өгснөөс илүүтэйг зориулж чадахгүй байгаа нь хачирхалтай бус уу? Хүн бүр оногдсон тавилантай. Амьдралаа хэрхэн залгуулж буйгаар авьяас чадвар илэрдэг. Түүний хувьд эрдэм чадлаа ямар нэгэн аргаар арилжсаар ирсэн. Мэдрэмж алга болоход алив хүн авсан мөнгөнийхөө төлөө хамгийн чанартайгаа барьдаг зантай. Үүнийг тэр лавтай таньсан ч энэ тухай хэзээ ч бичихгүй нь баттай. Тийм ээ, тэр бичихгүй. Бичвэл уг нь сайн сан.  Эмэгтэй толгодын цаанаас хөндийг туулан буудал руугаа ирж явна. Өргөн богино өмдтэй, буу барьсан түүний ард зардсууд дөрвөн мөчнөөс нь нарийн модонд хүлсэн хонь авч явна. Аанай л эрчүүдийн харцыг булаасан сайхан биетэй эмэгтэй юм гэсэн бодол харван орлоо. Амрагийн ажилд адтай, дуртай. Царайлаг гэхээргүй ч төрх нь түүнд таалагддаг. Ном уншдаг, морь унаж анд явах дуртайгаас гадна нэлээн уудаг. Харьцангуй залуудаа нөхрөө алдаж, гараас гарч хэдийн бие даасан хүүхдүүддээ өөрийгөө зориулсан ч садаа болсноос цаашгүй бөгөөд морь, ном, дарсанд автаж хэсэг сатаарчээ. Оройн хоолны өмнө ном уншингаа шингэрүүлсэн шарз уусаар согтож хооллочхоод шил дарс нэмж уугаад унтаад өгнө. Энэ мэт өдөр хоногийг өнгөрөөж байсан эмэгтэй амрагтай болоод уухаа багасгаж, дарсгүй ч төвөггүй унтчихдаг болжээ. Гэхдээ амрагтай болсон ч уйдсан хэвээрээ. Нөхөр нь түүнийг хэзээ ч уйдаагаагүй болохоор тэр.  Улмаар хүү нь онгоцны ослоор өөд болоход амрагуудаасаа холдож, шарз уугаад сэтгэл нь тайтгарахаа нэгэнт больсон тул хүссэн хүсээгүй амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай тулгарчээ. Тэгээд гэнэтхэн маш их ганцаардаж гансрав. Гэлээ гэхдээ түүнд хүндлэл хүлээхүйц эрхэм хүн хэрэгтэй байлаа.  Тэр хоёрын харилцаа их энгийн эхэлжээ. Түүний бичсэн ном эмэгтэйд таалагддаг, амьдрал ахуйд нь ч татагдан, ёстой л зоргоороо яваа эр хүн гэж түүнийг харжээ. Түүнийг өөрийн болгохын тулд хийсэн энэ эмэгтэйн алхам бүр, эцсийн дүндээ түүнд дурлаж хайрласан нь урвуу пропорционалтай үйл явц болж хувирахад манай баатар туулсан амьдралаа урж тасдан үнэлж арилжиж байлаа.  Үүнийхээ хариуд тэр хангалуун амьдрал, тохилог ахуйтай золгосныг буруутгах аргагүй. Түүнээс гадна өөр юутай болсныг хэн мэдэх вэ? Эмэгтэй түүнд бүгдийг өгч, хүслийг нь гүйцээхэд хэзээд бэлэн гэдэгт тэр эргэлзсэн удаагүй. Тэгээд ч эхнэр нь сайн эмэгтэй. Түүнтэй, нарийн яривал өөр хүнтэй ч биш, тансаг чинээлэг, сайхан сэтгэлтэй, хайр сэтгэлийг ойлгодог, хэзээ ч хэл ам таталдаггүй ийм хүнтэй зөвхөн түүнтэй амьдралаа холбоход дургүйцэх юмгүй явлаа. Гэтэл цогцлоож босгосон шинэхэн амьдрал нь удахгүй төгсөх нь гэж бодоод өөрөө ч цочих шиг. Яагаад гэвэл тэр хоёр долоо хоногийн өмнө толгой өргөн самсаагаараа агаар сорж, чихээ сортойлгон чимээ гарах төдийд үргэж зугтахад бэлэн байсан зээрийн сүргийн зургийг буулгах гэж өтгөн бутан дундуур явахдаа өргөсөнд шалбалсан өвдгөө йодоор ариутгаагүй болохоор тэр. Зээрийн сүрэг ч зураг дарах завдалгүй үргээд арилсан. Эмэгтэйг буудалд ирэхэд дэр дэрлэн хэвтэж байсан тэрээр эргэж хараад: Сонин юутай байна? гэж асуухад: Хонь унагалаа. Сайхан шөл хийж өгье. Хуурай сүүгээр шингэлсэн төмсний нухаш бас хийлгэе. Бие чинь яаж байна? гэж санаа тавилаа. Хамаагүй дээр шүү гэхэд: Ашгүй дээ! Дээрдэнэ гэж мэдээд байсан юм. Намайг явахад чи унтаж байсан гэсэнд: Овоо нойр авчихлаа. Чи холдов уу? хэмээн асуув. Холдоогүй ээ. Энэ толгодын цаана гарчхаад л ирлээ. Нам буудлаа гэхэд: Чи мэргэн шүү дээ гэлээ. Ан хийх дуртай л даа. Африкт ч татагдсан. Нээрээ шүү. Бие чинь дээрдвэл энэ удаагийн аялал хамгийн сайхан дурсамжтай нь болох байх. Чамтай ан хийх ямар сонирхолтой гээч. Би Африкт дурласан гэвэл Харри: Би ч бас Африкт хайртай гэж хариулав. Хонгор минь, бие чинь дээрдсэн нь болж. Өнөө өглөөнийх шиг муухай ааштай байхад чинь би ёстой дургүй. Ахиж тэгж үгээр идэхгүй биз дээ, намайг? гэж асуухад нь: Тэгэхгүй ээ. Үнэндээ бол юу хэлснээ ч сайн санахгүй байна гэлээ. Намайг зовоож яах вэ дээ. Ер хэрэггүй. Чамд хайртай, чиний дуртай бүхнийг дагаад хийх хүсэлтэй настай эмэгтэйг яах нь вэ. Тэртээ тэргүй хангалттай зовлоо. Чи намайг зовоохгүй биз дээ? гэсэнд: Орон дотор бол дуртайяа зовоох сон гэхэд: Тэр ч яах вэ, өөр хэрэг. Түүнгүй бол амьдрал утгагүй. Маргааш онгоц ирэх байх аа гэвэл Харри: Чи яаж мэдээ вэ? гэж асуулаа. Ирнэ ээ. Ирэхдээ л ирнэ. Бой нар утаа тавих өвс гишүү бэлдсэн. Өнөөдөр би очиж үзээд ирлээ. Онгоц буучих хангалттай зай байна лээ. Хоёр талаар нь гал асааж утаа тавина гэвэл: Онгоц маргааш ирнэ гэж яагаад бодоо вэ? гэж шалгаав. Зүгээр л ирнэ гэж бодлоо. Ирэхээр болсон шүү дээ. Хот орж хөлөө эмчлүүлсэн хойно орон дотроо хөрвөөсөн шиг хөрвөөнө өө. Үгээр биш үйлдлээр зовоох юм шүү гэсэнд нөхөр нь: Хоёулаа ууя тэгэх үү? Нар жаргачхаж гэлээ. Хэрэггүй ээ гэж хориход цаадах нь: Ууна аа гэсээр зөрвөл: Тэгвэл хамт ууя даа. Мало, шингэлсэн шарз аваад ирээч гэж хашгирсанд нөхөр нь: Түрийтэй гутлаа өмссөн нь дээр шүү. битүү шумуул байна гэж санаа тавихад: Усанд орчхоод өмсье гэх хариу дуулдав. Бүрий буухад хоёул уув. Харанхуй болж байгаар буудах аргагүй болоход цөөвөр чоно хөндийг туулан толгодлын араар далдарлаа.  Энэ цөөвөр орой болгон үүгээр гүйх юм. Лав хоёр долоо хоног боллоо шүү гэхэд эмэгтэй: Шөнө улиад байдаг мөн биз дээ. Зэвүүн ч гэсэн гүйж л байг гэлээ. Эхнэртэйгээ шарз балгаж, хөл нь өвдөхөө больж, бой нар түүдэг өрдө, галын дөлийн сүүдэр майхны хананд тусан жирэлзэхэд хөдөлгөөнгүй хэвтэх нь л тээртэйгээс биш бусдаар бол төвөгшөөх юмгүй, эрх чөлөөг нь хассан энэхүү таатай шоронтой эвлэрч болмоор шиг санагдана. Эхнэр нь яалт ч үгүй түүнд халамжтай атал өглөө хатуу үг хэлж гомдоосон. Эхнэр нь үнэхээр сайн эмэгтэй гэсэн бодол толгойд нь буухад гэнэтхэн үхэж байгаагаа мэдрэв.  Хуй шиг бүрхээд авсан энэ мэдрэмж салхи, борооноос тэс ондоо нэлхийсэн өмхий хоосноор утахад хачирхалтай нь оргүй хоосон тэр орон зайн зах хязгаараар цөөвөр чоно гулсаад одох шиг боллоо. Харри, зүгээр үү? гэхэд: Зүгээр ээ. Салхины дээр гарч суувал дээр дээ гэсэнд эмэгтэй: Моло боолтыг чинь сольсон уу? гэж асуулаа. Сольсон. Борын хүчил шингээж байгаад боосон гэвэл: Бие чинь яаж байна? гэж санаа тавив. Ядарснаас биш гайгүй ээ гэхэд: Би усанд орлоо. Удахгүй ээ. Тэгээд хамт хооллоё. Дараа нь чиний орыг майханд оруулъя хэмээв. Харри “Хэрэлдэхээ больсон нь болж” гэж бодоод ер нь энэ эмэгтэйтэй тэгтээ их ам мурийж байгаагүйгээ саналаа. Хайртай бүсгүйчүүдтэйгээ бол үргэлж муудалцаж, хэл ам харилцаа холбоог нь зэв шиг иддэг сэн. Дэндүү их хайрлаж, дэндүү ихийг шаардаж явсандаа эцэст нь юу ч үгүй хоцорсон хүн шүү дээ. Парисаас явахаасаа өмнө хоёул хэрэлдэж гав ганцаархнаа Константинопольд байснаа дурсав. Таарсан бүсгүйчүүдтэйгээ дураараа наргисан хэдэн өдрийн дараа сэхээ авахад ганцаардал арилаагүй, харин ч дотроос нь хэмлэн идэж байсанд өөрийг нь хаяад явсан тэр бүсгүйд орхиж мартаж чадаагүйдээ түрүүлж бичсэн сэн... Regence-ийн дэргэд зөрөх шиг болоход голоос нь зураад авсан, аль нэг эмэгтэй түүнтэй төстэй санагдвал битгий л эндүүрсэн байгаасай гэж хүсэмжилсэндээ, бие сэтгэлийг нь эзэмдсэн догдлол хөөрөө алдчихгүй юмсан гэсэндээ гудамж талбайгаар гэзэг даран дагаснаа, амрагласан бүсгүй болгон нь угтаа түүнийг улам бүр санагалзуулж байсныг, үйлтэй энэ сэтгэлээ мартагнаж чадахгүй нь магад болсон хойно түүний үйлдсэн хийсэн бүхэн өдгөө огтхон ч хамаагүй болсныг өгүүлэн илчилсэн нь үнэн. Клубт балга дарс ч амсалгүй цоо эрүүл сууж байхдаа бичсэн энэ захиагаа тэр Нью-Йорк руу илгээж, Парисын редакцийн хаягаар хариу явуулахыг хүслээ. Энэ нь аюулгүй мэт санагдсан юм. Тэр өдөр сэтгэлээ хоосортол түүнийг санаж гансрахдаа Таксимын ойролцоо тааралдсан бүсгүйг дэгээдэж аваад хамтдаа оройн хоолонд орохоор явсан. Зоогийн газраас гараад бүжгийн клуб орсон. Муухан бүжиглэдэг мөнөөх бүсгүйгээс холдоод хээ шаагүй армян эмэгтэйг бүжгэнд урихад гэдсээ шахан хөдөлсөөр сэрлийг нь өдөөчхөв. Бүсгүйг англи офицерээс булаах шахам бүжгэнд урихад өнөөх офицер түүнийг гудамжинд дуудсанд хоёул харанхуйд чулуун хавтантай өргөн чөлөөнд барилцаад авсан. Далайж байгаад англи эрийн шанаан дээр хоёр ч удаа дэлсээд авсан ч цаадах нь унасангүйд цөстэй эртэй учирснаа ойлгосон. Англи эр цээж рүү нь, дараа нь нүднийх нь доохон талд нударгаа буулгахад зүүн гараараа хариу нударч, сайх эр ч хүрэмнээс нь тас зуураад ханцуйг нь ханзалчхав. Тэгмэгц чих рүү нь хоёр дэлсэж холдуулан түлхээд баруун гараараа хүндхэн цохилт өглөө. Англи эр чулуу мөргөн хөл алдан унахад армян бүсгүйг дагуулаад зугтсан. Үгүй бол булан тойроод айсуй цэргийн эргүүлд баригдах байлаа. Тэр хоёр таксинд сууж, Босфорын дагуу Риммили-Хисс рүү давхиулан тойроод, цэнгэг агаарт энэ замаараа буцаж нэг аялаад амрагийн ажилд умбасан. Боловсорч гүйцсэн жимс шиг бүсгүйн бие сарнайн дэлбээ шиг торгомсог бөгөөд гарт наалдсан зөөлөн арьстай, томбогор хөхтэй аж. Унтаж байхад нь босоод явахад бүсгүй шөнийн цэнгэлдээ багагүй ядарсан харагдав. Нүд нь хөхөрч, ханцуй нь салбарсан хүрмээ сугавчилсаар тэндээсээ Пера-Палас орж билээ. Чингээд тэр шөнөдөө Анатоли руу гарч, маргааш нь хар тамхины намуу цэцэг тарьсан тал хээрийг галт тэргээр зүсэн урагшилж явлаа. Орой нь ямархан жигтэй мэдрэмж төрсөн нь өдгөө ахиад амтагдах шиг. Галын шугамд ирээд удаагүй, гажигдуу, өөрсдийгөө онох нь холгүй сум тавих Грекийн артиллерийн офицерүүдтэй давшилтад орж буй дайны талбарт дөтлөхийн хэрээр хол зам хэдий хуурмаг болохыг мэдэрсэн сэн. Бүтэлгүй грекүүдийг харсан англи цэргийн хянагч эгээтэй л хүүхэд шиг нулимс унагаж байлаа. Тэр өдөр балетынх шиг цагаан бошинз өмсөж, ээтгэр хоншоор дээр нь бөмбөлөг тогтоосон гуталтай үхсэн цэргүүдийг анх удаа харсан юм. Туркууд бөөн бөөнөөрөө давшихад бошинзтой цэргүүд тал тал тийш бутран зугтаж, офицерүүд эхэндээ өөдөөс нь гал нээсэн нь түдэлгүй өөрсдөө хандсан зүгтээ бутран сарнихад Харри англи цэргийн хянагчийн араас хөл мэдэн гүйсэн сэн. Хар хурдаараа гүйсэн болохоор цээж нь хорсон, аманд нь зэс амтагдаж, тэд хад асганы араар орж нуугдсан юм. Туркууд давшсаар л байлаа. Түүний дараа төсөөлж байгаагүй тийм тамыг ч нүдээрээ үзсэн. Түүнээс доорыг ч туулаад гарсан. Тийм болохоор Парист эргэж ирээд энэ тухай ярих ч, сонсох ч тэнхэлгүй болжээ. Парисын нэг кафений үүдээр өнгөрч явтал нөгөө америк яруу найрагч таваг дүүрэн ширээний ард сууж байсан сан. Төмс шиг, сэлхэрсэн нүүртэй, тэнэгдүү төрхтэй тэр найрагч өрөөсөн нүдний шилтэй, толгой нь үргэлж өвддөг гэх Тристан Тцара хэмээх румын эртэй дадаистуудын тухай хөөрөлдөж байлаа. Эсэн мэнд эргэж ирсэндээ хязгааргүй баяртай тэрээр эхнэртэйгээ эвлэрч, өнгөрсөн улирсныг умартан жарган суухад редакцийн хаягаар ирсэн захиаг гэрт нь хүргэж өгнө. Ингээд нэг л өглөө цайлж суугаад тэртээ өнгөрсөнд бичсэн тэвдүүхэн захианыхаа хариуг авч билээ. бичгийнх нь хэвийг таниад мөсөнд хайруулсан аятай дагжиж дугтуйтай захиаг өөр дугтуйн доогуур нуух гэсэн ч эхнэр нь “Хэнээс ирээ вэ, хонгор минь?” гэж асууснаар эвлэрч эмхэрч байсан ахуй амьдрал нь дуусгавар болсон. Урьд өмнө бүсгүйчүүдтэй өнгөрүүлсэн аятай өдрүүд, ам зөрсөн тохиолуудаа дурсан саналаа. Бүсгүйчүүд баяр жаргалтай мөчид хэрүүл өддөг нь гайхмаар. Сэтгэлд хөөр бялхан байхад хэрүүл хийдэг нь ер ямар учиртай вэ? Эхэндээ хэнийг ч гомдоохгүй гэсэндээ, сүүлдээ үүнтэй үүнгүй бичих юм мундахгүй хэмээсэндээ тэр энэ талаар нэг ч үг тавиагүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ тухай бичнэ гэсэн бодол тээсээр ирсэн. Цаасан дээр буулгаж үлдээмээр хэдий олон тохиол учраа вэ. Хорвоо дэлхий өөрчлөгдөж, хүн зон хувирахыг тэр бишгүй л ажигласан боловч тэднээс илүүтэй тэр бүр хүний хараанд өртдөггүй нарийн ширийнийг анзаарч, хоног өдөр солигдон урсахын хэрээр хүний зан хувирч байхыг хувь үзэмжээрээ дүгнэн харжээ. Биеэрээ туулж, бодитойгоор ажигласан болохоор бичих л ёстой. Гээд одоо нэгэнт оройтжээ. Эмэгтэй усанд орчхоод майхнаас гарч ирэн: Яаж байна? гэж асуухад: Дажгүй ээ гэвэл: Тэгвэл жаахан юм идээч гэхэд ард нь эвхдэг ширээ зөөж буй Моло, аяга таваг барьсан өөр нэг бой үзэгдэв. Юм бичмээр байна гэхэд нь: Шөл ууж тэнхрэх хэрэгтэй шүү дээ гэлээ. Тэртээ тэргүй өнөөдөр үхэх хүнд тэнхрэх хэрэг байна уу гэсэнд эмэгтэй: Харри, больж үз хэмээн хэгжүүрхэв. Чи үнэр мэдрэхээ больчхоо юу? Хөл бараг илжирчихсэн байхад тэр шөлөөр чинь яах юм бэ! Моло, шингэлсэн шарз аваад ир гэхэд эмэгтэй: Шөл уучих л даа, гуйж байна гэж аядуухан өгүүллээ. Заа. Аягатай шөл нь ам түлэм халуун байсанд нэлээн хутгаж хөргөөд аягаар нь хөнтөрчхөв. Чи гайхалтай бүсгүй. Намайг битгий тоо доо гэхэд эмэгтэй түүн рүү эргэж ширтлээ. “Хот, эдлэн” сэтгүүлийн хуудаснаас ширтэх танил дотнохон авч дарсанд автаж, цэнгэлд хөл алдсаных ялимгүй гундсан царай. Гэхдээ сэтгүүлийн хуудсанд эмэгтэйн сайхан хөх, бүдүүн гуя, булбарай гарыг ил гаргаж байсангүй. Нүдэнд дулаахан энхрийхэн инээмсэглэхийг нь анзаараад үхэл улам бүр дөхөхийг мэдрэв. Энэ удаад харин хуйларч исгэрсэнгүй, дэнгийн гэрлийг анивалзуулах төдий хөнгөн сэвшээд өнгөрлөө.  Ингэсгээд энэ орноос тэр мод хүртэл тор татаад, гал түлээрэй. Майханд хономооргүй байна. Илүү ажил. Сартай саруулхан шөнө болох нь. Бороо орохгүй биз гэж хэлээд Харри “Ингэж л үхдэг байх нь” хэмээн өөрөө өөртөө шивнэв. Ямартаа ч хэрүүл уруулгүй болох нь баталгаатай. Урьд нь мэдрээгүй цор ганц тэр хүч дөтлөөд ирэхэд тайван амгалан л угтах юм шүү гэж бодсон ч тэвдэж сандрахаа мэдрэх аж. Түм түмэн учралыг энэ л зангаасаа болж эвдэж сүйдэлсэн шүү дээ. Гэхдээ энэ удаа тэвдэхгүй ч юм бил үү, хэн мэдлээ.  Чи таталган бичиж чадах уу? гэж асуувал эмэгтэй: Үгүй ээ, чадахгүй гэв. Зүгээр ээ гэж хэлэхдээ Харри амжихгүйгээ ухаарсан ч арга нь олдвол аминд тулсан энэ цагт ганцхан цогцолборт бүхнээ багтаачих боломжтойг сэхээрэв. Нуурын эргээр эмжиж тогтсон уулан дээр завсар зайлхайг нь цагаан шохойгоо чигжсэн модон байшин харагдана. Үүднийх нь дэргэдэх шонд бэхэлсэн хонхыг хоолны цагаар цохино. Байшингийн араас ой модоор хүрээлэгдсэн талбай залган авна. Энэ байшингаас зогсоол хүрэх мөнгөлөг улиангар хоёр талаас нь хашин ургажээ. Хошуун дээр мөн улиангар ургана. Ойн захаар зурайх уулын жимийн хөвөөгөөр тэр бөөрөлзгөнө түүдэг сэн. Модон байшин шатахад ханан пийшингийнх нь дээр өлгөсөн буунууд бас шатаж, хүхээ нь шатаж хайлсан ишгүй гол хожмоо саван буцалгах том тогоонд шүлт болгож ашигласан бөөн үнсэн дунд хэвтэж харагдсан юм даг. Тэгэхэд өвөөгөөсөө энэ хэдэн бууны голоор тоглож болох уу гэж асуухад өвөө нь зөвшөөрөөгүй. Шинэ буу авч амжаагүй өвөөгийнх нь хувьд иш нь шатсан ч гэлээ энэ хэдэн хайлсан гол буу хэвээр асанж. Түүнээс хойш өвөө нь анд яваагүй. Шатсан буурин дээр хуучин банзаар шинэ байшин барьж шохойдсон бөгөөд тагтан дээрээс нь улиангар модод, уйтай давлагаалах нуур үзэгддэг сэн. Түймрээс хойш тэднийх буугүй болж, хуучин модон байшингийн ханан дахь бугын хөлөн өлгүүрт өлгөөтэй асан буунуудын гол аанай л бөөн үнсэн дунд хэвтсээр, хэн ч тэр төмөрт ахиж хүрээгүй билээ. Шварцвальдад дайны дараа бид тулбага үрждэг горхи түрээсэлсэнд хоёр замаар дөхөж очих боломжтой. Трибергийн саглагар ойт уулын сүүдэр туссан цагаан жимээр уруудан хөндийг туулж, уулаад өгсөх замаар өндөр байшинтай жижиг эдлэнгүүдийн дэргэдүүр явсаар горхинд тулж, загасаа барина. Эсвэл уул өөд өгсөж ойн захад хөтлөх их эгц замаар мацаж, нарсан ойг туулан байж горхинд хүрнэ. Ойгоос гарч нугаар уруудсаар горхин дээгүүр тавьсан гүүрэнд тулна. Түргэн урсгалтай, тунгалаг уст горхины эргээр хус элбэгтэй агаад үе үе үндэс нь усанд идэгдсэн моддын ойролцоо цүнхээл үүсжээ. Трибергийн буурчийн газрын эзний хувьд тэр жил ашиг орлого сайтай. Үзэмжтэй сайхан орчинд бид дорхноо нөхөрлөсөн юмдаг. Хойтон нь харин барааны үнэ өсөж, нөөсөн жаал мөнгөөрөө буурчийн газраа нээж ажиллуулах хүнсээ ч базааж чадалгүй өөрийгөө дүүжилсэн. Үүнийг таталган бичиж болох ч цэцгийн худалдагчид цэцгээ гудамжинд нь ил цагаан будаж, будаг нь явган хүний замаар автобусны зогсоол руу урсаж байсан Контрэскарп талбай, дарс, усан үзмийн өтгөн шүүсэнд үргэлж хөлчүү явах өвгөд эмгэд, хүйтэнд хамар нь чийгтсэн хүүхдүүд, бохир хөлс, ядуу тарчиг ахуй, архидан согтуурлын үнэр, доод давхрын Ball Musette[3]-ийн биеэ үнэлэгчдийн тухай буулгаад биччих аргагүй. Бүгд найрамдахчуудын армийн цэргийг умгархан өрөөндөө дайлж байсан үүдний жижүүр бүсгүй, сандал дээр тавьсан морин дэлээр хийсэн, цэрэг эрийн хөхөлтэй дуулга, хонгилын нөгөө үзүүрт суудаг дугуйчин нөхөртэй эмэгтэй, тэр өглөө сүүний мухлагт L'Auto-г эргүүлж байгаад нөхөр нь анхныхаа том тэмцээн Парис-Турын уралдаанд гуравдугаар байр эзэлснийг мэдээд хэчнээн их баярласныг нь яаж бичих вэ. Эмэгтэйн нүүр улайж инээд алдаад дараа нь уйлсан. Тэгээд спортын шар сонинг барьсан чигтээ шатаар өгсөн өрөө рүүгээ гүйчихсэн шүү дээ. Ball Musette-ийн эзэгтэйн нөхөр таксины жолооч онгоцны буудал явах ёстой өглөө хаалгыг нь тогшиж сэрээгээд хоёул аян замыг нь ерөөж хоёул баарны цайрдсан лангууны ард хундага цагаан дарс тулгасан сан. Ядуу хорооллынхоо бүх суугчдыг тэр цагт зүс таньдаг байлаа. Талбайг тойрон оршин суугчид хоёр янз. Эхнийх нь архичид, тамирчид. Архичид тарчиг амьдралаа архиар давах гэж хичээнэ. Тамирчид бэлтгэл хийж сэтгэлээ сэргээнэ. Парисын коммуныхны үр хойч болсон тэдэнд улс төр тун энгийн. Версалийн цэрэг Коммуны дараа хотыг эзлэн, эвэртэй гартай, саравчтай малгайтай, эс бөгөөс ажилчин болохыг нь илтгэсэн ямар нэгэн эд зүйлтэй болгоныг устгахад аав ээж, ах дүү, анд нөхдийг нь хэн буудсаныг тэд андахгүй мэднэ. Үгээгүй хоосон энэ хорооллын чанх эсрэгцээ байх Boucherie Chevaline[4]-ий дарсны мухлагт амьдралаа авч явах анхны хэдэн мөрөө цаасан дээр буулгасан юмдаг. Түүний хувьд үүнээс илүү дотно Парис гэж үгүй. Ярайтал ургасан саглагар модод, доороо хүрэн хавтантай шохойдсон цагаан байшингууд, дугуй талбайг зүсэн урагшлах урт ногоон автобус, цаасан цэцэгнээс явган хүний зам даган урсах үзмэн ягаан будаг, Кардинал Лемуаны гудамж руу эргэх их эгц хэвгий эрэг, эсрэг талынх нь давчуухан Муфтар гудамж. Энэ гудамж Пантеон өөд өгсдөг бол дүүрэгтээ л асфальтан хучилттай ганц гудамж болохоор дугуйтай явдаг нөгөөгийн нь хоёр талаар өндөр нарийн барилга, Поль Верлений өөд болсон хямдхан дэн буудал эгнэн байрлана. Тэднийх хоёр өрөөтэй байранд сууж, тэр өөрөө дэн буудлын дээд давхарт бас нэг жижиг өрөө хөлсөлж авсан байлаа. Сардаа 60 франкийн түрээстэй тэр өрөөндөө юм бичин суухад цонхоор нь Парисын бүх байшингийн дээвэр, яндан, дов толгод алган дээр тавьсан мэт илхэн харагддаг сан. Байрных нь цонхоор нүүрсний мухлаг үзэгдэнэ. Мухлагийн эзэн нүүрснээс гадна тааруухан дарс зарна. Boucherie Chevaline-ий үүдэн дээр өлгөсөн морины шармал толгой, алтан шаргал-улбар өнгөтэй гуяны мах дэлгэсэн лангуу, сайн, муу зүсэн зүйлийн дарстай ногоон тавиур. Мухлагийн цаанаас шохойдсон хана, айлуудын цонх залган авна. Франц маягаар согтож гудамжинд унаад ёолох хөлчүү хүний дуу шөнө дунд цуурайтахад хөрш айлууд цонхоо нээж: Цагдаа байна уу? Цаг нь болохоор алга болчихдог хачин амьтад шүү. айл хэсээд явж байгаа даа. Алив ээ, хүн байна уу? гэж хашгирдаг зантай. Тэгмэгц хэн нэг нь цонхоороо хувинтай ус цацаж, ёолох дуу ч намжихуйд: Ус цацчихав уу? Больж! Тэгвэл таарна! Болоод явчихлаа! гэсээр цонхны хавтас хаагдах чимээ гарна. Оройгоор ирж гэр цэвэрлэдэг Мари ажлын цаг багасаж найман цагтай болсонд бухимдан: Эр хүмүүс яах вэ. Зургаад тараад харих замдаа зуу татчихна. Өөрийгөө баясгачих ч сүртэй мөнгө үрэхгүй. Тавд тарахаараа л халаасаа хоосолж тасарч унатлаа уучхаад ирэх юм. Эцсийн эцэст эмэгтэйчүүд л хохироод үлдэж байна гэж гомдоллоно. Ахиад шөл уух уу? гэж эмэгтэйг асуухад: Үгүй ээ, баярлалаа. Амттай болж гэвэл: Ахиад жаахан уучих гэлээ. Хэрэггүй ээ. Тэгснээс архи, даруулга аваад ир гэхэд: Болохгүй шүү дээ гэв. Тийм ээ, тийм. Болохгүйг нь мэдээд л байна. Тэглээ гээд хүслээ яалтай гэдэг дээ. Коул Портерийн үг, ая гэсэнд эмэгтэй: Би чамаас ер нь архи харамлаж байгаагүйг чи мэднэ дээ гэж үг хаялаа. Тэгэлгүй яах вэ. Тэглээ гээд болохгүй л гэдэг хүн дээ гэж хариулахдаа Харри эхнэрээ холдмогц хүссэнээрээ, дуустал нь ууна гэж сэтгэв. Ядарсан гэж тоймгүй. Болдог бол дугхийгээд авах сан гэж бодсоор тайван хэвтэхэд үхэл дэргэд нь байсангүй. Өөр гудамж руу эргэж, дугуй унан чулуун гудмаар хосоороо чимээгүйхэн гулгаж буй биз ээ. Тийм ээ, тэр Парисын тухай бичиж байсангүй. Ямартаа ч сэтгэлд дотнохон тэр хотын тухай туурвисан юмгүй. Түүнээс гадна юун тухай бичиж амжаагүй билээ? Үржил шимт эдлэн, усалгааны шуудуугаар хоржигнон урсах тунгалаг ус, мүгваагийн мөнгөн сор, царгасын ногоохон навч юутай сайхан нүд булаам байлаа? Уул өөд өгссөн жим, зуны сар улирч намрын сар гарахад согоо шиг цочимтгой болчихдог үнээний мөөрөөн, туурайн жигд хэмтэй чимээ, намар орой уулнаас эдлэн рүү туухад хөл доороос нь босох тоос. Орой үдэш уулын шовх оргил тэнгэрийн дэвсгэрт тодрон үзэгдэхэд хөндийг тэр аяар нь гийгүүлэх сарны гэрэлтэй нарийн жимээр уруудан явсан нь одоо ч нүднээ үзэгдэнэ. Тас харанхуйд морины сүүлнээс зуурч модон дундуур харьж явснаа, тэр газрын тухай тэгж байгаад бичнэ дээ гэж цуглуулсан үүх түүхийг нэг бүрчлэн саналаа. Хөвгүүн байхад нь энэ эдлэнд хэнд ч өвс өгч болохгүй хэмээн үлдээсэн тэнэгдүүхэн ажилчин, өвс авч чадаагүйдээ түүнийг балбасан Форксын гажиг хөгшний тухай буулгана даа гэж бодсон ч чадаагүй. Хүү өвс өгөхгүй гэхэд өвгөн алганы амт ахиад үзүүлнэ дээ гэж айлгасан гэдэг. Тэгмэгц хүү гал тогоонд байсан ангийн бууг шүүрч аваад өнөөх өвгөнийг хашааны дэргэд байхад нь буудчихсан. Долоо хоногийн дараа эдлэндээ эргэж ирэхэд өвгөний хөлдөж, нохойд мэрүүлсэн цогцос малын хороонд хэвтэж байсан сан. Тэгэхэд тэр үлдэгдлийг нь хөнжлөөр ороож, чарганд тавихдаа хүүгээр хамжуулж, хоёул цана углан чаргаа 60 бээр чирсээр хот орж хүүг хотын цагдаад хүргэж өгсөн юмдаг. Гэхдээ өөрийг нь хорьчихно гэж бодоогүй. Хүний хувьд хүүд тусалж, үүргээ биелүүлсэн болохоор хорих биш харин ч шагнуулна л гэж санасан. Хүний өвсөнд шунасан өвгөнийг хүмүүс мэдээсэй гэсэндээ хүүг дагуулаад хот орсон. Цагдаа хүүг гавлахад хүү нүдэндээ итгэж чадахгүй байж билээ. Тэгээд цурхиртал уйлсан. Тэр тухай Харри хожмоо бичнэ дээ л гэж бодсоор явсан. Наанадаж тэр эдлэнгийн тухай хориод өгүүллэг биччих боломж байсан ч гараас нь ганц ч гараагүй нь л үнэн. Яагаад гарсангүй вэ? Яагаад гэдгийг хэн мэдэх вэ гэсээр санаа алдвал эмэгтэй: Юм хэлэв үү? хэмээн хариу асуувал: Хэлээгүй ээ гэж булзааруулаад өнгөрөв. Эмэгтэй түүнийг өөрийн болгоод уухаа багасгажээ. Харри мэнд буцлаа ч эхнэрийнхээ тухай бичихгүйгээ баттай мэдэж байлаа. Өөр хүмүүсийн тухай ч бичихгүй нь лав. Баян чинээлэг хүмүүс дэндүү уйтгартай. Архи дарсанд автаж, триктракт толгой мэдүүлсэн улс. Нэг хэвэнд цутгачихсан аятай ялгарах юмгүй гунигтай хүмүүс. Хөөрхий Скотт Фицжэральдыг саналаа. Хүмүүс түүнийг бишрэн шүтэж байсныг, “Баячууд биднээс ондоо” гэж эхэлсэн өгүүллэг бичсэнийг нь бодлоо. Тэгэхэд хэн ч билээ Фицжэральдад “Зөв хө, тэд биднийг бодвол их мөнгөтэй” гэж хэлсэн юмдаг. Гэхдээ Фицжэральд энэ үгийн ёжилж ёгтолсон утгыг ухаж ойлгоогүй. Чинээлэг хүмүүсийг чанд нууцын манан буданд автсан онцгой бүлэг гэж сэтгээд эндүүрснээ ойлгохдоо эгээтэй л цочих нь халаг болж билээ.  Амьдралын өрөгт ялагдаж сөхөрсөн хүмүүсийг тэр үздэггүй. Өөрөөр бол бүхнийг нэвт шувт хардаг болохоор хөл алдсан удаагүй. Ер юу ч тохиолдсон нугаралгүй даваад гарна гэж өөрийгөө сэтгэнэ. Хамгийн гол нь ямар ч нөхцөлд толгой мэдүүлж болохгүй л гэж бодно.  Тийм ээ. Одоо бол тэр үхлийг сөрөн үл тоож байна. Түүний хувьд айдаг ганц юм нь өвдөх. Эр хүн болохоор өвдөлтийг тэсэх ч удаан хугацаанд янгинан хамаг хүчийг нь барж цуцааж буй энэ өвдөлд ээ мөн бэрх аж. Гэвч тэсэхгүй нь гэж санахад өвдөх нь багасах шиг болов.  Эртээ цагт тохиосон нэг явдлыг эргэн саналаа. Артиллерийн офицер Вильямсон шөнө дүлээр өргөст тор давж байгаад Германы харуулын байрнаас шидсэн гар бөмбөгөнд шархдаж “Намайг алаад өгөөч!” гэж хашгиран гуйж байлаа. Махлаг тарган биетэй, цөс ихтэй Вильямсон олноос онцгойрох дуртай ч жинхэнэ эр цэрэг. Гар бөмбөгөнд өртсөн тэр шөнө өргөст торон дээр дүүжлэгдсэн түүний гэдэс дотор цувж унжсан байсанд торноос амьдаар нь буулгаж авсан хүмүүс арга буюу гэдэс дотрыг нь хутгаар тайрсан юм. “Hарри, намайг буудчих! Гуйж байна, буудчих!” хэмээх Вильямсоны үг одоо ч тархинд цуурайтсаар. Бурхан хүнд даахын хэрээр зовлон илгээдэг болохоор цаг нь болсон хүн өвчиндөө дийлдэн үхдэг гэж үздэг хүн бий. Гэлээ ч тэр шөнө Вильямсонд өвчинд дийлдээгүйг тэр өдий хүртэл мартаж чадаагүй л явна. Өөртөө хадгалж байсан морфиноо бүгдийг нь өгсөн ч тэр дороо үйлчлээгүй юмдаг. Гэвч өдгөө өрнөж буй бүхэн огтхон ч аймшигтай бус. Эндээс дордохгүй бол айж цэрвэх явдалгүй юмсанж. Гэхдээ болдог бол өөр хүмүүсийн дэргэд байх сан.  Энэхэн мөчид хажууд минь байгаасай гэж хүссэн хүмүүсээ саналаа. Аливааг дэндүү удаан, дэндүү оройтож үйлдэхэд дэргэд чинь хүн үлдэнэ гэдэгт итгэлтгүй. Хүмүүс явчихсан. Хүлээн авалт өндөрлөж, гэрийн эзэгтэй л гэрт үлджээ.  “Бүхнээс залхсан шиг үхлээс ч залхах юм даа” гэж санаад: Залхлаа гэж өгүүлэхэд эмэгтэй: Юунаас залхаа вэ, хонгор минь гэж асуув. Харри: Удаан үргэлжилсэн бүхнээс залхаж байна гээд түүнийг ширтлээ. Түүдгийн дэргэд эвхмэл сандлын түшлэг налан суух эмэгтэйн нүүрэн дээрх нүдэнд дулаахан үрчлээнүүд галын гэрэлд тодроход тэрээр нойрмоглож буй нь илт. Гэрлэн тойрогт дөхсөн цөөвөр улина. Би юм бичдэг байсан. Юм бичих хэцүү гэвэл эмэгтэй: Унтаж чадах нь уу? гэж асуулаа. Чадна аа. Чи унтаж амрахгүй яагаа вэ? гэхэд: Чамтай суумаар санагдаад гэв. Ямар нэг юм мэдрэхгүй байна уу? гэсэнд: Үгүй ээ. Унтмаар л байна гэлээ. Би харин мэдэрч байна гэж хэлэхдээ Харри хажуухнаас нь гарсан үхлийн алхааг ахиад нэг сонсжээ. – Сониуч зан гэж салж өгөхгүй хачин юм даа. Үхэх гэж байхад үлдсэн нь тэр л юм гэхэд: Үлдээд байхдаа яах вэ дээ. Үхнэ хатна гэж ярихаа болиоч гэж зэмлэсэнд: Бурхан минь, эмэгтэй хүнийг яая даа. Эм хүний зөн совин гэдэг нь тэгээд энэ үү? гэж дуу алдахад үхэл дөхөн ирж, орных нь хөлд дэрлэн хэвтээд, амьсгаа нь нүүрэн дээр мэдрэгдэж, Харри өөрийн эрхгүй, - Үхэл хүмүүсийн зурдаг шиг гавал, хадуур барьж явдаг юм биш. Дугуй унасан хоёр цагдаа, шувууны дүрээр ч үзэгдэнэ. Цөөвөр чоно шиг налчийсан хамартай ч байж мэднэ гэж өгүүлэв. Энэ мөчид үхэл улам дөхлөө. Үзэгдэх хэлбэргүй, баригдах дүрсгүй тэрээр орон зайн нэгээхэн хэсгийг эзлэн оршино. Яв гэж хэлээч гэсэн ч үхэл явсангүй улам дөхөв. – Яасан ч өмхий юм бэ, ялзарсан амьтан ч бол доо гэж шивнэхэд үхэл улам ойртож үг дуугарах сөхөөгүй боллоо. Харри ам нээх тэнхэлгүй болсонд үхэл бүр ч ойртов. Чимээгүйхэн хөөчихье гэж хичээсэн ч үхэл өөдөө мацсаар, цээжин дээр нь даран хамаг хөдөлгөөнийг нь боож, ангайх ч аргагүй болгоод хэвтчихэв. Тэгтэл: Бвана унтчихлаа. Ортой нь болгоомжтой өргөөд майханд оруулчих гэх эмэгтэйн дуу чихэнд хүрлээ.  Үхлийг хөөгөөч гэж хэлж чадахгүй болтлоо амьсгаагаа боолгож, амаа үдүүлсэн Харриг ортой нь өргөхөд өвчин арилж, цээжин дээр дараад байсан хүнд юм алга болчхов.  Өглөө болж, нар хөөрсөөр тэнгэрийн тэг дунд морилон саатах ахуйд онгоцны хүнгэнээн дуулдлаа. Тэнгэрийн хаяанаа цэг төдий үзэгдсэн онгоц тойрон нисэхэд бой нар угтан гүйж, овоолсон гишүүн дээр керосин асгаж шатаагаад дээр нь өвс нэмсэнд тэгшхэн талбайн хоёр талаар их гал асаж, өглөөний салхи галыг бадруулан утааг нь буудал руу хийсгэв. Онгоц арай доошлон дээгүүр нь хоёр тойроод тэгшхэн талбай дээр зөөлөн газардлаа. Өргөн өмдтэй, хилэн хүрэмтэй, хүрэн сийрсэн малгай духдуулсан хуучны танил Комтон нь майхан руу алхаж явна.  Анд минь, юу болоо вэ? гэж асуухад нь: Энэ хөл л... Та нар цай ууж, юм идээч гэвэл: Зүгээр дээ. Цай л ууя. Эрвээхэйгээ унаад ирсэн болохоор мемсаибыг аваад явж чадахгүй нь. Ганцхан суудалтай шүү дээ. Машин чинь наашаа гарсан гэсэнд Эллен түүнийг дуудаж хэдэн үг солив.  Төдхөн их л хөөртэй эргэж ирсэн Комтон: Одоохон таныг суулгаадхая. Эргэж ирээд мемсаибыг авна аа. Алив, хөдөлцгөөе. Арушад шатахуун авах гэж буух байх гэвэл Харри: Цай уугаач гэсэнд: Зүгээр ээ гэсээр бой нарыг шалавлуулан Харриг ортой нь өргөж, хэд хэдэн ногоон майхан хатгасан буудлаас холдон хадны хажуугаар хөндийг зүсэн, өвс нь шатсан тул утаагүй улалзах хоёр эгнээ түүдэг галын дундуур жижиг онгоцонд хүргэлээ. Түүнийг онгоцонд суулгах гэж нэлээн ажил болсон ч оруулсан хойно нь Харри арьсан зөөлөвчтэй суудлын түшлэгийг тухтайхан налж авав. Хөлийг нь өргөөд, урд талын Комтоны суудал дээр байрлуулжээ. Комтон хөдөлгүүрээ асаагаад кабинд сууж Эллен, бой нартай гар даллан салах ёс гүйцэтгээд, хөдөлгүүрийн дуу жигдэрмэгц онгоцоо эргүүлж, бодонгийн ухсан нүхнүүдийг тойрон гүйлт дундаа ялимгүй үсэрсхийсээр хоёр эгнээ түүдгийн дундуур хурдлан түлхэлт авч агаарт хөөрлөө. Үлдсэн хэд нь доороос даллах нь үзэгдэнэ. Толгодын бэлд хатгасан майхнууд газартай тэгширсэн аятай, тал хөндий тавиран уужрахад мод бут цэг төдий болж, ширгэсэн цөөрөм өөд хөтлөх амьтдын жим нарийхан утас аятай сунайна. Тэрүүхэнд түүний очиж үзээгүй нэгэн цөөрөм байна. Дээрээс харахад зуйван хэлбэртэй алаг тахь, толгойг нь хажуу бөөрөнд нь залгаад тавьчихсан аятай, толбо шиг зээрийн сүрэг хөндийгөөр ар араасаа цуван, гарын таван хуруу лугаа адил салаалсан хэд хэдэн гинжин хэлхээ үүсгэн уул өөд мацаж байх шиг. Онгоцны сүүдэр дээр нь тусахад зээрийн сүрэг цочиж үргэн тал тал тийш зайлав. Жижигхэн цэг төдий болсон амьтдыг цахилан зугтаж яваа гэж хэлэмгүй. Уудам хөндий тэнгэрийн хаяа тийш сааралтан шаргалтаж, урдхан талд нь Комтигийн хамбан хүрэм, сийрсэн малгай үзэгдэнэ. Зээрийн сүрэг жим даган мацах залгаа толгод, гүн ногоон ойгоор өвч бүрхэгдсэн, битүү хулстай их эгц хажуутай уул нурууд, уулын оргил, харанхуй хавцалтай нь бат гагнагдсан мэт ширэнгэ ойн дээгүүр нисээд, даваан дээгүүр өнгөрөхөд уулс мэдэгдэхүйц намсаж, аагим халуунд шатсан ягаан саарал уужим хөндий залган авлаа. Халсан агаарын урсгалд жижиг онгоц дайвалзахуйд Комти санаа зовсон шинжтэй эргэж харав. Өмнө нь ахиад л өндөр уулс бараантана.  Тэгтэл Комти Аруша руу эргэсэнгүй, шатахуун хүрнэ гэж тооцсон бололтой, харцаа доошлуулан газрын гадаргуугаас төдий л өндөрт биш анхны цас аятай хийсэн сарних хөвөн ягаан үүлсийг ажиглан харав. Өмнө зүгээс нүүж буй царцаа юмсанж тэр үүл. Төдхөн онгоц өндөр авч, зүүнийг барин нисэх шиг боллоо. Тэгээд гэнэтхэн харанхуй нөмрөв. Аадрын үүлэн дунд нисээд орчихсон нь тэр байжээ. Хүрхрээн дундуур нисэх шиг, хаашаа л харна аадар цутгана. Үүлэн дундаас гарахад Комти эргэж хараад инээмсэглэн урагшаа зангахад тэр зүгт тэнгэрийн уудмыг эзэгнэн ноёлсон асар өндөр, алтан наран доор цасан цагаанаар гялтганан гялалзаж харах орчныг бүрэн эзэлсэн Килиманжарогийн ам дөрвөлжин орой тодрон үзэгдлээ. Тэрүүхэн мөчид эцсийн зогсоол нь энд байгааг тэр ухамсарлан ойлгов.  Яг энүүхэн мөчид харанхуйд цөөвөр улихаа больж, хүнийх гэмээр хачин сонин дуу авиа гарган гиншлээ. Эмэгтэй энэ чимээнээр орон дээрээ хөрвөөсөн ч сэрсэнгүй. Лонг-Айлендын гэрт охин нь анх удаа олны дунд орж байгаа үдшийг зүүдлэн байлаа. Охины аав хажууханд байх агаад ширүүн үг хэлж харагдах юм. Тэгмэгц цөөвөр чангаар улихад нэг мөр сэрсэн ч чухам хаана байгаагаа үл мэдэн айн цочив. Халаасны гар чийдэнгээ авч, унтмагц нь ортой нь өргөж майханд оруулсан Харри руу тусгалаа. Харри шумуулны торон дотор унтах ч торноос гаргасан хөл нь орноос унжиж, боолт нь мултраад уначихсанд харахаас нэг л эмээнэ. Эмэгтэй: Моло, Моло, Моло! Харри, Харри! гэж хашгираад улмаар, - Харри! Бурхан минь! хэмээн орилоход хариугүй, ханийн нь амьсгаа ч үл дуулдана. Гадаа цөөвөр хачин авиа гарган улин гиншсээр авч эмэгтэйн чихэнд зүрхнийх нь дэлсэх чимээ л цуурайтна. Орчуулсан: Б.Гэрлээ /baabar.mn/ [1] Уушийн газар (герман) [2] Сохроор (франц) [3] Бүжгийн хямдхан клуб [4] “Адууны махны худалдаа” гэсэн утгатай үг.
https://www.inews.mn/a/33101
Аугаа Тина Тернер тэнгэрт халилаа
2023/05/25
Урлаг
Тина Тернер 1950-иад оноос Рок-н-Роллын од болон гэрэлтэн гийгүүлж, унан  харваж явсаар өөрийн урт карьераа жинхэнэ хатан хаанаар төгсгөлөө.  "Түүний тайзны дүр, хүчирхэг эрч хүч нь онгодыг минь хөглөдөг байлаа" гэж Мик Жаггер өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Сүүлийн жилүүдэд талийгаач хүнд өвчинтэй тэмцэлдэж байв. Тэрээр 2023 оны тавдугаар сарын 24-нд, амьдралынхаа 83 дэх жилдээ хорвоог орхин одлоо. ХХ зууны дэлхийн гол оддын нэг Тина Тернерийн намтраас эргэн дурсахуй. Мөрөөдлийнхөө хойноос... Анна Мэй Баллок 1939 оны арваннэгдүгээр сарын 26-нд Америкийн өмнөд хэсгийн Теннесси мужийн Натбуш сууринаа тариалангийн талбайн ядуу зарцын гэр бүлд хорвоотой учирчээ. Багаасаа л эцэг, эхийн хамт хөвөн хурааж байв. Түүний хүүхэд ахуй цагийн хамгийн тааламжтай дурсамж нь хөгжимтэй холбоотой. Сүмийн найрал дуунд жижигхэн Анна дуулж байв. Сент-Луисийн эмнэлэгт асрагч хийж байсан 18 насандаа бүсгүй анх удаагаа тухайн цагтаа алдаршиж байсан Ритм & Блюзын Айк Тернерын Kings of Rhythm хамтлагийг үзээд өөрийн тавилангаа оллоо гэж боджээ.  "Би эмнэлэгт ажиллаж, дуулж чаддаг байв. Тэгээд л дуулахыг хүсч байлаа" гэж хожим тэр өөрийн дурсамжинд өгүүлсэн байдаг. Харин Тернер залуу бүсгүйд хамтлагт нэгдэх боломж олгох хүсэлтийг тоогоогүй байна. Бүсгүй хамтлагийн саксфончин Рэймонд Хиллтэй уулздаг байгаад ч тусыг эс олов. Төд удалгүй "You Know I Love You" дууг бүсгүй дуулж буйг сонсоод Айк Тернер бодлоо өөрчлөв. Тэр бүсгүйг өөрийн ивээлд авсан төдийгүй түүний тайзны дүрийг бүтээж шинэ нэр өгчээ. Ингэж Тина Тернер (ашигч Айк нэрийг нь барааны тэмдэг болгон мэдээжээр өөртөө авсан) гарч иржээ. Удалгүй Тина дурламтгай Айкийн найм дахь эхнэр нь болов. Нийтдээ Айк 11 удаа албан ёсоор гэрлэсэн түүхтэй. Эхлээд аз жаргал үүлгүй тэнгэр мэт. "Айк, Тина Тернер хоёрын Ревю" Америкаар хэрэн хэсэж танхим түүрэн үзэгчдийг цуглуулж байв. Айк Тернерын бүтээсэн эхнэрийнх нь дүр танхимыг хөөргөж, чочоож байлаа. Тэр үед мкрофон барьсан эмэгтэй урт хамаг биеийг хаасан даашинзтайгаар тайзнаа гарах ёстой байж. Харин Тина бол огт өөр. Гоолиг, урт хөлтэй, Шинагийн комиксийн ширэнгэн ойн баатруудынх шиг эротик, биеэ хаасан төдий  хачирхалтай хувцастай байлаа. Айк, Тина хоёрын хослол жараад оны хувьд хөгжмийн цоо шинэ үзэгдэл болсон юм. Айк түүнийгээ "хар вокалтай цагаан хөгжим" гэж тодорхойлсон байдаг. Удалгүй тэдний нэр алдар далайг даван Европт нэвтэрлээ. Хөвөнгийн талбайн охин зөвхөн мөрөөдөж чадах алдар нэрийн оргилд жараад оны сүүлчээр хүрсэн байв. Далд нулимас... "Айк, Тина Тернер хоёрын Ревю" гэх дандаа амжилттай концертуудын хөшигний ард юу болж байсныг үзэгчид хэрхэн мэдэх билээ. Гэтэл тэдний амьдрал цэлмэг тэнгэр шиг байгаагүй. Айк архи ууж, хар тамхи татаж, эхнэрийнхээ араар баруун зүүнгүй зугаална. Удалгүй тэр эхнэртээ тогтмол нударганы амт үзүүлэх болов. Тэр өөрийн бүтээсэн тайзны дүрээ хүнтэтгэн үздэггүй байжээ. Жишээ татахад, Тина төрөхөд тэр тайзнаа урд өдөр нь зугаацсан хөнгөмсөг эмэгтэйг гаргаж байлаа. Ингээд Тина хамтлагаас гарлаа гэж хэлэхэд тэр шаахайн модон хэвээр түүнийг зоджээ. "Надаар мөнгө олж болно гэдгээ ойлгосоны дараа нь Айк бид хоёрын холбоо явуургүй болсон" гэж 2018 онд хэвлэгдсэн өөрийн намтарт өгүүлжээ. Гэр бүлийн хүчирхийллийг тэвчих аргагүй болоод Тина 1968 онд амиа  егүүтгэх гэж оролдсон юм. Гэхдээ Айктай дахиад л урт хугацааны найман жилийг хамт өнгөрүүллээ. Даллесийн зочид буудалд 1976 онд ээлжит  өөдгүй дуулиан гаргасных нь дараа Тина халаасандаа хэдхэн центтэйгээр эргэж буцалтгүйгээр явжээ. Шүүхээр нэлээдгүй зууралдаж байж, тэр тайзны нэрээ авч хоёр машинтай үлджээ. "Айк тэр нь надад хангалтай гэдгийг мэдэж байсан учир миний эсрэг чадлаараа л  үзэлцсэн юм" хожим дуучин бүсгүй ярьсан байдаг. Ер нь бол салсныхаа дараа дөч дөхсөн түүнд итгэл ихээхэн суларсан байв. Тэр ганцаараа гоцлол хийж байгаагүй ер нь хөгжмийн аж үйлдвэрийн зохион байгуулалтыг төдийлөн сайн мэдэхгүй байлаа. Гэхдээ Тина ухарч сураагүй нэгэн. Тина Тернер хоёр ч гоцлолын цомог гаргаж, The Who рок дууриар хийсэн Кен Расселийн "Томми" гэдэг алдартай киноны Хүчлийн хатан хааны дүрийг бүтээж байв. Гэтэл цомгууд гүйлгээ муутай, танхим дүүрэхгүй, түүний өмнө дуучдын хувьд тэтгэвэрийнх болох 40 нас ирээд байв. Далаад онуудын тайз залуучуудынх байв. Хуучин алдар нэрээ сэргээх боломж нэг болж өгөхгүй мэт байлаа. Тэр нэг биш удаа бууж өгдөг хүн биш гэдээ харуулж байсан шургуу хүн. Тэр нь дахиад батлагдав. Өөрийн замаар... Тина Тернер 1984 онд Private Dancer цомгоо гаргав. Цомгийн гол дууг тэр үед оргилдоо явсан Dire Straits хамтлагийн лидер Марк Нопфлер Тернерт зориулан бичжээ. Тэр нь 100 хувийн онолт болов. Тэр үед 45 хүрсэн дуучин эмэгтэй тайзнаа эргэн ирж, экс нөхрийн хамт дуулж байснаасаа ч илүү алдаршив. Зохиомж нь Billboard Hot 100 чартын долоод, Ритм & Блюз  шилдэг дуунуудын гуравт оров. Тина Тернер дахиад л од болжээ. Түүнтэй хамт дуулахаар рокын “мангасууд”: Мик Жаггер, Дэвид Боуи, Род Стюарт... дараалалд зогсчээ. Рок-н-Роллын олон улсын мега од статусаа эргүүлэн авав.  Тэрээр дэлхий даяар л дээд амжилтыг харуулж байлаа. Рио-де-Жанейро хотын "Маракана" цэнгэлдэхэд Тернерын тоглолт 180 мянган үзэгчдийг  цуглуулан дэлхийн хамгийн үнэтэй концертуудын жагсаалтын зургаад бичигдэв. Ерээд оны дундуур "Европын зарим орнуудад намайг The Rolling Stones-оос илүү үзэж байна" хэмээн тэр их тааламжтайгаар  ярьж байж. Тэр нь хоосон магтаал биш, тэр үеэр Мик Жаггер дуучинаас онгодоо авдаг гэж хэлж байсан юм. Харин Айк Тернер тэр үеэр улам улам доошилсоор байв. Хар тамхины хэргээр хэд хэд суугаад авсны дараа тэр Тинад хандан дахин хамтрах санал тавьсан. Тина татгалзав. "Би лавтайяа түүнийг өршөөх байв. Гэхдээ тэр хүнтэй дахин хэзээ ч хамтрахыг үл хүснэ" гэж Тина хэлж байлаа. Дуучны амьд концерт хамгийн сүүлд 2009 онд тоглогджээ. Тэрээр 2016 онд зүрхний шигдээс болсон ба 2017 онд бүдүүн гэдэсний хорт хавдартай гэж оношлогджээ. Дахиад жилийн дараа бөөр суулгуулав. Түүний хоёр дахь нөхөр Эрвин Бах бөөрний донор нь болж байв. Эдгээр он жилүүдэд тайзнаа өч төчнөөн одод гарч ирсэн ч хэн нь ч Тинатай эн зэрэгцсэнгүй. Тина хөгжмийн 12 удаагийн Грэмми шагналын эзэн, Холливудын Алдрын гудамжинд өөрийн одтой, Францын Хүндэт иргэн одонтон, Рок-н-Ролл, Соул, Блюз хөгжмийн хатан хаан, дэлхийн хамгийн хүслэн болсон эмэгтэй. Аугаа түүхт дуучин Швейцарь дахь өөрийн гэртээ 83 насандаа таалал төгслөө. Гэхдээ тэр Рок-н-Роллын номнолын дагуу үргэлж мөнхийн залуугаар үлдэнэ. М.ЦОГТ
https://www.inews.mn/a/32686
Сонгодог урлагийн ханхүү Б.Анарын үдэш
2023/05/23
Урлаг
Жинлүүрийн нэг талд урлагийнхан жагсаж нөгөө талд сонгодог урлагийнхан дэлхийн сонгодог хөгжмүүдийг эгшиглүүлснээрээ “VIENNA classical music concert” өвөрмөц байлаа. Амаргүй долоо хоногийн амттай төгсгөл, амттай үдэш. Бороо шивэрсэн, өдөр нь цасаар шуурсан өвөрмөц бямба гариг. Улсын Филармонид Австрийн хөгжмийн зохиолчдын дэлхийд шагшигдсан тансаг хөгжмүүд эгшиглэлээ. Үүднээс авахуулаад дарсны хундага эгнэж “Silk Road”-ийн ихэмсэг тавилт бүхий босоо хүлээн авалтын ширээ угтлаа. Үзэгчид голдуу хар өнгөөр хувцасласан байна. Ер нь хар бол сонгодог өнгө. Сурталчилгааны зар дээр удирдаач Б.Анарын зураг байхгүй, зөвхөн нэр нь байхад л филармонийн даруухан пэйж хандалтаар хахсан харагдсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд “The Man of Legends” тоглолтоо тавьсан түүний талаарх шуугиан намжаагүй байна гэсэн үг. Магадгүй, түүнээс болж Палас дүүрэх ч юм билүү. Тэр ойрын 10 жил төрөөгүй сонирхолтой фигур чадварлаг удирдаач. Орос, Монголгүй хөгжмийн боловсрол эзэмшиж 27 насандаа удирдаач болсон залуу, ОХУ-ын Екатеринбургийн хөгжмийн дунд сургууль, Украины Киевийн Хүүхдийн урлагийн академи, СУИС, сүүлд ОХУ-ын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторид тус тус суралцсан. Энэ үдэш өөрөө хөтлөгч хийж байх юм. Тоглох хөгжмүүдээ тайлбарлан удирдаач нь өөрөө ярихаар үзэгчдэд их ойр бууж байлаа. Хамгийн сонирхолтой нь “30 минутын турш алга ташилгүй сонсоорой. Би амьсгаагаа удаан авбал 30, арай хурдан авбал 27,28 минутанд тоглож дуусна” гэдэг байгаа. Юу вэ, алга таш л гэдгээс битгий ташаарай гэж хэлдэг урлагийн хүн анх удаа л харж байна. Бид ч амьсгаа дарсан. Би угаасаа 20 хачиртай хоолны газар гэвэл хачрыг нь тоолох дуртай хэ хэ. Нягталж шалгах хоббитой эсвэл сониуч ч гэх юм уу, угаас сэтгүүлчийн зан тэр. Яг л хэлсэн минутаараа тоглосон. Тэгээд Б.Анар биднийг алгаа таш гэвэл ташиж, бос гэвэл босож түүнийг инээхээр дагаж инээмсэглэж байлаа. Б.Анарын үзэгчид бас яг өөртэй нь төстэй юм. Түүнийг танихгүй хүн бол балетчин гэж харахаар имижтэй донжтой залуу юм. Зогсолт цэх. Үзэгчид бас цэх сууж байна, утсаа ухахгүй байна, энд тэнд элбэг тохиолддог гялгар уут урж тасдах шажигнуулах бүдүүлэг чимээ алга. Уран бүтээлч ямар байна, үзэгчид тийм л байна. Бод бод, эрхэм Янжинлхамын хүүхдүүд урлагийнхан минь. Тоглолтын төгсгөлд тайзны од тэнгэрийн амьтан газарт бууж ирлээ. Зураг авахуулъя гэсэн бүх хүмүүстэй зургаа авахуулж байна. Эелдэг юмаа. Түүний энэ жилийн төлөвлөгөөт тоглолтууд үүгээр өндөрлөж байгаа гэхээр харамсалтай санагдлаа. Хүлээх нь байна, бид. Арай удаан, арай олон гоё хөгжим тоглоосой. Юм ховор тусмаа чамин, амттай. Сонгодог урлаг яг л ийм хэмжээнд байх ёстой байх л даа. Баярлалаа Б.Анар аа, браво Б.Анар аа! Б.Ундрал
https://www.inews.mn/a/32644
Рембрандтын өмнө дэлгэгдэж байгаагүй хоёр зургийг хувийн цуглуулгаас олжээ
2023/05/19
Урлаг
Нидерландын зураач Рембрандт Харменс ван Рейны хоёр зургийг хувийн цуглуулгад байсныг 200 жилийн дараа оллоо гэж Financial Times сонин мэдээлжээ. Зургуудад зураачийн танил Ян Виллемс ван дер Плуйм түүний эхнэр Яапген Карелс хоёр зурагдсан гэж таамаглаж байна. Энэ  зургуудыг 1824 онд дуудлага худалдаанаас худалдан авч, гэр бүлийнхээ өвөг дээдсийн цуглуулгад хадгалж байжээ. Christie’s ордны шинжээчид зургуудыг үнэлэх ажилтай байхдаа тухайн зургуудыг олсон ба эхлээд түүндээ итгээгүй байна. Өмнө нь зургуудыг нийтэд үзүүлж, урлаг судлаачид тэдэнтэй танилцаагүй байснаас л тэр аж. Зургуудыг шинжилгээнд өгөөд эх зураг гэдгийг тогтоосны дараа $5-8 сая доллараар үнэлээд байна. Рембрандт Харменс ван Рейн нь нидерландын зураач, барлагч, гэрэл сүүдрийн мастер, Голландын уран зургийн алтан зууны томоохон төлөөлөгч юм. Түүнийг "Доктор Тульпын анатомийн хичээл" зураг нь 1632 онд алдаршуулжээ. Мөн хамгийн алдартай зургууд нь "Шөнийн эргүүл" (1462), "Даная" (1636 - 1643), "Замаа алдсан тэнэмэл хүүгийн эргэн ирсэн нь" (1669), "Хоёр тойргийн өмнө байгаа өөрийн хөрөг" (1667) юм.  М.ЦОГТ
https://www.inews.mn/a/32580
Монголын шилдэг уран зургийн тусгай үзэсгэлэн Орхон аймагт анх удаа дэлгэгдэнэ
2023/05/07
Урлаг
Монголын Уран Зургийн Галерей нь соёл урлагийн үйлчилгээг хөдөө орон нутагт хүртээмжтэй түгээх, соёлын өвийг сурталчилах, ард иргэдийг урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх зорилгоор Орхон аймагт тусгай үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. "Соёлын сэргэлт-2023" аяны хүрээнд Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа”, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Зураач, Төрийн Соёрхолт Н.Цүлтэмийн “Талын айл” болон та бүхний сайн мэдэх Ардын зураач, төрийн хошой шагналт, угз О.Цэвэгжавын “Эмнэг сургагч”, Д.Амгалан “Жаахан шаргын нутаг”, Ё.Өлзийхутаг “Эх нутгийн эзэд” зэрэг монголын дүрслэх урлагийн 30 орчим сор бүтээлийг дээжлэн “Монголын шилдэг уран зургууд” тусгай үзэсгэлэнг толилуулна. "Соёлын сэргэлт-2023” аяны нээлт 2023 оны тавдугаар сарын 10-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Уурхайчин” соёлын ордонд болно. Нээлтийн арга хэмжээнд Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Чингис хааны ёс суртахуун ба монголын үнэт зүйл” сэдэвт лекц уншиж, алдарт “Дэлхий” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт тоглогдох юм. “Монголын урлагийн хосгүй бүтээлүүд” тусгай үзэсгэлэн 2023 оны тавдугаар сарын 10-15-ны хооронд Хүүхэд, залуучуудын театрт дэлгэгдэнэ. Мөн Орхон аймагт зохион байгуулагдах "Соёлын сэргэлт-2023" аяны үеэр тусгай үзэсгэлэнгээс гадна соёл, олон нийтийн хөтөлбөр, урлаг, соён гэгээрлийн лекц, чадавхжуулах сургалтууд зохион байгуулагдана.
https://www.inews.mn/a/32394
НЭГЭН ЗУРГИЙН ТҮҮХ: Ухуулагчийн онигоо
2023/04/25
Урлаг
"Запорожийн казакууд" Зотон, тос, Бүтээгдсэн он: 1878-1891 хооронд, /Одоо Оросын улсын музейд (Санкт-Петербург) хадаглагдаж байгаа/ Туркийн султан казакуудын домогт "захиа" гэдгийг хэзээ ч авч байсангүй. Илья Репин "Запорожийн казакууд" зургаа бүтээж байхдаа үүнийг мэдэж байсан юм. Зураачийн хувьд баталгаатай баримтаас илүүтэйгээр уур амьсгал нь чухал байж... "Чи Туркийн шайтан (исламын шашинд чөтгөр шулам), хараал идсэн чөтгөрийн дүү ба нөгөө люциперийн (христийн домгоор хорлолт мангас) дээд тэнгэрт үйлчилдэг яллагч юм. Дээд тэнгэр бурханд үйлчилдэг сахиусан тэнгэрүүдийн адил эрхтэй ч тэдэн шиг эрх чөлөөгүй нарийн бичгийн дарга..." Дараалаад улам бүр зүйгүй хараалууд…энэ Запорожийн казакуудын хээрийн цэргийн дипломатын шилдэг аман зохиолыг урлагийг ивээн тэтгэгч Савва Мамонтовын эдлэнд 1878 оны нэгэн орой ярьж эзэд, зочдыг нь инээлгэн баясуулжээ. Илья Репин ч элгээ хөшөөж байв. Зураач тэр захидлыг анх удаагаа сонсоогүй. Энэ тухайгаа "Малороссия-д бичээч бүр энэ онигооны жагсаалттай" гэж бичсэн байдаг. Домгоор бол, султан IV Мехмед запоражчуудад халдлагаа зогсоо гэж тушаажээ. Тэд хариуд нь баахан доромжлолтой хариу бичжээ. Гэхдээ түүхчид тэдний хоорондын захидлыг бодит түүхэн үйл явдал гэж үздэггүй. Османтай Орос сөргөлдөж байх цагаар энэ улс төрийн гэхээр шог Орос, Украины нутагт тархжээ. Османы эзэнт улсад славян түмнийг хавчин шахаж байснаас гарсан Орос-Туркийн дайн 1878 онд дуусав. Ялалтад хөөрсөн сэтгэл нь Репиныг өргөн цар хүрээтэй зургаа бүтээхэд нь түлхжээ. 1. Бичээч.  Украины түүхч Дмитрий Яворницкий (1917 он хүртэл түүний овгийг Эварницкий гэж бичиж ирэв) запоражийн казакуудын талаар зураачид зөвлөсөн төдийгүй зургийн энэ баатрын модель болжээ. Олны өмнө өөрийгөө товойлгоод байдаггүй эрдэмтэн арай гэж зуруулахаар зөвшөөрчээ. Мөн тэр урланд ирэх замдаа даарч их баргар байсан гэдэг. Репин шог зурагтай сэтгүүл бариулж байж түүнийг хөгжөөж чадсан байна. 2. Иван Серко.  Энэ кошевой нарын атаман захидлын зарим хувилбарыг зохиосон гэдэг. Репин түүнийг 1877–1878 онуудын Орос-Туркийн дайны баатар, армидаа хурц шогч байсан гэгдэх, Киевын цэргийн тойргийн командлагч генерал Михаил Драгомироваас харан зуржээ. Ярих нь Драгомиров нэг удаа III Александр хааны төрсөн өдрөөр баяр хүргэхээ мартаад хоёр өдрийн дараа "Гурав дахь өдрөө эрхэм дээдэс таны эрүүл мэндийн төлөө ууж байна" гэсэн цахилгаан явуулж байжээ. 3. Тарас Бульба.  "Гоголь тэдний тухай зүгээр нэг бичээгүй, энэ бүгд нь бүгд үнэн!" гэж Репин  запорожчуудын тухай хэлж байв. Гоголийн туужууд Репины онгодыг оруулж өгснөөс зурагт уран зохиолын баатрууд зурагджээ. Бульбаг казак цустай хоёр танилаасаа Репин бичив. Түүнд сэтгүүлч "Москва ба москвачууд" номыг зохиогч Владимир Гиляровский, Петербургийн консерваторийн профессор Александр Рубец нар зуруулжээ. 4. Андрий.  Гоголийн Тарас Бульагийн бага хүү. Хөгжмийн зохиолч Михаил Глинкийн үеэл ач хүү Репины модель болжээ. 5. Остап.  Бас нэг уран зохиолын баатар Тарас Бульбагийн том хүү. Түүнд одессийн зураач Николай Кузнецов гэдэг хүчтэй эр зуруулжээ. Тэр хүч тамирын дасгал хийн танилууддаа гайхуулан үзүүлж байгаад ноцтой гэмтэл авч байв. 6. Вакула.  Гоголийн "Зул сарын өмнөх шөнө" туужийн баатар дархан Вакула зурагт байраа олсныг Репины охин хэлсэн юм. Түүний дүрийг польш гаралтай зураач Ян Ционглинскийгаас харан зуржээ. 7. Цэргийн шүүгч.  Модель нь украины газрын эзэн Василий Тарновский. Тэр бага оросын эртний эд зүйл цуглуулдаг, урлагийг ивээн тэтгэгч байжээ. Түүний эдлэнд Репин нэг жилийг өнгөрөөн казакуудын ахуйг судлан зурж байлаа. 8. Хөзөрчин.  Энэ казак банк баригч бөгөөд хөзрөө биедээ нуухгүй гэж чээжээ нүцэглэжээ. 9. Илья Голота.  XVII зууны дунд үе хүртэл Речи Посполитагийн (Польшийн нэгдлийн улс) эсрэг боссон Украин, Белорусь нарын лидерүүдийн нэг нь Голота байжээ. Репин түүнийг Тарновскийн улаач байсан Никишкигаас зуржээ. 10. Халзан казак.  "Ийм дагзыг бүтээхэд зуун хэрэгтэй!" гэж Репин биширч байсан ч, хааны ордны обер-гофмейстер Георгий Алексеев өөрийн халзныг зуруулах хүсэлгүй байв. Харин Яворницкий зоос зуглуулах хорхойтой Алексеевын анхаарлыг зоосны цуглуулгаар татаж тэр хооронд Репин шуурхайлан таталбарууд хийж авчээ. "Товойж үзэгчдийн зүг налсан дагз нь зургийн хавтгайг алдагдуулан зохиомжийг нь өөрчлөн тэднийг сэтгэлээр нь зурагт оруулдаг" хэмээн урлаг судлаач Ольга Лясковская өгүүлжээ.   М.ЦОГТ
https://www.inews.mn/a/32207
Антионо Вивалдигийн “Дөрвөн улирал” зохиол дээр контемпорари бүжгэн жүжиг толилуулна
2023/04/07
Урлаг
Монголын балетын урлагийн хөгжил, шинэ өнгө төрхийг илэрхийлсэн “Energy” контемпорари бүжгэн жүжиг үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Хүн байгалийн хүйн холбоо, байгалийн үнэ цэн, түүнээс авах энерги, хайр энэрэлийг балетын уран тансаг гоо үзэмж, орчин цагийн бүжгийн хэмнэлээр хослуулан толиулах энэхүү бүжгэн жүжиг энэ сарын 27-нд ганцхан удаа тоглогдох гэж байна. Тус уран бүтээл таван шинэ бүжиг дэглээчийн найруулгаар бүтсэн бөгөөд Монголд анх удаа дэлхийн суут хөгжмийн зохиолч Антионо Вивалдийн “Дөрвөн улирал” зохиол дээр орчин цагийн контемпорари урсгалаар дэглэн найруулсанаараа онцлог юм. Комтемпорари урлагийн талаар тодотгоход модерн, пост модерн урлагуудын халаа болсон урлагийн чиглэл гэж судлаачид үздэг. Тоглолт  дөрөвдүгээр сарын 27-ны 19:30 цагт Corporate Convention Centre-т болно.
https://www.inews.mn/a/31908
“Energy” контемпорари балет энэ сарын 27-нд тоглогдоно
2023/04/06
Урлаг
Монголын балетын урлагийн хөгжил, шинэ өнгө төрхийг илэрхийлсэн “Energy” контемпорари бүжгэн жүжиг үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Хүн байгалийн хүйн холбоо, байгалийн үнэ цэн, түүнээс авах энерги, хайр энэрэлийг балетын уран тансаг гоо үзэмж, орчин цагийн бүжгийн хэмнэлээр хослуулан толиулах энэхүү бүжгэн жүжиг энэ сарын 27-нд ганцхан удаа тоглогдох гэж байна. Тус уран бүтээл таван шинэ бүжиг дэглээчийн найруулгаар бүтсэн бөгөөд Монголд анх удаа дэлхийн суут хөгжмийн зохиолч Антионо Вивалдийн “Дөрвөн улирал” зохиол дээр орчин цагийн контемпорари урсгалаар дэглэн найруулсанаараа онцлог юм. Комтемпорари урлагийн талаар тодотгоход модерн, пост модерн урлагуудын халаа болсон урлагийн чиглэл гэж судлаачид үздэг. Тоглолт  дөрөвдүгээр сарын 27-ны 19:30 цагт Corporate Convention Centre-т болно. Үзэгч та бүхэн Energy Contemporary Ballet пэйж хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
https://www.inews.mn/a/31900
Жүжигчин Шэрон Стоун уран зургийн анхны үзэсгэлэнгээ гаргажээ
2023/04/05
Урлаг
Лос-Анжелесийн Allouche галарейд жүжигчин Шэрон Стоун өөрийн уран бүтээлийн Shedding нэртэй үзэсгэлэнг нээсэн тухай The Art Newspaper хэвлэлд бичжээ. Цар тахлын үеэр уран зургаа дахин сэргээн оролдох болсон жүжигчний анхны хувийн бүтээлийн үзэсгэлэн нь энэ байв.  Тэрээр "Би жинхэнэ бийр багс худалдан авч, өөрийн хяналт, гарын хөдөлгөөнөө сэргээж эхлэсэн юм. Зураад л байлаа, зураад л байлаа. Би дахиад өөрийгөө, өөрийн сэтгэл зүрхээ оллоо" гэжээ. Тэрээр зураг зурах болсон нь түүний амьдралдаа амссан хагацалаа туулахад нь тусласан хэмээн өгүүлжээ.  "Би гэр бүлээ алдсан, киноны гэр бүлээ ч алдсан, өөрийн гэр бүлээ алдсан, манай гэр бүлийн олон хүн мөнх бусыг үзүүлсэн. Миний дүүгийн  зүрх хаагдсан. Түүний 11 сартай хүү нь орондоо өнгөрсөн. Би авсан ээжийгээ алдсан, миний эмээ өөд болсон" гэж жүжигчин бүсгүй зовлонгоо хуваалцсан байна. Үзэсгэлэнгийн ихэнх зураг нь хийсвэр стилийнх байв. Стоун хүүхэд байхдаа авга эгч Вонноос зураг зурахыг сурсан ба хожим уран зургийг зураг талаар коллежид суралцжээ. М.ЦОГТ
https://www.inews.mn/a/31883
26 жил завсарласан "Айзам 2" хамтлаг баасан гаригт тоглолтоо хийнэ
2023/04/04
Урлаг
26 жилийн хугацаанд завсарлаад байсан "Айзам 2" хамтлаг ирэх баасан гаригт тоглолтоо хийнэ. Хамтлагийн “Зүрх сэтгэлийн минь дуунууд” нэртэй тоглолт ганцхан удаа буюу дөрөвдүгээр сарын 7-нд UB palace-н концертын их танхимд болох юм. Айзам хамтлагийн дэргэдээс үүссэн "Айзам 2" хамтлаг нь анх 1990 онд байгуулагдаж 1997 он хүртэл идэвхтэй уран бүтээлээ хийж байгаад завсарлажээ. Одоо зохиох гэж буй тоглолтоороо шинэ уран бүтээлээс гадна тэр үед дуулж байсан дуунуудаа сэргээж дуулна гэдгийг хамтлагийн ахлагч С.Гантөр хэллээ. Энэ удаагийн тоглолт нь "Айзам 2" хамтлаг хамгийн сүүлд 1997 онд тоглолтоо хийснээс хойш 26 жилийн дараа хийж байгаа анхны тоглолт болж байна. Тоглолтод зочноор дуучин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, Э.Минжинсор, Л.Энхмандах, С.Сэрчмаа болон Титэм, Салхи, Лумино зэрэг хамтлагууд оролцоно. "Айзам 2" хамтлаг 1990-1997 оны үеийн залуучуудын дунд хит болж байсан "Мөрөөдөл", "Чиний харцанд", "Хос Алтанзул", "Бороо", "Дурсамж" зэрэг дуунуудаа дуулна. Тоглолтын найруулагчаар найруулагч, продюсер Р.Мөнхсайхан ажиллаж байгаа юм байна. Тоглолтын тасалбар ticket.mn дээр зарагдаж байна.
https://www.inews.mn/a/31872
"Мартахгүй, давтахгүй" консепт үзэсгэлэн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
2023/03/31
Урлаг
“Лантуун дохио” төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойн хүрээнд “Мартахгүй, давтахгүй” хөдөлгөөнийг эхлүүлж, гэрэл зураг болон дижитал арт хосолсон үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейн хоёрдугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ. Аврал эрсээр одсон бүхний дотоод хашгираан чамд, надад, бусдад юу мэдрүүлэх бол. Тэдний оршихуй хийгээд орон зайд очиж шаналлыг нь мэдрэх, хуваалцах, ахин давтахгүй байх шалтгааныг гэрэл зураг, дижитал арт бүтээлээр харуулжээ. Үзэсгэлэнг зохион байгуулагчид "Хүн хүнээсээ энгийн зүйлсийг л хүсдэг. Нэгнээ хайрлах, итгэх, дэмжих, хариуцлагатай байх, анхааралтай байх, араас нь харамсах бус урьдчилан сэргийлэх...Эцсийн эцэст хамгийн том шийдэл нь та юм" хэмээн уриалж буй юм. Үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
https://www.inews.mn/a/31829
Балетын үндэсний тавдугаар уралдаанд 375 бүжигчин оролцохоор бүртгүүлжээ
2023/03/28
Урлаг
Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн тэргүүлдэг “Монголын балетын хөгжил сан”-гаас санаачлан зохион байгуулдаг балетын үндэсний тавдугаар уралдаан ирэх дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Уралдаанд 6-18 насны сурагчид болон залуу бүжигчид сонгодог балетын багийн болон гоцлол бүжгийн төрлөөр өрсөлдөх юм. Энэ жилийн уралдааны гоцлол бүжгийн төрөлд 101, багийн төрөлд 318 бүжигчин, мөн 34 баг оролцохоор бүртгүүлжээ. Уралдааныг Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын зөвлөх балетмейстер Х.Гэрэлчимэг, Олон улсын балетын академийн дэд захирал, “Морияма” балетын академийн захирал Наоми Морияма, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш, урлаг судлаач Д.Алтантуяа, IUCDC олон улсын уралдааны захирал Шао Зижун, Соёлын гавьяат зүтгэлтэн, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Гавьяат жүжигчин, “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн Д.Алтанхуяг, Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлооч Б.Саруул нар шүүнэ.
https://www.inews.mn/a/31773
Балетын үндэсний V уралдаан зарлагдлаа
2023/03/21
Урлаг
Гавьяат жүжигчин, нэрт балетчин Д.Алтанхуягийн тэргүүлдэг “Монголын балетын хөгжил сан”-гаас санаачлан зохион байгуулж ирсэн Балетын үндэсний V уралдааны тов эцэслэн батлагдлаа. Балетын үндэсний уралдаан дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно. Оролцогчид болох 6-18 насны сурагчид хийгээд залуу бүжигчид Сонгодог балетын багийн болон Гоцлол бүжгийн төрлөөр өрсөлдөх ба бүртгэл гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ. Энэ жилийн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, балетмейстер Б.Сэргэлэн, Монгол Улсын Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлох жүжигчин Б.Саруул нар шинээр нэмэгджээ.
https://www.inews.mn/a/31689
ФОТО: СУИС-ийн оюутнууд ширээгээ урлагийн бүтээл болгожээ
2023/03/15
Урлаг
СУИС-Радио, Телевиз, Медиа Урлагийн Сургуулийн Медиа анимейшн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Миний ширээ миний орон зай” бүтээлч өдөрлөг амжилтай болж өнгөрлөө.  Уг нээлттэй өдөрлөгийн хүрээнд Медиа анимейшн тэнхимийн График дизайн (Медиа анимейшн) хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд өөрсдийн уран сэтгэмж бүтээлч хандлагаараа сургуулийнхаа лекцийн танхимын ширээнүүд дээр зураг зурж сургуульдаа шинэлэг өнгө аяс нэмж, эерэг хандлагыг түгээжээ. Тус арга хэмжээ нь анх 2020 онд онд зохиогдож тухайн үед нийгмийг бухимдуулж байсан цар тахлын хүнд хэцүү цагт хүмүүст эерэг нөлөөллийг үзүүлж ихээхэн магтаал сайшаалыг хүртэж байсан юм.
https://www.inews.mn/a/31605
ОРОС ЗАЛАЛТ: "Анчдын үдлэлт" зураг дахь хэний ч анхаардаггүй 9 ДЭМИЙ ЗҮЙЛ
2023/03/04
Урлаг
Перов зургаа анд яваад ан ав хийдэггүй хүмүүст зориулж, онигоо маягаар бүтээжээ. Василий Перовын зургийг харахад анчдын нэг нь нөгөөгийнхөө толгойг эргэтэл залаж байгаа шиг хөгийн зүйл зурагджээ гэж огт санаанд орохгүй. "Үдэлж буй анчид" Зотон 119х183 см Бүтээгдсэн он: 1871 Өдгөө Москвагийн Третьяковын галарейд хадгалагддаг. Зураачийн "Үдэлж буй анчид" зургийг хоёр дахь хувийг хуулж зурсан бөгөөд эхнийх нь Санкт-Петербургийн “Русский музей” (Оросын музей)-д, хоёр дахь нь Украины Николаев мужийн В.В. Верещагины нэрэмжит уран зургийн музейд байдаг. "Юутай хөөрхөн зураг вэ! Мэдээжээр тайлбарлаад өгвөл немецүүд ойлгоно доо, тэд чинь бидэн шиг Орос залалт гэдгийг Оросын худал ярилт гэж ойлгохгүй. Тэр юуны тухай ярьж байгааг түүний залалтын эргэлт, хэллэг, сэтгэлийг бид нэгт нэггүй ойлгож бараг л сонсоно доо" хэмээн зургийг Федор Достоевский магтан дүр төрхийг нь бишэрсэн байдаг. Гэтэл гурван нөхрийн үдлэлт амралт нь жижигчилсэн хэсгүүддээ үнэн биш. Баатрууд ангийн буу хэрэгслүүдтэйгээ хамаагүй хандаж, ангийн олз нь ангийн өөр өөр төрөлд хамаарна. Зураач өөрөө ойлгохгүй сэдвээ сонгосон мэт. Үнэн хэрэгтээ Перов муугүй анчин, түүний намтрыг бичигч Николай Собко энэ тухай зураач ан гөрөөнд уйггүй, жилийн дөрвөн улирлын турш тасралтгүйгээр явж ирсэн, "Природа и охота" (Байгаль ба ан) сэтгүүлээр хүртэл туршлагаа хуваалцаж байлаа хэмээн өгүүлжээ. Ойд даарч хөрснөөс авсан ханиад нь  хатгаа болон хүндэрсээр тэр 50 ч наслаагүй өөд болжээ. Харин "Анчдын үдлэлт"-ээ Перов онигоо болгон бүтээж ойлгодог хүн бүр ангийн  хэтрүүлэг дээр инээн хөгжиж байг гэж үзжээ. 1. Үл итгэгч, мэдэх хүн.  Зайрангийн ярианд инээж буй тариачинг Перов эмч бөгөөд зураач сонирхогч Василий Бессоновоос үлгэр авч зуржээ. Перов түүнийг энгийн хүн болгон зургаа ангийн хорхойтолт энгийн ба засан зэргийн язгууртныг нэгтгэдэг гэж харуулжээ. 2. Шинэ анчин.  Тэр ярьж буй хүний яриаг сонсоод тамхиа асаахаа хүртэл мартсан байв. Түүнээс харахад нэхий дээл нь шинээрээ, буу хэрэгсэл нь шинэхэн саяхнаас л ан хийж эхэлсэн гэхээр. Перов тэр гэнэн нөхрийг ердийнхөөр Кувшинников, Бессонов хоёр анд явахаар гэрт нь цуглардаг 26 настай Николай Нагорноваас харан зуржээ. 3. Бор туулай.  Оросын ШУА-ийн профессор Валентин Головин ярихдаа туулайны үсний гуужилтаас харахад ан намар оройтсон цагаар хийгджээ. Сонирхолтой нь  туулайн бие, арьс гэмтээгүй. Анч нохойтой ангаар туулай агнасан бол түүний биеийг далны хооронд нь хутгаар бүлж эсвэл урд сарвууг нь огтлох сонин  уламжлал байжээ. 4. Хөх ногтруу.  Ойн шувуу бөгөөд талын бор туулай агнасан анд тааралдах ёсгүй. 5. Давслагч эсвэл хэтрүүлэгч.  Ярьж буй газрын эзний дүрд зураачийн найз бөгөөд шүүх эмч Дмитрий Кувшинников зуржээ. 1880–1890-ээд онуудад доктор эхнэр Софиягийн хамт өөрийн гэрт уран зохиол-урлагийн салон байгуулжээ. Кувшинниковынхан, эхнэртэй нь жиг ургуулсан байгалийн зураач Исаак Левитан нар хожим Антон Чеховын  "Сээхэлзүүр" өгүүллийн баатруудын дүр болсон юм. 6. Гутал.  Шинэ хүний гутал нь түүнийг туршлагагүй анчин гэдгийг өгүүлж байна. Ийм өндөр өсгийтэй гутлыг анд өмсөдөггүй. 7. Дуран.  Ярьж байгаа зайсангийн дуран нь XIX зууны эхний хагасын хуучин загвар учраас тэр ан гөрөө эртнээс хөөснийг гэрчилж буй. 8. Бүрээ.  Ангийн бүрээг нохотой ан хийхэд тэднийг цуглуулахаар ашигладаг. Анч нохойн үнэр энэ зурагт үгүй. Мөн нохойтой ан хийхэд буу ч хэрэггүй. Тэглэхлээр энэ бүрээ  энэ гуравын анд ямар ч хэрэггүй. 9. Буу. Туршлагатай анчин бууны голоо шорооноос хамгаалан газар тавьдаггүй. Ялангуяа зурагт өндөр үнэтэй сайн чанарын английн "Энфилд" маркийн буу зурагдсан байгааг тооцвол ингэж хамаагүй тавихгүй. Иван Крамскойн зурсан Василий Перовын хөрөг. (1881 он) Зураач Василий Перовын товч намтар. 1834 он: Шинэ тооллоор нэгдүгээр сарын 2-нд Тобольск хотноо төржээ. Зураач нь губернийн прокурор барон Григорий Криденерын дагавар хүүхэд болон төржээ. 1841 он: Уран гоё бичлэгийнхээ төлөө тэр овог нь болсон Перов (перо-үзэг) гэсэн хочыг багшаасаа авчээ. 1853-1862 он: Москвагийн уран зураг, баримал, уран барилгын сургуульд суралцав. 1861 он: "Улаан өндөгний баярын хөдөөгийн Загалмайт аян", "Тосгон дахь мөргөл" зургуудаа зуржээ. 1862-1864 он: Герман, Францад очив. 1862-1869 он: Елена Шейнс гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн ба тэднийх гурван хүүхэдтэй байсны хүү Владимир нь л насанд хүрч чаджээ. 1866 он: "Гурвал", "Худалдаачны гэрт үйлчлэгч эмэгтэй ирэв" зургуудыг бүтээв. 1870-1877 он: Хөдөлгөөнт зураачдын нөхөрлөлд орсон байв. 1872 он: Елизавета Друганова гэдэг эмэгтэйтэй дахин гэрлэв.  1882 он: Кузьминкад анд яваад хатгаа авсан нь хүндрэн сүрьеэ болоод нас баржээ. М.ЦОГТ
https://www.inews.mn/a/31453
Хайрын шүлгийн ЦАГААН УУЛ-2023 яруу найргийн наадам болно
2023/02/14
Урлаг
Хайрын шүлгийн "ЦАГААН УУЛ" яруу найргийн наадам 2023 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Соёлын төв өргөөнд 17:00 цагт болно. Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, "Болор цом"-ын эзэн Арлааны ЭРДЭНЭ-ОЧИРЫН нэрэмжит болж буй 22 дахь удаагийн "ЦАГААН-УУЛ" наадмын хоёрдугаар шатанд 24 яруу найрагч шалгаран хайрын шүлгээ өргөх юм. Тус наадмыг Монголын Залуучуудын холбоо, МҮОНРТ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө, "ОЮУТ" групп, "Арлааны ЭРДЭНЭ-ОЧИР" сан хамтран зохион байгуулж байна. 1991 оноос эхлэлтэй энэхүү наадам нь 22 дах удаагаа болох гэж байгаа бөгөөд залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, Монгол хэлний үгсийн сайхныг магтан таниулдаг үйл ажиллагаа болдгоороо онцлогтой.  Яруу найргийн наадмын зорилго нь залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулахад оршиж байна.
https://www.inews.mn/a/31243
МУУ МУУХАЙ БА УЙ ГАШУУ: Оросын зураачдын хамгийн гунигтай 10 УРАН ЗУРАГ
2023/02/13
Урлаг
XIX зууны уран зураачид өчүүхэн хүмүүсийн хувь тавиланг анзаарч, библийн сэдвээс онгодоо дууддаг байжээ. XIX зууны хоёрдугаар хагаст Оросын эзэнт улсын нийгмийн өөрчлөлтүүд амьдралын олон салбарт гарч нөлөөлжээ. Хамжлагат ёсыг 1861 онд халсан нь тус орны хөгжлийн чухал үе болон урлагт хүртэл хүчтэй нөлөөлөв. Үүнээс хоёр жилийн дараа хөдөлгөөнт зураачдын уран бүтээлийн нөхөрлөл байгуулагдав. Тэд өөрсдийн уран бүтээлдээ өдрийн тулгамдсан сэдвийг гаргаж, хүмүүсийн зовлон зүдгүүрийг тусгаж иржээ. Тэр цагийн хамгийн гунигтай 10 уран зургийг танилцуулья. Виктор Васнецов "Орогнолоос  орогнол руу" 1876 он Третьяковын галарейд хадгалагддаг Васнецовын энэ бүтээл төдийлөн алдартай биш. Тэрээр өчүүхэн хөрөнгөө авч яваа хоёр хөгшнийг зуржээ. Өвгөний хавагнаж улайсан нүүрэнд гэм буруутайн ул мөр харагдана. Тэд түүний өр төлбөрөөс болоод орон сууцнаас хөөгдсөн бололтой. Эмгэний царай нь нь ямар нэгэн илэрхийлэлгүй. Ядуусын дэргэд гунигтай гэмээр нохой зурагдаж зургийн арын дэвсгэрт Петропавловскийн сүмийн цэгцтэй ганжир дүрслэгджээ. Энэ зураг нь залуу зураачийг алдаршуулсан гэхдээ түүнийг Васнецовыг үлгэрийн сэдэвт зураач гэдгээр илүү сайн мэддэг. "Алёнушка" 1881 он Васнецовын 1881 онд зурсан "Алёнушка" зургийг түүний үлгэрийн зургуудад хамруулдаг гэтэл зураач тэгж бодоогүй юм. Гунигтай зургийг тэр тариачин эмэгтэйгээс зуржээ. "Түүнтэй анх тааралдаад түүний нүднээс цэвэр орос асар их гуниг, ганцаардлыг олж хараад алмайрч билээ" гэж бүсгүйн харцыг буулгаж чадсан Васнецов хожим дурссан байдаг. Эхлээд зургийг "Аленушка (Дурочка)", гэхдээ "Дурочка-тэнэг" гэсэн үгээр ард олон мангарыг биш өнчин өрөөсөн охидыг нэрлэдэг байжээ. Тэдний бурхан тэнгэртэй холбоотой гэж өрөвдөж, хүндэтгэдэг байлаа. Аленушкагиын ард бөглүү нүсэр ой зурагдсан нь зургийн дарамталсан санааг улам тодотгож өгчээ. Бүсгүй амьдралын мананд төөрөгдөн орон гэрийн замаа олохгүй мэт. Гэхдээ зураач Аленушкад найдвар үлдээснээ түүний толгойн дээрх мөчирт суусан найдлагын бэлгэдэл гэх алтан хараацайн дүрсээр илэрхийлжээ. Николай Ярошенко "Анхны хүүхдээ нутаглуулж яваа нь" 1893 он XX Зуун хүртэл Оросын нийгмийн бүх давхрагад хүүхдийн үхэл өндөр төвшинд байсан юм. Эцэг эхчүүд нь нялх хүүхдүүдээ нутаглуулах нь ердийн үзэгдэл байсан ба нэг тийм эмгэнэлийг Николай Ярошенко зурагтаа буулгажээ. Хар бараан хувцастай хосууд хазайж муруйсан загалмайтай цасанд дарагдсан нутаглуулах газрын замаар араас нь нутаглуулагч ахимаг насны хүн дагажээ. Эх нь нялхын гоёж чимсэн авсыг хүүхэд мэт тэврэн энгэртээ наажээ. Нутаглуулагч ийм зовлон их үзсэн болохоор тайван тамхиа сорон явна. Түүний хувьд нялхын булшийг ухах нь ажил юм. Владимир Маковский "Оруулахгүй ээ" 1892 он  Архидалт Оросын хамгийн их дэлгэрсэн нүгэл байсан юм. Уран зургууд дунд энэ гунигт сэдэв нэлээдгүй их байдаг. Владимир Маковскийн "Оруулахгүй" зурагт нэг тийм ердийн гэмээр сэдэв зурагджээ. Хүүхэд нь наалдсан эмэгтэй уушийн газрын хаалгыг дэргэд нөхрийнхөө өмнө зурагджээ. Нүдэнд нь цөхрөл, айдас бууж амаа ангайн орилохын өмнө байна. Түүнийг байрнаас хөдөлгөх аргагүй гэмээр их шийдэмгий гэмээр харагдана. Ер нь бол архичин нөхөрт нь ийм саад юу ч биш. Тааруухан замбараагүй хувцасласан нөхөрт нь ийм саад бишгүй байсан ба одоо удалгүй тэдний тэмцэл хэрхэн төгсөх нь ойлгомжтой. Арын дэвсгэрт нь XX зууны таван давхруудтай тун адилхан байшингуудын дээвэр харагдана. Николай Ге "Нандин сэтгэл, Жүүд" 1891 он Николай Ге энэ зурагтаа хүний сэтгэлийн тарчлааныг гаргахаар оролджээ. Энэ библийн сэдэвт зураг нь "Тарчлаант" цувралд нь хамаарах бөгөөд зураач  буруу харан зогссон ганцхан хүнийг сарны гэрэлд зуржээ. Тэр нь жүүд бөгөөд  урван матсан Исус Христийг нь авч яваа бамбартай цэргийнхнийг тэр харан зогсох ажээ. Ийм жүүд бид бүгдэд байх ба тэр нь хүний тэмүүлэл шүтээн алга болоход төрнө. Энэ сэтгэлийн тарчлааныг тэр Нандин сэтгэл гэж нэрлэн энэ сэдэвтэй холбожээ. Хүйтэн сарны туяа нь хүний сэтгэлийн хуншгүйг гарган үзүүлж байна. Гэсэн ч шүүмжлэгч нар уг зургийг нь сулхан, дорой зураг гэж нэрлэсэн байдаг. Василий Перов "Усны бассейны дэргэдэх дараалал" 1865 он Заяагүй хүмүүсийн тухай зургийн талаар ярихад хамгийн түрүүнд Василий Перов нэр санаанд орж ирнэ. Тийм хүмүүс усны дараалалд зогссон байгааг бид 1865 оны зургаас нь харж байна. Москвад тэр цагт усан хоолой байхгүй усыг бассейн гэж нэрлэгдсэн саванд хадгалдаг байжээ. Тэдний усаар дүүргэх нь төлбөртэй, ус зөөгчид дүүргэнэ. Эсвэл өөрсдөө төлбөртэйгээр дүүргэнэ. Шөнө тэднийг манаж хардаггүй байсан ба ядуус хувингаа дүүргэж авахаар цуглардаг байлаа. Голдуу л хүүхэд хөгшид цугларна. Тройка  "Гурвал" 1866 он Перовын хамгийн танил зураг нь өмнөх зургийн сэдвийн үргэлжлэл гэхээр... Хамаг хүчээр торхтой усыг дээш чирэн яваа хүүхдүүд зовлонг үзүүлж буй. Тариачдын хүүхдүүдийг хот руу зарцлуулахаар явуулдаг байв. Перов гурвалынхаа лидерийн натурыг удаан хайсан. Эцэст нь тэр эхтэйгээ явсан Вася гэдэг хүүтэй тааралджээ. Зураач хүүг нь зурахаар эхийг нь удаан ятгаж байж зөвшөөрүүлжээ. Эх нь үлдсэн ганц хүүгээ зуруулах дургүй байв. Хэдэн жилийн дараа зовлонд шаналсан эмэгтэй ирээд түүнээс уг зургийг худалдан авахыг гуйжээ. Ганц хүү нь нас барсан байв. Третьяковын галарейд байсан зурагтаа Перов тэр эмэгтэйг зураач авч очин үзүүлжээ. Эмэгтэй зургийн өмнө удаан мөргөн уйлж байсан гэдэг. Үүнийг харсан Перов тэр эмэгтэйд зориулан хүүгийнх нь хөргийг дахин зурж өгсөн гэдэг. Василий Поленов "Өвчтөн" 1886 он Поленовын уран бүтээлд  энэ гунигтай зураг түүний хувийн зовлонг өгүүлжээ. Тэр эхлээд хайрлаж явсан Мария Оболенскаяг алдаад дараа нь түүнд хайртай байсан Елизавета Богуславскаягаас хагцжээ. Эцэс сүүлд нь ихэр хоёрын Верагаа алдсан байлаа. Хоёр хувилбараар зурагдсан бүтээл дээрээ Поленов 13 жил ажиллажээ. 1886 оны зурагт ногоон бүрхүүлтэй дэнлүүнд гэрэлдэх төдий тасалгаа зурагдсан. Өвчинд шаналсан бүсгүйн царай нь бараг харагдахгүй, түүний өдрийн тоо гүйцсэнийг зураач үзүүлжээ. Илья Репин "Тэнхээтэй эр" 1877 он Энэ хөргийг Репин төрлөх Чугуевтаа зуржээ. Үс нь өрвийж сэрвийсэн эрэгтэй зургаас биднийг харна. Тэр өрөвдөлтэй харагдах авч нүдэнд нь далдын хүч нь хүчин тамир нь харагдаж, хэн нэгэнд буруутгаж байгаа мэтээр харагддаг. Хүнд амьдрал түүнийг эрт хөгшрүүлсэн ч тэр сэтгэлийн тэнхээгээ алдаагүй харагдана. Иван Крамской "Лусын дагинууд" 1871 он Николай Гоголийн "Тавдугаар сарын шөнө буюу Усанд осолдсон эмэгтэй" Туужаар энэ зургаа Крамской зуржээ. Зургийн эхэнд эргийн дагуу азгүй дурлалаас болж зовсон бүсгүйг дагинууд усанд татан оруулж буйгаар зурагджээ. Гунигт зургийг усанд живэгчдийн царайг сарны гэрэлд гарган зурсан нь  үзэсгэлэнт лусын дагинууд байдаг гэдэгт итгүүлмээр... Зургийн арын дэвсгэрт Гоголийн бичсэн эзгүй, хорлонт байшингууд харагдана. Зургийг хөдөлгөөнт нөхөрлөлийнхний анхны үзэсгэлэн дээр үзүүлсэн ба дараа нь түүнийг Павел Третьяков худалдан авчээ. Зургийн талаар мөн л олон  янзын далдын хүчний  яриа гарч байлаа. Шөнөөр галарейд гунигтай дуу сонгогдох болсон. Зургийг сарны гэрэл тусахгүй газар өлгөснөөр дагинууд тайвширсан хэмээн яригддаг байв.  М.ЦОГТ
https://www.inews.mn/a/31227
УУЛ, ХҮН ХОЁР
2023/02/10
Урлаг
Уулсын хэл нь салхи. Салхийг сонсож, салхийг сонордож, салхийг анирдах тусмаа хүн уулсын хэлийг ойлгоно. Уулсын хэлийг ойлговол сая сая жилийн жилийн нар хурыг тоссоор, ургаж дэлгэрч, элж эмтэрч, дэлхийн дотоод хүчинд түлхэгдэн өндийх цагтаа өндийж, ертөнцийн гадаад хүчинд автан намсах цагтаа нам сууж ирсэн эх байгалийн ой санамжийг ойлгох болно.  Олон үеэрээ ийн уулсыг анирдсан хүмүүс талын хүнээс, говийн хүнээс онхи ондоон араншинтай. Өнгөн дээрээ омголон ч өрөн цаанаа эмзэгхэн уулын хүний араншинг би уулсын хэл гэж боддог. Уулын хүний дууг анх сонсоход эрэмгий атлаа, ахиулж сонсвол гуниглуун. Үүнийг хэц өндрийн анир аялгуу, нөөлөг газрын наран илч хүний сэтгэлд шингэснийх юм болов уу гэж боддог. Сэтгэлдээ шингээсэн юмгүй хүн, сэтгэлд шингэтэл дуулж чадна гэж үү? Нэргүй минь үе үехэн дуулдаг дархад дуу шигээ хүн. “Тохой булан хоёрт нь тормон тэмээ нь буйлалдаа л, түргэн ирэхийг нь хүлээсээр түлсэн галаа унтраахгүй...” Цөхрөл, итгэл, тэмцэл гурвыг нэгэн бадганд нийтгэсэн дархад дууны аялгуун дундаас андын минь сэтгэл сонсогдоно. Сэтгэл гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдээд ирэхээрээ хуурмаг болж, харин хэзээ хойно санан суухад ухаан бодолд тэмтрэгддэг. Уулсын хэл, хүний сэтгэл хоёр нэг л зүйл байж ч мэднэ. Нэргүй минь, нэргүй орчлонгийн салхинд оргиж нэг, ончирч нэг, оргил хангайнхаа нөмөрт уйлж нэг, дуулж нэг ийм нэгэн ном бичжээ. Уулсын салхийг уургалж чадахгүйн адил, хүний сэтгэлийг жинлэж хэмжиж болохгүйн адил Нэргүйгээр овоглох энэ шүлгүүдийг дүгнэж цэгнэх нь илүүц биз. Ямартай ч анд минь уул усныхаа хэлээр хөглөгдөж, Дархад түмний хэлцэх эртийн амин үгсээр эдүгээ цагт бичиж туурвиж явна. Уул, хүн хоёрын учиг тавиланг урлаж л явна. Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Я.Баяраа   РИНАГИЙН НЭРГҮЙН ЗУРГААН ШҮЛЭГ   АГШИН Горхины ус туучин байж Голдоо ортол норон байж Сая л нэг бууралдаа ус дөхүүлэх  Сахилгагүй эрх хүүгээ хараад  Сайхан Монгол нутаг минь  Сэтгэлд ойрхон санагдана.   Хүү минь тоглосоор эр болох нутагт  Хүннү өвгөд минь уулс болон завилаад  Хүмүүн хорвоогийн өмнөөс тас ширтэн  Хүлгийн чөдөр зангидах шиг санагдана.   Мартагдсан суурин Мартагдсан сууринд  Хэний ч үл мэдэх шүлэгч амьдарч  Өмхөрсөн саравчны цоорхойгоор  Тамхины утаа урсана   Мартагдсан сууринд  Тэнгэр хүртэл эль хуль Дээврийн модод дээрх  Хуралсан өвс л нозоорно   Мартагдсан сууринд  Намар хоргодож,  Цаг хугацааны энхрийлэлд Салхи согтууран амраглана.   Мартагдсан сууринд  Одод бэлчиж нам гүм ноёлоно  Орчлонгийн соёл, эрин зууны хийрхэлгүй  Орь ганцаараа ганцаардлын тэвэрт дулаацна.   Мартагдсан сууринд  Үхэр чулуу нэвтлэн  Дөл хөх цэцэгс дэлбээлнэ.   САЛГУУ БОДОЛ Бороотой хүйтэн өдөр л  Би үхмээр санагддаг  Хурмаст уйлахад инээж болдоггүй гэж Хэн ч хэллээ дээ... Эжийгээ уйлуулсан үр жаргадгүй гэдэг шиг  Тэвэр дэхээ уймруулсан  Тэрсүү шүлэгч л дуулсаар  Үхэж далд ороосой гэж  Үгэлж суух шиг  Энэ эмгэн улиас л  Салхины аясаар Цонхон дор бөгтөлзөнө Бороотой хүйтэн өдөр л  Би үхмээр санагддаг.   ЭЖИЙ ААВЫН ЗАХИАС Ургийн газар мордож гүний хошуу зорьсон үрдээ хэлсэн Ухаант хүний амьдрал алдаа оноо ихтэй ч  Ус мөрөнд хүмүүн сэтгэл дасдаг юм  Урьдын үг угтайг бодоорой гэх Уялага хэдэн үг нь  Ухааны чагтганд ургаастай...  Тунгалаг хөх эжий ус минь үгүй бол  Тунирхал гунигаа хаана тайлнам бэ?   ХАРАА БАРАА Аавын минь  Дурангийн хараанд сүүмэлзэх Алсын тэр ууланд... Жимсэн мөндөр  Үхэр асгыг нэвтэртэл буух Намрын өглөө будантай. Арван салаа буга нь Ар хөвчийн зоо тэнийтэл Эр хүний хийморь бадартал,  Урамдаатай...    *** Хөрлөсөн цас, хашийн энгэрт хөмсөглөхөөр Хөөрхөн чинийхээ дүрийг зурж өдөржин ширтэе гэтэл  Өршөөл үгүй хаврын нар ээх юм Өдрийн хугаст хайлан урсах нь хайран юм.   
https://www.inews.mn/a/31203
"Пересвет Челубей хоёрын тулалдаан" зургийн НАЙМАН НУУЦ
2023/01/26
Урлаг
Үнэн хэрэгтээ бол энэ зураг нь алс холын үеийн тухай өгүүлсэн боловч түрэмгийлэгчдийн эсрэг дайны талаарх орчин үеийн зураачийн үзэл санаа юм. Оросуудын татар-монголыг дийлсэн цуутай ялалт хийгдсэн гэх Куликовын тулалдааны сэдэвт эргэн орох онцгой тохиолдол Михаил Авиловт хэрэг болжээ. "Татарын Чели-Бейн  Пересветтэй халз тулахаар гарч байгаа нь" зургаа тэр аль өмнө 1917 онд анх тавьж үзүүлсэн байдаг. Хожим тэр зургаа олигтой болсонгүй гээд устгажээ. Михаил Авилов. "Пересвет Челубей хоёрын тулалдаан" 1943 он Зотон, тос. 327×557 см Санкт-Петербургийн Улсын Русский музейд (Оросын музей) хадгалагддаг Зураг устгагдснаас хойш зууны дөрөвний нэг өнгөрөх цагаар Эх орны дайн эхэлжээ. Дэлхийн нэгдүгээр дайны ахмад дайчин Авилов сайн дураар фронтод очих гэсэн ч наснаас нь болоод түүнд татгалзсан байв. Харин уран зураач дайн эхлэх үед жар хүрсэн байлаа. 1941 оны арванхоёрдугаар сард түүнийг бүслэгдсэн Ленинградаас Узбекистанд нүүлгэжээ. Зураач 1942 оны намар Москвад ирсэн ба түүнд засгаас урлан гарган өгчээ. Ингээд тэр Оросын Алтан ордтой хийсэн тэмцлийг огт өөр сэтгэлтэйгээр зурж эхлэв. Өөрийнх нь яриагаар зураг ер бусын хөнгөнөөр бичигдсэн гэнэ. Куликовын тулалдааны эхлэл болсон татар монголын баатрын орос ламтай хийсэн тулаан хоюулангийнх нь үхлээр дууссан гэдэг. Тэр нь нэлээдгүй хожмын эх сурвалж болсон "Мамаевын их нүдэлцээний тухай домог"-оос (ердийнхөөр түүнийг XV зууны хоёрдугаар хагас, XVI зууны эхний бичлэг гэдэг) сэдэвлэсэн тогтоогджээ. Өмнөх домог, үлгэрлэлийн эх сурвалжид 1380 оны тэр үйл явдалд  энэ халз тулааны талаар өгүүлэгдээгүй ба орчин цагийн түүхчид "…домог" үнэн эсэхэд  эрзэлздэг. Дайны жилүүдэд энэ эх сурвалжид шүүмжлэлтэй ханддаг байсан ч харийн түрэмгийлэгчдийн эсрэг амжилттай хийсэн Оросын тэмцлийн түүхийн шаардлага өндөр байлаа. Зөвлөлтийн цэргийн ялалтаар төгссөн Сталинградын төлөөх хүнд тулалдаан явагдаж байсан шийдвэрлэх үед Авилов энэхүү зураг дээрээ ажиллажээ. Зотон дээрх үйл явдал нь үнэн түүхийн резонанс болж чадав. Хэн нь ялах нь тодорхойгүй байгаа ч хувилгаан хөгшнөөр адислуулагдсан дайчин лам амиа алдсан ч догшин дайснаа даран орос цэргийнхэнд найдвар төрүүлж өгчээ.  1. Тулалдаан болсон газар. Куликово поле (Куликовын тал) нь Дон ба Непрядва голын уулзварт байгаа. Өнөөдөр тэр газар нь Тульск мужид багтах ба тэнд үйл явдалд зохицуулсан музей, дархан газар бий. Гэхдээ, түүхч, хэл судлаач, профессор Сергей Азбелев түүний талаар "XIV зууны судар бичигчид "устье-уулзвар" гэдэг үгээр Волова нуураас Непрядва голын эх авсан газрыг хэлсэн. Тэр нь Дон мөрөнтэй нийлсэн уулзвараас ойролцоогоор 40-өөд километрын зайтай" гэсэн маргааныг өдөөсөн байгаа. 2. Александр Пересвет. Эх сурвалжуудад түүнийг лам, язгууртан тайж хүн гэж нэрлэж байгаа. "...домогт" тэр хүний тулааны талбарт гарахаас өмнөх түүхийг анх өгүүлжээ. Донын Дмитрий вангийн хүсэлтээр ном хурсан хувилгаан Сергий Радонежский өмнө нь алдартай дайчид байсан Пересвет, Ослябю гэсэн хоёр ламыг вантай хамт илгээсэн гэжээ. Хувилгаан гэгээнтэн хөгшин Куликовын тулалдааны өмнө вантан уулзсан гэдэгт түүхчид бас л эргэлздэг. Жишээлбэл, түүхч Игорь Данилевский оросын цэрэг цугларч байсан Коломно руу яарч явсан Донын Дмитрийн хувьд замаа хоёр дахин уртасган хувилгаан Сергийд хүрэлцэн очих нь эрсдэлтэй хэрэг байсан ба тэр үед ван хөгшин хоёр сөргөлдөөнтэй байсан гэх магадлалтай гэжээ. 3. Челубей. "…домгийн" янз бүрийн редакторлалд энэ догшин дайчинг нэрлээгүй буюу эсвэл Темир-мурза үгүй бол Таврул гэж нэрлэсэн байгаа. Дайсныхаа гол баатрыг анх 1680 оны эх сурвалжид Челубей гэж нэрлэжээ.  4. Пересветын зэвсэг. Авилов нарийн деталь гаргах эрмэлзлэлдээ хөтлөгдөн Улсын түүхийн музейд орос зэвсэг, хуяг дуулгын олон тооны таталбар хийж байжээ. 5. Дуулга. Домгийн өгүүлснээр, тулалдаанд Пересвет "архангельск маягийн шелом" нэг үгээр, даянч бадарчны куколь гэх гозгор дуулгатай байсан гэнэ. Гэхдээ, зөвлөлтийн зураач баатрын ламын статусыг онцлох гээгүй ба зурагтаа тэр түүнийг христийн ертөнцийн аврагч гэдгийг хуяг дээрх загалмайгаар “хальт” үзүүлжээ. Дайчны толгойг хожуу үеийн пөмбөгөр, шовх үзүүр бүхий дуулга хамгаалжээ. XIV зуунд тийм дуулга Орост дэлгэрээгүй байжээ. 6. Челубейн хувцас. Авилов Узбекистанд нүүлгүүлсний дараа хийсэн азийн хувцас хээний таталбаруудаа энд ашиглажээ. 7. Бамбай. Пересветын жад нь дайсныхаа бамбайн могойн дүрсийг хатгасан байгаа нь Оросын дайны бурхан Хувилгаан Георгийн бэлгэдэл болж байна. Могой нь оросын аман зохиолд талын зэрлэг омгийнхны бэлгэдэл болдог. Тэдний эсрэг тэмцэх уриалга юм. 8. Оросын дайчид. Догдлолд автсан дайсны эгнээг бодвол оросын цэргийн эгнээ тайван, тогтуун итгэлтэй. Тэр нь жад, тугны христийн зурагтай хоругвь гэх далбаа зэргийн босоо байдлаар илэрч Доны Дмитрийн дайчид тэдний үйлс зөвгэдэгт итгэлтэй зогсоно. ЗУРААЧ: Михаил Авилов 1882 он: Тэрээр Петербургт төржээ. 1904-1913 он: Уран зургийн Академийн дайны зураачийн ангид суралцав. "Ханхүү Иван Грозный ба сурган хүмүүжүүлэгчид" зургаар дипломоо хамгаалжээ. 1914-1917 он: Дэлхийн дайнд сайн дураар оролцон тулалдаж, сэтгүүлүүдэд фронтын  таталбаруудаа нийтлүүлж байв.  1918-1921 он: Сибирьт амьдрав. Уран зураг, таталбарын курс зохион байгуулж, хотын баяруудад чимэглэл хийдэг байв. 1923 он: Хувьсгалт Оросын зураачдын эвлэлд элсэн таталбар зургийн курс зохион байгуулж байлаа. 1941 он: Ленинградын бүслэлтээс нүүлгэн шилжүүлэгдэв.  1942-1944 он: Москвад амьдрав.  1946 он: "Пересвет Челубей хоёрын тулалдаан" зургаар Сталины шагнал хүртэв.  1947 он: СССР-ын Уран зургийн академийн жинхэнэ гишүүн болоод И.Е.Репины нэрэмжит Ленинградын уран зураг, баримл, уран барилгын дээд сургуульд багшлав. 1953 он:  РСФСР-ын Ардын зураач цол хүртэв.  1954 он: Насан эцэслэв. Санкт-Петербургийн Тихвины оршуулгын газрын урлагийн мастеруудын дунд нутаглуулагджээ. М.ЦОГТ
https://www.inews.mn/a/27541
Уран хатгамалч Б.Оюунчимэгийн хэрээсэн хатгамлын үзэсгэлэн нээгдлээ
2022/12/19
Урлаг
Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг давтамжтайгаар дэлгэн үзүүлдэг. Энэ удаад уран хатгамалч Б.Оюунчимэгийн “7+1” хэрээсэн хатгамлын үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ. Тэрээр дэлхийн долоон гайхамшгийг монголдоо анх удаа хэрээсэн хатгамлаар урлажээ. Энэхүү найман бүтээлээрээ 2010 оноос эхлэн 2022 оны гуравдугаар сар хүртэл 12 жилийн хугацаанд бүтээжээ. Уг үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл олон нийтэд хүрэх юм байна.
https://www.inews.mn/a/30336
ҮЛГЭРИЙН БАЯЛАГ: "Газар доорхи Вант улсын гурван хатан" зургийн ДОЛООН ТАЙЛБАР
2022/12/03
Урлаг
Зураач Виктор Васнецов энэ бүтээл дээр ажиллахдаа уулын баяжуулах аж үйлдвэрийг алдаршуулах зорилгоор үлгэрийн сэдэвээ хамаатуулан бүтээсэн байна. Өглөгч, урлаг ойлгодог меценат буюу ивээн тэтгэгчийг олох нь зураач нарын аз байдаг. Виктор Васнецов 1878 онд  Москвад  ирсний дараа өвөл нь баян аж үйлдвэрлэгч, төмөр замын магнат Савва Мамонтовтай танилцжээ. Урлагийн  машид ихээр шүтэн бишрэгч Мамонтов өөрийгөө шилдэг зураач, хөгжимчдөөр тойрон хүрээлүүлсэн байсан ба тэнд Васнецовыг хүлээн авчээ. “Түүнтэй хамтран ажиллах нь алхлан мөлхөгчийн хувьд нисэн хөөрөх лугаа адил” хэмээн уран зураач хэлсэн байдаг. Виктор Васнецов "Газар доорхи Вант улсын гурван хатан хаан" 1879–1881 Тэр цагаар Васнецов өнөөдрийн чухал асуудал хөндсөн ахуйн уран зургаас илүүтэйгээр түүх, үлгэрийн сэдвийг сонирхож, түүнийхээ төлөө мэргэжил нэгтнүүдээсээ шүүмжлэл сонсч иржээ. Харин Савва Мамонтовт түүний сэдэв илүүтэй таалагдаж, Донбассын уурхайнуудыг Мариуполийн порттой холбосон Донецкийн чулуун нүүрсний төмөр замын захиргааны өрөөг чимэглэх гурван зураг захиалжээ. Мамонтов компанийн захиргааны дарга байсан ба тэр зураачийг өөрөө сонгож харин зураач нь сэдвээ өөрөө гаргах ёстой байв. "Донецкийн баян хязгаарын шинэ төмөр замын сэрэлтийн үлгэрийн чимэглэл байхаар тэр зургуудыг Васнецов бүтээсэн..." хэмээн Мамонтовын хүү Всеволод дурссан байдаг. Зургуудын нэг нь түүхэн талаас нь үнэн гэхээргүй "Скифүүдийн славянчуудтай хийсэн тулалдаан" зураг тэр хязгаарын өнгөрсөн түүхэнд зориулагдсан байдаг. Хоёр дахь зураг "Нисдэг хивс" нь тээврийн хөгжлийг бэлгэджээ. Харин гурав дахь "Газар доорхи Вант улсын гурван хатан хаан" зураг нь үлгэрээр бол, алт, мөнгө, зэсний вант улсуудыг төлөөлсөн гэх Александр Афанасьевын түүврийн үлгэрийн сэдэвтэй бөгөөд Васнецовын бүтээл нь алт, мөнгө, зэс биш харин үнэт чулуу, чулуун нүүрстэй холбогджээ. Гэвч энэхүү бүтээлүүд захиргааны зөвлөлийн гишүүдэд таалагдсангүй. Тэгээд Савва Мамонтов өөрөө хоёр зургийг нь худалдан авч гэртээ зоогийн өрөөгөө чимэглэсэн байдаг.  "Газар доорхи Вант улсын гурван хатан хаан" зургийг түүний ах Анатолий худалдан авчээ. Гурван жилийн дараа энэ зургийнхаа нэг хувилбарыг Васнецов киевын газрын эзэн меценат Иван Терещенкод зориулан зурсан байдаг. 1. Хатан хаан - АЛТ Эгч дүү нараас хамгийн эхэмсэг нь түүний нүүр царай, гарыг алтлаг өнгөөр зурж, эхэмсэг, бардам  зогсолт нь хөшөө мэт. Хатан хааны гоёл нь Петрын өмнө үеийн бүсгүйн хувцасны стильтэй, хоргой фрязь гэх захгүй ханцуйгүй нөмрөг маягийн урт хувцас бөгөөд түүний хоолой энгэрийг зүүтээр чимэглэсэн байгаа. Малгай нь оросын уламжлалт титэмлэг коруныг санагдуулна. 2. Хатан хаан - ҮНЭТ ЧУЛУУ Эгч дүүсийн дундахын хувцас нь бас орос бүсгүйчүүдийн уламжлалт гоёл бөгөөд мэргэжлийнх нь дагуу үнэт чулуугаар чимэглэжээ. 3. Хатан хаан - ЧУЛУУН НҮҮРС Бага дүү нь эгч нараасаа арай хол зогсох ба тэдэн шиг хувцаслаагүй. Тэр зүгээр нэг даруу харагдаагүй, Петрын өмнөх үед бүсгүй гараа мөр хүртэл ил гаргасан хувцас төсөөлөх аргагүй эд байж. Чулуун нүүрсийг төлөөлсөн хатан хааны гоёл дорнын ургуулсан зөгнөл, 1870-аад оны европын бүжигт наадмын гоёлтой адилтгахаар. Бүсгүйн толгой дээр дөл дүрсэлсэн нь уурын машины үеийн чухал түлш болж байгаа чулуун нүүрсний олборлолтод хандсан санаа болжээ. Чулуун нүүрс нь технологийн хөгжлийн болон зураачдын ирээдүйн тэмүүлэлийн бэлгэдэл болж байлаа. 4. Алчуурууд Алчуурыг зөвхөн том эгч нар нь барьжээ. “Чулуун нүүрс” хатаны гар нь чөлөөтэй. Бүсгүй нь уурын тэрэг давхилдах хурдан хөгжиж байгаа салбарын бэлгэдэл, тэр “цагаан гартан” биш гэдгийг зураач онцолж өгчээ. 5. Худаг Орос ардын үлгэрт гол баатар нь газрын гүнзгий нүхээр буун гурван вант улсад хүрдэг. Тэр тэндээс эхийгээ авран гурван үзэсгэлэнт хатан хааныг авч гардаг. Тэр сэдэв нь зургийг захиалагч ба зураачид утга санааг илэрхийлэх чухал болжээ. Шидэт үлгэрүүдэд газар дор өөр хүрэх аргагүй газрыг бүрлэгч өвөг дээдэс, сүнсний нутаг гэдэг. Тийшээ очсон хүн туршилт шалгалтыг даваад эд баялаг эсвэл гайхамшигтай ид шид мөн сүйт бүсгүйгээ олдог. Эртний тахил өргөх ёслолын тусгалыг тэндээс аман зохиолчид олж хардаг юм. 6. Олс Үлгэрийн баатар түүгээр газар доор буудаг. Үзэсгэлэнт бүсгүйчүүд олсоор дээш гарсны дараа баатрын том ах нар атаархсандаа олсыг огтлон дүүгээ тэнд үлдээдэг ба тэгээд ч түүний сүйт бүсгүй, бага дүү охин ер бусын их гунигтай. 7. Байгаль Хар баруун хадан уул нь нар жаргаж байгаа тэнгэрийн өнгөтэй эрс тэсийг үүсгэнэ. Сарьсан багваахайтай хурц тод өнгөөр нэлээдгүй хавтгай бичигдсэн дэвсгэр нь театрын таазны арын чимэглэл мэт сэтгэгдэл төрүүлэн энэ зураг нь интерьерын чимэглэл гэдгийг тодруулан өгнө. Зураач: Виктор Васнецов 1848 - Вятскийн аймгийн Лопьял тосгонд ламын гэр бүлд төржээ. 1862–1867 - Вятскийн шашины семинарид суралцан бурхан зурах арга барилтай болжээ. 1868–1875 - Петербургийн Уран зургийн академид суралцан завсраар нь номын чимэглэл зуран мөнгө олж байв. 1877 - Анагаахын мэс заслын академийн анхны эмэгтэй төгсөгчдийн нэг наймаачны гэр бүлээс гаралтай Александра Рязанцеватай гэрлэв. Тэднийх таван хүүхэд төрүүлэн өсгөжээ. 1878 - Хөдөлгөөнт уран зургийн үзэсгэлэнгийн Андуудын нэгдэлд элсэв. Эхнэрийн хамт Москвад шилжин суухаар иржээ. 1893–1894 - Өөрийн эскизээр Москвад урлантай байшингаа босгожээ. 1880 - "Игорь Святославичийн половцуудтай их тулааны дараа" зургаа зурсан ба үүний дараа тэр ахуйн уран зургаас түүх,  үлгэрийн сэдэвт шилжжээ. 1882 - Мамонтовынхны Абрамцево эдлэнд Спаса Нерукотворного (Дээрхийн Аврагч гэгээнтний нэг толгот)  сүмийн босгов. 1926 - Зүрхний дутагдлаар нас барсан түүнийг Москвагийн Введенскийн оршуулгын газар нутаглуулжээ. Материалыг 2022 оны "Вокруг света" сэтгүүлийн №1 дугаарт нийтэлжээ. М.ЦОГТ
https://www.inews.mn/a/25071
Яруу найрагч М.Амархүү "Болор цом"-ын эзэн боллоо
2022/11/25
Урлаг
Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадам Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Тус наадамд Архангай аймгийн Хотонт нутгийн хүү, яруу найрагч Мягмарын Амархүү түрүүлж “Болор цом”-ын эзэн боллоо. Тэргүүн байрны "Ургийн мод хэмээх тоон хэлхээс" шүлгийг хүргэж байна.  Есөн үед гурван зуун жил ургасан энэ ургийн мод Ертөнцийн хатан хэвлийд өнө удаан цэцэглэсэн юм Алтан нар, мөнгөн сар хүрэл мичдийг чамд л харуулах гэж Анхилхан мөчрөн биеийг чинь нахиалуулж ирсэн юм Таван зуун арван хоёр мөчиртэй энэ аварга модны орой одоо Таашгүй өндөрт тэнгэрийн цэцэрлэгт цэцэглэж байдаг юм Өндөр өвөг эмэг чинь болох хоёр зуун тавин зургаан зэсэн мөчир Өдгөө диваажингийн төгөлд мөнх навчсаа салхилуулж байдаг юм Гарьд начингийн өвөг шувууд салаа бүр дээр нь суугаад Гал улаахан жимснүүдийг нь цацруулан тоншиж байдаг юм Холбоо өвөг эмэг чинь болох зуун хорин найман гуулин мөчир Хойд насны ойд ангаахайн үүрийг бүүвэйлж байдаг юм Хангарьдын өвөг луун шувууд далавчаараа сэвээд Хан боргоцойг нь унагалгүй эрхлүүлж байдаг юм Хулан өвөг эмэг чинь болох жаран дөрвөн оюу мөчир Хурмаст тэнгэрийн хаалгыг сахин энх навчсаа будруулж байдаг юм Арслан заануудын өвөг сүнсэн биетнүүд нааш цааш холхин Агаар гэрэлтсэн биесээрээ шөргөөж байдаг юм Элэн өвөг эмэг чинь болох гучин хоёр номин мөчир Эдүгээ Шамбалын цэцэрлэгт сувдан бороонд гэрэлтэж байдаг юм Үлэг гүрвэлүүдийн өвөг хийн биетнүүд урагш хойш гүйлдэн Үнэр түгээсэн биеэсээрээ шүргэж байдаг юм Элэнц хуланц өвөг эмэг чинь болох хорин дөрвөн танан мөчир Энхжин Шамбалын хүрээлэнд галбирваасан модонд салаалаад Хувилгаан орчлонд үлдээсэн дөрвөн салаа мөчрөө Хугарч унахыг нь чагнаж зуун жилээр хүлээнэ Ээж аав чинь гэх хоёр мөчрийг салаалуулсан Эмээ өвөө чинь гэх дөрвөн салаа буурал мөчрүүд Үр ач нь гэх залуу ногоон мөчир чамайг улам улам Үзэсгэлэнтэйеэ ургахад чинь уярч баясаж жаргаад Үлдсэн нас нь уртсаж цэнгэлийн манлайг эдлэнэ ээ Энэ таван зуун арван хоёр мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Энх орчлонд чамайг л төрүүлэх гэж эсэн мэнд амь зуухдаа Эртний болор бороонд хэдэн удаа мөр нь нороо бол Ээмэг зүүлт, малгайн залаанаас нь хэчнээн дусал ус дусаа бол Тэр хоёр зуун тавин зургаан мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Тэргэл хорвоод чамайг л мэндлүүлэх гэж энх тунх аж төрөхдөө Тэсгим хүйтэн жаварт хэдэн удаа хацраа хайруулж даараа бол Тэрбум тэрбум цасан ширхэгийн хэчнээн нь толгойг бууралтуулж лавсаа бол Мөнөөх л зуун хорин найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Мөнгөн ертөнцөд чамайг л эрхлүүлэх гэж хавар намаргүй нүүж суухдаа Модон тэрэгнийх нь дугуй хэдэн удаа эргэж, хэчнээн өвс налуулаа бол Морин шоргоолж шүргэж хэчнээн олныг түйвээгээ бол Өнөөх л жаран дөрвөн мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Өргөн замбуулинд чамайг л тарвалзуулах гэж өвөл, зунгүй өвөлжиж, зусахдаа Өвөр хоорондоо хэдэн удаа шивнэлдэж, хэчнээн зул чимхээ бол Өчнөөн арслан чимээг нь чагнаж авдрынхаа нүүрэнд хулмайгаа бол Гучин хоёр, арван зургаа, найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Гурван зуун жилийн өдөр шөнөөс өнөөдөр чамайг л авчрах гэж Гуниг баярын орчлонд зүрхнүүд нь хэдэн удаа цохилж, хэчнээн жил гэрэлтээ бол Гутал, оймсоо элээж, хэдэн удаа гүйж, хэчнээн жил алхаа бол доо Элэнц, хуланц, элэн хулан өндөр өвөг эмгийн үргэлжлэл үр минь Энэ тоонуудын нийлбэр бөөм чиний л цусаар гүйж байгаа Энэ тоонуудын залгамж тавилан чиний л зүсээр гэрэлтэж байгаа... Энэ жил Эзэн Чингис хааны 860 жилийн ойд зориулан зохиож буй Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” наадмын хоёрдугаар шатанд дараах яруу найрагчид шүлгээ уншин өрсөлдсөн юм. 1. М.Амархүү (Архангай) 2. Ш.Бадамрагчаа (Хөвсгөл) 3. А.Байгальмаа (Дорноговь) 4. На.Батболд (Булган) 5. Г.Батжавхлан (Увс) 6. Л.Батсайхан (Улаанбаатар) 7. Т.Батхүрэл (Өмнөговь) 8. Б.Буянцэцэг (БНХАУ- Шинжаан) 9. А.Бөхням (Завхан) 10. Б.Бүргэд (Дээд Монгол) 11. С.Бүрнээ (Ховд) 12. Д.Галсансүх (Хэнтий) 13. Э.Гантулга (Дундговь) 14. Б.Ганхүрэл (Говь-Алтай) 15. Ч.Ганзориг (Баян-Өлгий) 16. Ц.Гончиг (Хөвсгөл) 17. П.Гэрэлхүү (Дорнод) 18. Д.Дашдондов (Орхон) 19. Б.Жамбалдорж (Ховд) 20. Г.Лхагвадорж (Завхан) 21. Л.Лхагвасүрэн (Улаанбаатар) 22. Л.Мажиггарав (Булган) 23. Л.Моломжамц (Өвөрхангай) 24. Л.Мөнхбаатар (Дархан-Уул) 25. Н.Мөнхбаяр (Орхон) 26. Л.Мягмарсүрэн (Говь-Алтай) 27. Г.Наранцогт (Булган) 28. Д.Нямдорж (Хөвсгөл) 29 Ц.Отгонбаатар (Ховд) 30. Д.Отгонцагаан (Сэлэнгэ) 31. Д.Сосорбарам (Орхон) 32. Г.Сүхбаатар (Говь-Алтай) 33. Д.Тунгалаг (Баянхонгор) 34. А.Түмэнбаяр (Хэнтий) 35. Ч.Ууганбаяр (Өвөрхангай) 36. М.Уянсүх (Дархан-Уул) 37. О.Цэнд-Аюуш (Завхан) 38. Ширапова Валерия Тогтохоевна (ОХУ- Буриад) 39. О.Элбэгтөгс (Хөвсгөл) 40. Л.Эрдэнэбат (Дорноговь) Дашрамд, 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадамд МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн. Мөн 38 дахь удаагийн “Болор цом” наадамд Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж байсан юм. Мөн “Болор цом-37” наадамд яруу найрагч Б.Жамбалдорж "Жамын цас" шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны "Болор цом" наадам зохион байгуулагдсан түүхтэй.
https://www.inews.mn/a/29940
End of preview. Expand in Data Studio

Dataset Card for Dataset Name

Dataset Summary

This dataset card aims to be a base template for new datasets. It has been generated using this raw template.

Supported Tasks and Leaderboards

[More Information Needed]

Languages

[More Information Needed]

Dataset Structure

Data Instances

[More Information Needed]

Data Fields

[More Information Needed]

Data Splits

[More Information Needed]

Dataset Creation

Curation Rationale

[More Information Needed]

Source Data

Initial Data Collection and Normalization

[More Information Needed]

Who are the source language producers?

[More Information Needed]

Annotations

Annotation process

[More Information Needed]

Who are the annotators?

[More Information Needed]

Personal and Sensitive Information

[More Information Needed]

Considerations for Using the Data

Social Impact of Dataset

[More Information Needed]

Discussion of Biases

[More Information Needed]

Other Known Limitations

[More Information Needed]

Additional Information

Dataset Curators

[More Information Needed]

Licensing Information

[More Information Needed]

Citation Information

[More Information Needed]

Contributions

[More Information Needed]

Downloads last month
2