headline
stringlengths
5
185
date
stringlengths
19
19
author
stringlengths
6
16
mail
stringlengths
15
30
category
stringclasses
9 values
sub_category
stringlengths
3
20
body
stringlengths
25
116k
link
stringlengths
30
34
Кевин Маккарти Тайваньд үргэлжлүүлэн зэвсэг нийлүүлэхийг дэмжиж байгаагаа мэдэгджээ
2023-04-06 10:09:32
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /RT/. АНУ Тайваньд зэвсгийн худалдаагаа үргэлжлүүлж, нийлүүлэлтээ цаг тухайд нь хийх ёстой гэж тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэньтэй лхагва гарагт уулзсаныхаа мэдэгджээ.  "Бид Тайваньд зэвсгийн худалдаагаа үргэлжлүүлж, ийм худалдаа Тайваньд  цаг хугацаандаа хүрч байгаа эсэхийг шалгах ёстой" гэж тэрбээр хэлсэн байна. К.Маккарти мөн Вашигтон, Тайбэй эдийн засгийн хамтын ажиллагаагаа, тэр дундаа технологийн салбарт бэхжүүлэх ёстой гэж онцлон тэмдэглэжээ. Цай Инвэньтэй уулзах үеэрээ АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга бүс нутагтай харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж амласан байна. Тэрбээр Тайваньтай өрнүүлэх харилцаа нь "урьд урьдынхаас илүү чухал" бөгөөд харилцаа холбоо нь түүний ой дурсамжид хэзээ ч байгаагүй илүү бат бөх болсон хэмээн нэмж хэлжээ. К.Маккартигийн хэлснээр, АНУ-Тайванийн найрамдал нь бүхий л "чөлөөт ертөнцөд" чухал ач холбогдолтой. Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь Гватемал, Белиз улсад айлчилсныхаа дараа лхагва гарагт АНУ-аар дамжин арал руу буцахдаа Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай уулзсан байна.Тус арлыг нутаг дэвсгэрийнхээ салшгүй нэг хэсэг гэж үздэг Хятад улсын эрх баригчид энэхүү айлчлалыг ээлжит өдөөн хатгалга гэж үзэж байгаа бөгөөд Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдийг шийтгэх шийдэмгий арга хэмжээ авна гэж Хятадын Коммунист намын Төв хорооны Тайванийн хэрэг эрхлэх газраас пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
https://montsame.mn/mn/read/316225
Ж.Байден Их Британи, Ирландад айлчилна
2023-04-06 07:09:10
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дөрөвдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Их Британи, Ирландад айлчилна гэж Цагаан ордны хэвлэлийн алба лхагва гарагт мэдээллээ. “Ерөнхийлөгч Байден эхлээд 25 жилийн өмнө Белфастын хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш гарсан онцгой ахиц дэвшлийг тэмдэглэхийн тулд, түүнчлэн Умард Ирландын эдийн засгийн чадавхыг дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдэхээр дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Умард Ирландын Белфаст хотод очно" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.Белфастаас тэрбээр Ирландыг зорих бөгөөд дэлхий нийтийн бүхий л асуудлын хүрээнд нягт хамтран ажиллах талаар хэлэлцэж,  Дублин, Лаут болон Мейо гүнлигт болох үйл ажиллагаанд оролцоно. Америкийн удирдагч дөрөвдүгээр сарын 14-нд Вашингтонд буцаж ирэх аж. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Белфастын энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны 25 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Ерөнхийлөгчийг Умард Ирландад айлчлахыг урьсан бөгөөд Ж.Байден урилгыг хүлээн авсан гэж “Sky News” телевизийн суваг урьд нь мэдээлжээ.Ж.Байдены гэр бүл Ирланд гаралтай юм. Түүний эхийн талын хуланц өвөө Жеймс Финнеган арлын хүн амын гол хүнс болох төмсний тариалангийн талбайгаар мөөгөнцөр тархсаны улмаас сая гаруй хүн нас барж байсан 1845-1852 оны их өлсгөлөнгийн үеэр Америк руу цагаачилжээ.Энэхүү хэлэлцээрт 1998 оны дөрөвдүгээр сарын 10-нд Белфаст хотод Их Британи, Бүгд Найрамдах Ирландын Улсын Засгийн газрын төлөөлөгчид түүнчлэн Умард Ирландын улс төрийн ихэнх хүчний төлөөлөгчид гарын үсэг зуржээ. Уг гэрээ нь Умард Ирландыг Нэгдсэн Вант Улсын нэг хэсэг хэвээр үлдээхийг дэмждэг протестантууд болон католиг шашинт үндсэрхэг үзэлтнүүдийн хоорондох зэвсэгт мөргөлдөөнд цэг тавьсан юм.
https://montsame.mn/mn/read/316209
“Tesla”-гийн Шанхай дахь үйлдвэрийн нийлүүлэлт 35 хувиар өсжээ
2023-04-05 16:56:40
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ШАНХАЙ. /Xinhua/. АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн Шанхай хот дахь үйлдвэр гуравдугаар сард 88 869 автомашин нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 35 хувиар өслөө гэж Хятадын Суудлын автомашины холбооноос мэдээлжээ. “Tesla”-гийн Шанхай дахь Судалгаа шинжилгээ, инновацын төв одоогоор үйлдвэрээс гарсан тээврийн хэрэгсэл, цэнэглэх тоног төхөөрөмж дээр илүү шинэлэг хөгжүүлэлт хийхэд түлхүү анхаарч байна. “Tesla”-гийн программ хангамжийн инженерчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Дэвид Лау хэлэхдээ, Хятад дахь багууд Хятадын хэрэглэгчдэд нийцүүлэн бүтээгдэхүүнүүдээ өөрчилж болно гэсэн баталгаа өгч байгааг онцолжээ. Шанхай дахь үйлдвэр 2022 онд 710 мянган тээврийн хэрэгсэл зах зээлд нийлүүлсэн нь өмнөх оныхоос даруй 48 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 2019 онд байгуулагдсан энэхүү үйлдвэр нь “Tesla” компанийн АНУ-аас гадна байгуулсан анхны гига-үйлдвэр юм. Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээллээр, Хятад нь шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалтын хамгийн том зах зээл юм. Энэ оны эхний хоёр сард Хятадад шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалт 933 мянгад хүрчээ.
https://montsame.mn/mn/read/316201
Гайхамшигт шидэлт Монголын багт аваргын цомыг эргүүлэн авчирлаа
2023-04-05 16:44:51
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
СИНГАПУР. /The Straits Times/. Монголын шигшээ баг Олон улсын сагсан бөмбөгийн холбооны /FIBA/ 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний /АШТ/ шувтаргын тоглолтод учраа таарсан Австралийн багийг 17-12-оор хошуучилж байсан ч тоглолтын цаг дуусах дөхөхөд онооны харьцаа 18-18 болж тэнцсэн.Гэвч “FIBA”-гийн хөгжөөн дэмжигчдийн санал хураалтаар 2022 оны 3x3 сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор шалгарч байсан Монголын од А.Ананд огтхон ч сэтгэлээр унасангүй, харин ч эсрэгээрээ 25 настай залуу гайхалтай шидэлтээрээ Сингапурын “OCBC Square” цэнгэлдэх хүрээлэнд цугласан олныг суудлаас нь өндөлзүүллээ.Хэдийгээр Эндрю Стил А.Анандыг сандаргасан ч тэрбээр хоёр онооны шидэлтээ амжилттай гүйцэтгэхдээ алдаа авч, улмаар торгуулийн шидэлтээ оруулснаар багтаа хожлын оноог авчирч, Монголын баг 21-18 онооны харьцаагаар 2017 онд эх орондоо болсон Азийн АШТ-ий үеэр хүртсэн аваргын цолоо эргүүлэн авч чадсан юм.3x3 сагсан бөмбөгт ойрын болон дундын зайнаас гоол оруулахад нэг оноо, шугамны гаднаас гоол оруулахад хоёр оноо авдаг. Ийнхүү аль нэг баг нь 21 оноо авсан тохиолдолд юм уу 10 минут үргэлжлэх тоглолтын төгсгөлд хамгийн олон оноо авсан баг нь хождог.А.Ананд гайхалтай шидэлтээ гүйцэтгэж, үзэгчдийн талархлыг хүлээснийхээ дараа, “Бэлтгэлийнхээ үеэр би хэцүү шидэлтүүдийг байнга давтдаг. Ийм эгзэгтэй мөчид амжилттай гоол оруулсандаа маш их баяртай байна. Монголынхоо төлөө энэ гоолоо зориулж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.3.4 сая хүрэхгүй хүн амтай Монгол Улс нь бокс, бөх зэрэг спортын ганцаарчилсан төрлүүдээрээ илүү танигдсан ч өдгөө 3x3 сагсан бөмбөгийн төрөлд цойлон гарч ирж байгаа бөгөөд эмэгтэй шигшээ баг нь 2021 оны Токиогийн Олимпын наадамд хүчээ сорьсон билээ.Токиогийн Олимпод оролцсон О.Хулан болон түүний багийнхан энэ удаагийн Азийн АШТ-д шөвгийн наймын тоглолтод Хятадын багт хожигдсон ч тэрбээр 27 настай ах О.Энхбаатарыг алтан медаль хүртэхийг нь баярын нулимстай үзэж байлаа. “Бид 18 настайгаасаа 3x3 сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Өмнө нь ямар нэгэн спортоор хичээллэдэггүй, хичээлээ л хийдэг байсан. Өөрийнхөө дуртай зүйлийг олоод, түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж чадвал боломжгүй зүйл байхгүй гэдгийг энэ бүхэн харуулж байна” гэж 23 настай О.Хулан ярьжээ. Азийн АШТ-ий Үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан Д.Дэлгэрнямын хэлснээр, 2012 онд болсон Азийн элсний спортын наадмаас Монголын баг хүрэл медаль хүртсэнээс хойш 3x3 сагсан бөмбөг олны анхаарлыг татаж эхэлсэн байна. Мөн бие махбодын хувьд бид хэт өндөр бас хэт намхан биш, мөн хүчтэй, хурдан байдаг нь энэ төрөлд илүү тохирдог гэлээ.“2017 онд гаргасан амжилтаас хойш илүү олон хүн энэ спортоор хичээллэж эхэлсэн. Бид дөрвөн финалд шалгарсан бөгөөд дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй гээд нийтдээ зургаан мэргэжлийн багтай болсон. Одоо 3х3 Монголын хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүдийн болоод байна” хэмээн тэрбээр ярилаа.
https://montsame.mn/mn/read/316194
Э.Макрон төрийн айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэн иржээ
2023-04-05 15:51:33
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /CCTV/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэн ирлээ.  Дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл үргэлжлэх айлчлалынхаа үеэр Э.Макрон БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянь, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Жао Лэзи нартай уулзана. Францын төрийн тэргүүн Бээжингээс гадна Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Гуанжоу хотод айлчилна.БНХАУ-ын дарга, Францын Ерөнхийлөгч нар "Хятад, Франц, Хятад, Европын Холбооны хамтын ажиллагааг "янз бүрийн салбарт гүнзгийрүүлэх талаар" хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин урьд нь мэдээлсэн. Елисейн ордны эх сурвалжийн мэдээлснээр, Францын удирдагч Бээжинд Украины мөргөлдөөн, Франц-Хятадын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эдийн засгийн салбарын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Э.Макрон, Ши Жиньпин нар өнгөрсөн оны 11 дүгээр сард Индонезод болсон "G20" -ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан бол Францын удирдагч хамгийн сүүлд 2019 онд Хятадад айлчилсан байна.
https://montsame.mn/mn/read/316190
Билл Гейтс хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг түр зогсоох нь асуудлыг шийдэхгүй гэж үзэж байна
2023-04-05 15:15:03
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ТЕХНОЛОГИ
ЛОНДОН. /Reuters/. “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс хиймэл оюун ухааны технологийн хөгжүүлэлтийг түр зогсоох нь хүн төрөлхтөнд учирч болох эрсдэлүүдийг шийдэж чадахгүй гэж үзэж байна. “Туршилтыг яг хэн, яагаад зогсоох ёстойг, дэлхийн бүх улс орон үүнд бэлэн байгаа эсэхийг би сайн ойлгохгүй байна.  Хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд түр завсарлага авахыг хүсэх нь асуудлыг шийднэ гэж би бодохгүй байна" гэж тэрбээр хэлжээ. Хөгжүүлэлтийг түр зогсоохын оронд одоо байгаа хиймэл оюун ухааны шийдлүүдийн давуу талыг ашиглаж, ингэхдээ "эрсдэл учруулж болзошгүй талуудыг нь тодорхойлохыг" Б.Гейтс санал болгож байна.“Tesla”, “SpaceX” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск, “Apple” компанийг хамтран үүсгэн байгуулагч Стив Возняк зэрэг хиймэл оюуны технологийн салбарын 1 000 гаруй мэргэжилтний гарын үсэг бүхий нээлттэй захидалд Б.Гейтс ийм тайлбар өгчээ.Гуравдугаар сарын 29-нд нийтлэгдсэн уг захидалд судлаачид “GPT-4”-өөс илүү их хүчин чадалтай байх хиймэл оюун ухааны системийг сургахад дэлхий даяар зургаан сарын хугацаатай завсарлага авахыг уриалсан байна. "Хүний" үүрэг даалгаврыг гүйцэтгэх хиймэл оюун ухааныг хязгааргүй хөгжүүлэх нь хүн төрөлхтнийг эрсдэлд оруулж байна гэж захидалд дурджээ.
https://montsame.mn/mn/read/316183
Израилаар аялах жуулчдын тоо өсжээ
2023-04-05 12:57:42
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЙЕРУСАЛИМ. /Globes/. Израил улс энэ оны гуравдугаар сард 352 мянга орчим гадаадын жуулчин хүлээн авсан талаар тус улсын Статистикийн төв товчооноос мягмар гарагт мэдээлэв. Энэ нь 2019 оны 12 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.Израилын эрх баригчид 2022 оны нэгдүгээр сараас “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан, халдвар аваад эдгэрсэн жуулчдад хилээ нээж, улмаар хоёр сарын дараагаас вакцинд хамрагдаагүй жуулчдыг хүлээн авч эхэлснээс хойш аялал жуулчлал аажмаар сэргэж байгаа юм. Энэ оны эхний гурван сарын хугацаанд Израилыг зорин ирсэн жуулчдын тоо 916 300-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн цар тахал дэгдэхээс өмнөх 2019 оны үеийнхтэй дөхөж очсон байна.  Израилд “COVID-19” халдварын улмаас хилийн хяналтын арга хэмжээнүүд тогтоогоод байсан 2022 оны эхний улиралд 310 мянга орчим жуулчин ирж байсан бол 2019 оны мөн улиралд түүхэндээ хамгийн олон буюу 1.1 сая орчим жуулчин хүлээн авч байжээ. Үүнээс гадна хилийн чанадад аялах израилчуудын тоо цар тахлын өмнөх үеийн түвшнийг давсан байна. Статитикийн төв товчооны тайланд дурдсанаар, 2023 оны эхний гурван сард 1.9 сая иргэн хилийн чанадад аялжээ.
https://montsame.mn/mn/read/316165
Японд алтны үнэ дахин дээд хэмжээнд хүрчээ
2023-04-05 11:22:34
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Kyodo/. Хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгаатай холбоотойгоор Японд алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрч нэмэгджээ. Тус улсын үнэт металл, үнэт чулууг ашиглан үнэт эдлэл үйлдвэрлэгч, борлуулагч томоохон компаниудын нэг болох “Tanaka Kikinzoku” лхагва гарагт буюу өнөөдөр 1 грамм алтны жижиглэнгийн үнийг 9 443 иен буюу 71.74 ам.доллар байхаар тогтоосон байна. Японд алтны үнэ хамгийн сүүлд гуравдугаар сарын 31-нд түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилж байв. Өнөөдрийн байдлаар Токиогийн таваарын бирж дээр алтны фьючерс хэлцлийн үнэ 8 527 орчим иен (64.78 доллар) байна.Үүний сацуу АНУ-ын эдийн засаг удаашрах вий гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолтой холбоотойгоор Токиогийн хөрөнгийн биржийн индексүүд өнөөдрийн арилжаа эхлэхэд унасан байна. Тухайлбал, Японы тэргүүлэгч 225 компанийн хувьцааны ханшийг харуулдаг "Nikkei" индекс 1.32 хувиар доошилж, 27 912 нэгж болжээ. Мөн ам.долларын иентэй харьцах ханш 0.79 хувиар суларч, нэг ам.доллар 131.54-131.55 иен болсон байна.
https://montsame.mn/mn/read/316154
Саудын Араб, Ираны Гадаад хэргийн сайд нар Бээжинд уулзана
2023-04-05 11:16:37
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ДУБАЙ. /TASS/. Саудын Араб, Ираны Гадаад хэргийн сайд нар болох Фейсал бен Фархан Аль Сауд, Хосейн Амир Абдоллахиян нар пүрэв гарагт Бээжинд уулзана гэж “Asharq Al-Awsat” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, уулзалтын үеэр хоёр орны дипломат харилцааг сэргээх тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах Эр-Рияд, Техран хоёрын цаашдын алхмуудыг хэлэлцэнэ. Үүнээс гадна, Элчин сайдын яамдын үйл ажиллагааг сэргээх асуудлыг хөндөх аж. Сайд нарын яриа хэлэлцээ Хятадад болж байгаа нь хоёр орны хооронд харилцаа тогтооход Бээжин нааштай үүрэг гүйцэтгэж байгааг баталж байна гэж сонины эх сурвалжуудын нэг онцолжээ. Өнгөрсөн сард талууд Хятадын зуучлалтайгаар харилцаагаа хэвийн болгох тохиролцоонд хүрсэн билээ. Гадаад хэргийн сайд нарын уулзалтын бэлтгэл ажил гуравдугаар сарын 10-наас хойш удалгүй эхэлсэн байна. 2015 оны гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй эвсэл Йемений нутагт дэвсгэрт “Ансар Аллах” (хусит) бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг явуулж эхэлснээр Эр-Рияд, Техраны харилцаа хурцадсан. 2016 оны нэгдүгээр сард Эр-Рияд хотод шиит шашны алдартай номлогч Шейх Нимр аль-Нимрийг цаазалсанд дургүйцсэн олон Техран хот дахь Саудын Арабын Элчин сайдын яам болон Мешхед хот дахь Консулын газар луу дайрсны дараа Саудын Араб Исламын бүгд найрамдах улстай дипломат харилцаагаа тасалсан юм.
https://montsame.mn/mn/read/316142
Австрали “TikTok”-ийг төрийн байгууллагын төхөөрөмжүүдэд ашиглахыг хориглоно
2023-04-05 11:06:51
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КАНБЕРРА. /DW/. Австрали улс үндэсний аюулгүй байдлын үүднээс “TikTok” аппликейшнийг засгийн газрын бүх төхөөрөмжид ашиглахыг хориглохоор болсноо мягмар гарагт мэдэгдлээ.Ингэснээр Хятадын аппликейшний эсрэг хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буй Барууны орнуудтай ижил шийдвэр гаргаж байна.Австралийн Ерөнхий прокурор Марк Дрейфусын мэдэгдсэнээр, хоригийг “хэрэгжүүлэх боломжтой болмогц” батлах ажээ.Хятадын 2017 оны мэдээллийн нууцлалын тухай хууль“TikTok” нь “ByteDance” компанийн эзэмшдэг, Бээжинд төвтэй компани юм. Дэлхий даяар нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй уг аппликейшнд богино хэмжээний дүрс бичлэгүүдийг байршуулдаг.Эхэндээ олон орны засгийн газрууд “TikTok”-ийг уламжлалт хэвлэлийн мэдээллийн сувгуудаар дамжуулан хүрэхэд хэцүү гэж үздэг залуу үеийнхэнтэй холбогдох үр өгөөжтэй хэрэгсэл гэж харж байлаа.Гэвч уг аппликейшнийг хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулж, Хятадын засгийн газарт дамжуулдаг байж болзошгүй гэдгийг цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд удаа дараа анхааруулсаар иржээ.Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн шинжээч Фергус Райаны хувьд төрийн байгууллагын төхөөрөмжүүдэд “TikTok”-ийг хориглохоор болсныг “энгийн, ойлгомжтой шийдвэр” гэж тодорхойлсон байна.Хятадад 2017 онд хувийн мэдээлэл нь үндэсний аюулгүй байдалтай хамаатай бол улсад өгөхийг дотоодын компаниудад үүрэг болгосон хууль батлагджээ.“TikTok”-ийн хэрэглэгчдийн мэдээлэл Хятадад нээлттэй байгаа нь олон жилийн турш тодорхой байсаар ирсэн гэж Ф.Райан “AFP” агентлаг ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.Харин Бээжингийн засаг захиргаа ийм мэдээллийг эрс няцаасаар ирсэн юм.Хятад улс “аливаа улс орны хууль тогтоомжийг зөрчин гадаадын улс орнуудад байгаа мэдээллийг цуглуулах, өгөхийг компани, хувь хүмүүсээс хэзээ ч шаардаж байгаагүй бөгөөд хэзээ ч шаардахгүй” гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин гуравдугаар сард мэдэгдсэн билээ.“TikTok”-ийг хориглох орнуудын тоо нэмэгдсээр байнаАвстрали уг аппликейшнийг хориглохоо мэдэгдсэнээрээ Франц, Бельги, Европын Комиссын эгнээнд нэгдэж байна. Австралийг оруулснаар “Five Eyes” тагнуулын мэдээлэл солилцох сүлжээний бүх гишүүн буюу Австрали, Канад, АНУ, Их Британи, Шинэ Зеланд улсууд “TikTok”-ийг төрийн байгууллагын төхөөрөмжүүддээ ашиглахыг хориглоод байна.2020 онд Энэтхэг улс “TikTok” болон Хятадын бусад аппликейшнийг хэрэглэхийг хориглосон анхны улс болсон юм.“TikTok” сэтгэл дундуур байнаАвстралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе Дотоод хэргийн яамны судалгаа дууссаны дараа “TikTok”-ийг хориглохыг зөвшөөрсөн гэж Австралийн хэвлэлүүд мэдээлж байна.Харин “TikTok”-ийн Австрали, Шинэ Зеланд дахь үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер Ли Хантер компани хоригийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулаад сэтгэл дундуур байгааг уламжилжээ.Тэрбээр Австралийн “The Age” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр, компанийн зүгээс “уг бодлогын талаар засгийн газартай бүтээлчээр хамтран ажиллах саналыг олон удаа тавьсан” хэмээн хэлсэн байна.Мөн “TikTok” австраличуудад аюулгүй байдлын асуудалтай холбоотой эрсдэл учруулж байгаа гэх “ямар ч нотлох баримт байхгүй” бөгөөд “бусад нийгмийн сүлжээний платформуудаас ялгаатай хандах ёсгүй” гэдгийг Л.Хантер онцолжээ.
https://montsame.mn/mn/read/316146
Газын зурвасаас Израил руу пуужин харважээ
2023-04-05 10:07:43
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ. /AFP/. Мягмар гаргийн орой Газын зурвасаас Израилын нутаг дэвсгэр лүү есөн пуужин харвасан гэж тус улсын армийн хэвлэлийн алба мэдээлжээ. Хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар, Газын зурвасаас харвасан пуужингуудын дөрвийг нь “Төмөр дээвэр” системээр амдан сөнөөжээ. Түгшүүрийн хоёр дахь дохио дуугарсны дараа Газын зурвасаас дахин дөрвөн пуужин харвасан нь задгай газарт унасан гэж мэдээнд дурдсан байна. Харин амдан сөнөөж чадаагүй пуужин нь Сдерот хотын аж үйлдвэрийн бүс дэх үйлдвэр дээр туссан гэж KAN телевизийн суваг мэдээлжээ. "Al Mayadeen" телевизийн сувгийн мэдээлснээр, Иерусалим хотын Аль-Акса сүмд палестинчууд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсны дараа пуужин харвасан байна. Израилын хүчнийхэн Аль-Акса сүм рүү дайран орж 200 гаруй палестинчуудыг баривчилсан гэж Палестины WAFA агентлаг өнөө өглөө мэдээлжээ. Сүмд болсон мөргөлдөөний үеэр хэдэн арван палестин гэмтэж бэртсэн гэж тус агентлаг мэдээлсэн байна. Израилын энэхүү ажиллагааг Иордан, Египет улс буруушаажээ. Израил, Палестины төлөөлөгчид лалын шашинтнуудын ариун Рамадан сарын үеэр мөргөлдөөнийг хурцатгахгүй байх үүднээс өнгөрсөн сард хоёр ч удаа уулзсан байна.
https://montsame.mn/mn/read/316135
Д.Трамп өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэснийг "сонгуульд хөндлөнгөөс оролцож буй явдал" гэв
2023-04-05 09:26:11
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
МАРА-А-ЛАГО. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэснийг сонгуульд хөндлөнгөөс оролцож буй явдал гэж мэдэгджээ. “Сонгуульд хөндлөнгөөс оролцох явдал одоо манай улсад урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй болж байна. Энэ нь Жорж Соросын дэмжлэгтэйгээр прокурор Элвин Брэггээс эхэлж байна" гэж тэрбээр мягмар гаргийн орой Флорида дахь Мар-а-Лаго эдлэнгээсээ мэдэгдэл хийхдээ хэлсэн байна. "Хачирхалтай нь, одоо бид бүтэлгүйтсэн улс болоод байна. Бид уналтын байдалд байна. Одоо эдгээр радикал зүүний хийрхэгчид манай хууль сахиулах байгууллагуудыг ашиглан сонгуульд хөндлөнгөөс оролцохыг хүсэж байна. Бид үүнийг зөвшөөрч чадахгүй. Хайрт эх орныг минь хар үүл бүрхсэн хэдий ч, энэ бүхнийг үл харгалзан бид Америкийг дахин агуу болгоно гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ. Мягмар гарагт Нью-Йорк дахь Манхэттены эрүүгийн шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг санхүүгийн залилангийн хэрэгт буруутгажээ. Түүнийг 2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэр бусад гэмт хэргийг нуун далдлах зорилгоор ийм үйлдэл хийсэн гэж прокурорын газар үзэж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч асныг нийт 34 зүйл ангиар буруутгасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
https://montsame.mn/mn/read/316127
Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 4.8 хувиар өснө
2023-04-05 09:00:08
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
МАНИЛА. /Kyodo/. Өнгөрсөн онд 4.2 хувиар өссөн Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2023, 2024 онд 4.8 хувиар өснө гэж Азийн хөгжлийн банк /АХБ/ мягмар гарагт мэдээллээ.АХБ-ны мэдээлснээр, Хятад улс “COVID-19”-тэй тэмцэх хязгаарлалтуудаа цуцалснаас гадна Энэтхэгт дотоодын эрэлт өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Ази, Номхон далайн бүс нутгийн 46 орныг хамардаг Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт өмнөх оныхоос өндөр гарах төлөвтэй байна. Энэ бүлэгт Япон, Австрали, Шинэ Зеландыг оруулдаггүй. Харин инфляц 2022 онд 4.4 хувьтай байсан бол энэ онд 4.2 хувьд, ирэх онд 3.3 хувьд хүрч, “цар тахлын өмнөх дундаж түвшиндээ аажмаар ойртох” төлөвтэй байна гэж АХБ Азийн хөгжлийн 2023 оны төлөв байдлын тайланд дурджээ. “БНХАУ “COVID-19”-тэй тэмцэх хязгаарлалтын арга хэмжээнүүдээ цуцалсан нь бүс нутгийн хэтийн төлөвт гэрэл гэгээ авчирч байна” гэж АХБ-ны ахлах эдийн засагч Альберт Парк онцлов. Өнгөрсөн онд 3 хувийн өсөлт үзүүлсэн Хятадын эдийн засаг 2023 онд 5 хувиар өсөх тооцоо гарсан бол Энэтхэгийн эдийн засаг 6.4 хувиар тэлэх төлөвтэй байна. АХБ-ны мэдээлснээр, өнгөрсөн оны сүүлээр дэлхийн хэмжээнд эрэлт суларсан нь үйлдвэрлэлийг сааруулсан ч сүүлийн үед бизнесийн нөхцөл байдал сайжирч буй дүр зураг ажиглагдаж байгаа ажээ. Тус банк мөн бүс нутгийн хэтийн төлөвт учирч болох хэд хэдэн эрсдэлийн талаар анхааруулсан бөгөөд Украины дайн, худалдаа, нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлж буй геополитикийн хурцадмал байдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө зэргийг нэрлэжээ.
https://montsame.mn/mn/read/316125
Дэлхий даяар хорт хавдрын тохиолдол нэмэгдэх төлөвтэй байна
2023-04-04 16:29:26
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /Anadolu/. Дэлхий даяар хорт хавдрын тохиолдлын тоо 2040 он гэхэд 2020 оныхтой харьцуулахад 55 хувиар нэмэгдэж болзошгүй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тоон мэдээлэл харуулжээ.“Хэрэв хорт хавдрын өвчлөлийн үзүүлэлт тогтвортой хэвээр байж, хүн амын өсөлт, хөгшрөлт үргэлжилбэл 2040 он гэхэд дэлхийн хэмжээнд 28 сая шинэ тохиолдол бүртгэгдэх тооцоотой байна” гэж ДЭМБ мэдээлсэн байна. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 54.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Нас баралтын тэргүүлэх шалтгааны хоёрдугаарт бичигддэг хорт хавдраар жил тутам 734 мянган хүн оношлогддог бөгөөд 2020 онд дэлхийн хэмжээнд нас барсан зургаан хүн тутмын нэг нь уг өвчний улмаас нас баржээ. 2020 онд дэлхий даяар 19.2 сая гаруй хүн хорт хавдартай хэмээн оношлогдсон бол 9.9 сая гаруй хүн уг өвчнөөр нас барсан байна.Эрэгтэйчүүдэд уушги, түрүү булчирхай, бүдүүн гэдэс, ходоод, элэгний хорт хавдар, харин эмэгтэйчүүдэд хөх, бүдүүн гэдэс, уушги, умайн хүзүү, бамбай булчирхайн хорт хавдар хамгийн түгээмэл тохиолддог. Үүнээс гадна жилд дэлхий даяар 400 мянга орчим хүүхэд хорт хавдартай хэмээн оношлогддог байна.Хорт хавдрын улмаас бие махбод, сэтгэл санаа, эдийн засагт учрах дарамт дэлхий даяар улам нэмэгдсээр байгаа нь дунд болон бага орлоготой олон оронд уг асуудлыг зохицуулахад улам хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Мэс засал, хими эмчилгээ, туяа эмчилгээ, ясны чөмөг шилжүүлэн суулгах зэрэг эмчилгээ нь хорт хавдрын хамгийн түгээмэл эмчилгээ юм. Хорт хавдраас шалтгаалсан нас баралтын 30-50 хувийг эрт оношилж, үр дүнтэй эмчилгээ хийснээр урьдчилан сэргийлэх боломжтой хэдий ч цаг алдалгүй оношлуулж, эмчлүүлэх боломжгүй тохиолдол их байдаг. Олон улсын хорт хавдрын судалгааны агентлагийн мэдээллээр, Ази тивд хамгийн олон буюу 9.5 сая гаруй хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн байна.
https://montsame.mn/mn/read/316103
Хятад улс Украины мөргөлдөөний асуудлаар ЕХ-той хэлэлцээ хийхэд бэлэн байгааг мэдэгдэв
2023-04-04 16:15:48
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эрх баригчид Украины хямралыг тайван замаар зохицуулах асуудлаар Европын Холбоотой /ЕХ/ яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгджээ. "Бид Украины мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах асуудлаар Европын талтай яриа хэлцэлцээ хийж, холбоо тогтооход бэлэн байна" гэж тэрбээр өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйений мэдэгдэлд тайлбар өгөхдөө мэдэгдсэн байна.Хятадын дипломатч БНХАУ нь Украины мөргөлдөөнд оролцогч тал биш гэдгийг сануулаад “энэ асуудалд ЕХ бусдын нөлөөгүй стратеги баримталж, улс төрийн мэргэн ухааныг харуулна” хэмээн найдаж байна гэж нэмж хэлжээ. Тэрбээр Бээжин Украины хямралыг тайван замаар зохицуулах үйл явцыг тууштай дэмжиж, идэвхтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэсэн байна. Мөн ЕХ бүс нутагт тогтвортой байдлыг удаан хугацаагаар хадгалах алхам хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө, Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд Хятад улс үр өгөөжтэй үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байна гэж мэдэгдсэн байна.
https://montsame.mn/mn/read/316100
Нарны аймгийн гаднах гаргийн соронзон орноос үүссэн радио долгионыг барьж авчээ
2023-04-04 15:32:31
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК. /NSF/. Гараг судлаачид Тэнгэрийн цэцэрлиг /Cetus, Cet/ одны ордод орших “YZ” одны соронзон орон энэхүү одыг тойрон эргэдэг хадархаг гаргийн соронзон мандалтай харилцан үйлчлэлд орсны дүнд үүссэн үе үе давтагдах радио долгионыг анх удаа барьж авчээ. Энэхүү нээлт нь "дэлхийтэй төстэй" гаргууд соронзон оронтой байж магадгүйг харуулж байна гэж АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сангийн (NSF) хэвлэлийн алба мэдээлсэн байна. АНУ-ын Колорадогийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Себастьян Пинедагаар ахлуулсан гараг судлаачид нарны аймгийн гадна орших хадархаг гаргууд хангалттай хүчтэй соронзон оронтой байж болох анхны нотолгоог илрүүлсэн байна. Тэд энэхүү нээлтээ дэлхийгээс 12.1 гэрлийн жилийн алсад орших Тэнгэрийн цэцэрлиг одны ордын “YZ Ceti b” гаргийг ажиглах үеэрээ хийжээ. “YZ Ceti b” нь “YZ” одоо харьцангуй ойр зайд тойрон эргэдэг бөгөөд энэ улаан одой одыг хоёр өдрийн дотор тойрон эргэдэг тул гадаргуу дээр нь маш өндөр температур зонхилох аж. Пинеда болон түүний багийнхан газарт суурилсан “VLA” радио дуран авайгаар хийсэн ажиглалтынхаа үеэр “YZ” одны систем нь үе үе давтагдах ер бусын радио долгион ялгаруулж байгааг илрүүлжээ. Радио долгионы давтамж нь “YZ Ceti B” нь улаан одой одоо тойрон эргэж байгаа давтамжтай таарч байсан аж.  Энэхүү радио долгион нь уг гаргийн соронзон мандал ба “YZ” одны соронзон орны харилцан үйлчлэлийн үр дүнд үүссэн болохыг радио долгионы спектрийн бүтцэд хийсэн дараагийн дүн шинжилгээ харуулжээ. Үүний нэгэн адилаар өөрийн одоос харьцангуй ойр зайд орших бусад хад чулуурхаг гаргуудад соронзон орон байгаа эсэх ул мөрийг хайж болно гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь эрдэмтдэд "дэлхийтэй төстэй" гаргууд тогтмол соронзон оронтой байх магадлалыг судлахад чухал ач холбогдолтой ажээ.“Дэлхийтэй төстэй гаргуудыг хайхын тулд бид алс холын гаргууд дээр ус, агаар мандал, чулуулаг байгаа эсэхийг тодорхойлж чаддаг байх ёстойгоос гадна, соронзон оронтой эсэхийг нь үнэлж чаддаг байх хэрэгтэй. Эрдэмтдийн хийсэн ажиглалтууд “YZ Ceti b” гараг нь соронзон оронтой болохыг нотлоод зогсохгүй нарны аймгийн гаднах бусад гаргаас соронзон орон хайх замыг нээж өгсөн" гэж АНУ-ын Үндэсний Радио одон орон судлалын төвийн хөтөлбөрийн удирдагч Жо Пеше ярьсан байна.
https://montsame.mn/mn/read/316085
“BTS” хамтлагийн гишүүн Жимин “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлжээ
2023-04-04 14:06:41
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН. /BBC/. БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BTS” хөвгүүдийн хамтлагийн гишүүн Жимин АНУ-ын “Billboard”-ын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсэн БНСУ-ын анхны соло уран бүтээлч болжээ.Түүний “Like Crazy” дуу энэ долоо хоногийн “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлсэн байна. Өдгөө 27 настай уран бүтээлч энэхүү амжилтынхаа талаар “Instagram” хуудсаараа дамжуулан 49 сая дагагчтайгаа хуваалцжээ. “BTS” нь 2020 онд “Billboard”-ын жагсаалтуудыг тэргүүлсэн БНСУ-ын анхны хамтлаг болж байсан юм. Өнгөрсөн онд тэд уран бүтээлээ түр завсарлаж, ганцаарчилсан төслүүд дээрээ ажиллахаар болсноо мэдэгдсэн билээ. Хөвгүүдийн хамтлаг дэлхий даяар ямар олон үнэнч шүтэн бишрэгчтэйг Жиминий “Like Crazy” дууны амжилт харуулж байна гэж соёл урлагийн салбарын шинжээчид хэлж байна. “BTS” хамтлаг нь “Dynamite”, “Butter” зэрэг “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлсэн зургаан хит дуугаараа АНУ-д “K-pop” урсгалыг сурталчлан таниулсаар ирсэн юм. Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй хамтлаг өнгөрсөн жил “дэлхийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн жагсаалт”-д Америкийн дуучин Тейлор Свифтийн араас хоёрдугаарт жагссан бол өмнөх жил нь томоохон цомгоо гаргахдаа уг жагсаалтыг тэргүүлж байв.
https://montsame.mn/mn/read/316080
Япон улс “COVID-19”-тэй холбоотой хилийн хяналтын арга хэмжээнүүдээ цуцална
2023-04-04 13:22:26
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ТОКИО. /Kyodo/. Япон улс “COVID-19” халдварыг түгээмэл тархдаг халдварт өвчний ангилалд оруулах шийдвэрийнхээ хүрээнд хилийн чанадаас ирэх хүмүүст тавих шаардлагуудаа тавдугаар сарын 8-ны өдрөөс цуцлахаар болсныг тус улсын Засгийн газар даваа гарагт мэдэгдлээ.Засгийн газар шинэ халдварт өвчнүүдийг илрүүлэх зорилгоор халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамруулах геномын тандалтын шинэ хөтөлбөрийг мөн нэгэн зэрэг эхлүүлэх ажээ.Одоогоор хилээр нэвтэрч буй бүх иргэнд “COVID-19”-ийн вакцины гурван тунд хамрагдсан гэрчилгээ эсвэл 72 цагийн дотор өгсөн шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэх шаардлага тавьж байгаа юм. Японд “COVID-19”-ийн халдвар тархсаны улмаас 2020 оны хоёрдугаар сараас анх хэрэгжүүлж, “Долоогийн бүлэг”-ийн орнуудын дунд хамгийн хатууд тооцогдож байгаа хилийн хяналтын арга хэмжээнүүдийг цуцалснаар аялал жуулчлал сэргэхэд тус дөхөм болно гэж найдаж байна.Коронавирусний “омикрон” хувилбарын тохиолдол бүртгэгдэж эхлэх үеэс буюу 2021 оны 11 дүгээр сараас Японы эрх баригчид гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглож, тус улсын иргэд болон байнгын оршин суугчдад зориулалтын байранд тусгаарлагдах шаардлага тавих зэргээр хилийн хяналтын арга хэмжээнүүдээ чангатгасан юм. Уг арга хэмжээнүүдийг эхний ээлжид сарын хугацаатай тогтоогоод байсан ч үргэлжлүүлэн сунгасан нь гадаадын оюутнууд, бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгараад байв. Улмаар 2022 оны гуравдугаар сараас эхлэн өдөрт хилээр нэвтрүүлэх иргэдийн тоог шат дараатайгаар нэмэгдүүлж, 10 дугаар сард уг хязгаарлалтыг бүрмөсөн цуцалсан билээ.
https://montsame.mn/mn/read/316070
"Apple" компани ажилчдаа цомхотгоно
2023-04-04 10:51:36
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. “Apple” компани жижиглэн худалдааны салбар дахь ажилтнуудынхаа тоог цомхотгохоор болжээ. Энэ тухай “Bloomberg” даваа гарагт мэдээлсэн байна. Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, компани ийм алхмыг ажлаас халах биш харин ажлыг оновчтой болгох оролдлого гэж нэрлэж байна. Ажлаас халагдах ажилчдын тоо тодорхойгүй байгаа ч тийм ч олон хүн цомхтохгүй байх төлөвтэй байна.Калифорни муж улсын Купертино хот дахь “Apple”-ын төв байр дээрх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ. 2022 онд эдийн засгийн хямралын улмаас бүтээгдэхүүнүүдийнх нь борлуулалт эрс буурсантай холбоотойгоор АНУ-ын технологийн компаниудын орлого мэдэгдэхүйц буурсан гэж “Bloomberg” агентлаг хоёрдугаар сард мэдээлсэн. Өнгөрсөн онд эрэлт багассаны улмаас “Apple” компанийн хувьцаа 5.6 хувиар унаж байв.
https://montsame.mn/mn/read/316055
“NASA” Сар луу нисэх баг бүрэлдэхүүнээ танилцууллаа
2023-04-04 10:39:39
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ хүн төрөлхтөнийг 50 жилийн дараа дахин Саран дээр буулгахад үнэтэй хувь нэмэр оруулах дөрвөн сансрын нисгэгчээ танилцууллаа.Сар луу жолоодлогот хөлгөөр нисэх багийн бүрэлдэхүүнд АНУ-ын сансрын нисгэгч Кристина Кох, Виктор Гловер, Рид Уайзман, Канадын сансрын нисгэгч Жереми Хансен нар багтжээ. К.Кох нь ийм даалгаврыг биелүүлэх анхны эмэгтэй сансрын нисгэгч болох бол В.Гловер анхны өнгөт арьст сансрын нисгэгч болно. Даваа гарагт Техас муж улсын Хьюстон хотноо болсон ёслолын арга хэмжээний үеэр сансрын нисгэгчдийг олон нийтэд танилцуулжээ. Тэд ирэх оны эцсээр юм уу 2025 оны эхээр Сар луу нисэх бөгөөд дэлхийн дагуул газардахгүй хэдий ч тэдний гүйцэтгэх даалгавар дараагийн баг бүрэлдэхүүнийг Саран дээр буулгах нөхцөл бололцоог бүрдүүлэх ажээ. Сансрын нисгэгчид одооноос эрчимтэй бэлтгэл хийж эхэлнэ. “NASA” энэхүү багаа эмэгтэй болон өнгөт арьстай хүнээр бүрдүүлснээр судалгааны ажилдаа янз бүрийн хүмүүсийг оролцуулах амлалтаа биелүүлж байна. Сар луу хийсэн өмнөх нислэгүүдэд дан цагаан арьст эрчүүд оролцож байсан билээ.
https://montsame.mn/mn/read/316054
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг яллагдагчаар татах хурал болно
2023-04-04 10:09:05
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг порно жүжигчин Сторми Дэниэлст мөнгө төлөхдөө “Trump Organization” компанийнхаа санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хэрэгт яллагдагчаар татах хурал Нью-Йорк хотын шүүхэд өнөөдөр болох бөгөөд Д.Трамп шүүх хуралд ирэх төлөвтэй байна гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд гол өрсөлдөгчид тооцогдож байгаа Д.Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан анхны Ерөнхийлөгч асан болох юм. Гэсэн хэдий ч энэ нь Үндсэн хуульд зааснаар сонгуульд оролцоход нь саад болохгүй гэж тус улсын хэвлэлүүд бичиж байна. АНУ-ын Ерөнхийлөгч асны хэргийн яллах дүгнэлт олон нийтэд одоогоор ил болоогүй байна. Нью-Йоркийн прокурорууд ихэвчлэн хэрэгт холбогдогч шүүхэд ирсний дараа л ил болгодог. Үүний зэрэгцээ прокурорын байгууллага өөрийн үзэмжээр яллах дүгнэлтийг нийтлэхээ хойшлуулж болно.Д.Трамп өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бөгөөд энэ нь зүүний хүчнийхний сонгуульд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого гэж мэдэгджээ. Цагаан ордны эзэн асан мягмар гаргийн орой Флорида дахь Мар-а-Лаго дахь эдлэн газраасаа мэдэгдэл хийхээр төлөвлөж байна.Гуравдугаар сарын 30-нд Нью-Йоркийн тангарагтны шүүх Д.Трампыг санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгахад байгаа нотлох баримтуудыг хангалттай гэж үзсэн юм. Ардчилсан намын Элвин Брэггийн удирддаг тойргийн прокурорын газрын мэдэгдсэнээр, энэ хэргийн гол гэрчүүдийн нэг болох Д.Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр 2006 онд Сторми Дэниэлстэй харилцаанд орж байсныг нь олон нийтэд ил болгуулахгүйн тулд уг жүжигчинд 130 мянган ам.доллар төлсөн байна. М.Коэнд уг мөнгийг “Trump Organization” компанийн данснаас гаргаж өгсөн бөгөөд ингэхдээ компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэж прокурорууд үзэж байгаа аж. Баримт бичгийг хуурамчаар үйлдэх нь Америкийн хууль эрх зүйн тогтолцоонд жижиг гэмт хэрэгт тооцогддог бөгөөд ихэвчлэн хорих ял оногдуулдаггүй. Гэхдээ тангарагтны шүүх баримт бичгийг өөр гэмт хэргийг нуун дарагдуулах эсвэл үйлдэх зорилгоор хуурамчаар үйлдсэн гэж үзвэл Д.Трамп дөрвөн жил хүртэл хорих ялаар шийтгүүлж магадгүй байна.
https://montsame.mn/mn/read/316016
Финланд улс өнөөдөр НАТО-гийн 31 дэх гишүүн болно
2023-04-04 09:25:58
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /DW/. Финланд улс мягмар гарагт буюу өнөөдөр албан ёсоор НАТО-гийн гишүүн болно гэж Финландын Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлэв.Мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “маргааш бид Финландыг 31 дэх гишүүнээр хүлээн авна” хэмээн дээрх мэдээллийг баталжээ.  Й.Столтенберг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, энэ өдөр НАТО болон Финландын хувьд түүхэн бөгөөд агуу өдөр байх болно гэдгийн онцлон тэмдэглэсэн байна. Бельгийн нийслэл Брюссель хот дахь НАТО-гийн төв байранд Финландын далбааг мандуулснаар тус улс цэргийн эвслийн хамгийн отгон гишүүн болсныг илтгэнэ. Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё мөн уг арга хэмжээнд үг хэлэх юм.Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон батлах үйл явц НАТО-гийн түүхэнд хамгийн хурдан буюу нэг жил хүрэхгүй хугацаанд үргэлжилснийг Й.Столтенберг тодотгосон байна. НАТО-д элсэх амаргүй замӨнгөрсөн онд Орос Украин руу довтолсны дараа Финланд, Швед төвийг сахих байр сууриасаа татгалзаж, 2022 оны тавдугаар сард НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан юм. Шинэ улсыг гишүүнээр элсүүлэхийн тулд бүх гишүүн орон холбогдох баримт бичгийг соёрхон батлах ёстой. Финландыг гишүүнээр элсүүлэх тухай протоколыг Турк, Унгарын парламент хамгийн сүүлд баталсан юм. Харин Шведийн гишүүнчлэлийг Турк батлаагүй хэвээр байна. Гэсэн хэдий ч Й.Столтенберг, Швед НАТО-д удахгүй элсэх боломж бүрдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Оросын төлөвлөгөө бүтэлгүйтэвФинланд НАТО-д элссэнээр цэргийн эвслийн Оростой хиллэх хуурай газрын хил хоёр дахин нэмэгдэж байгааг Й.Столтенберг онцолжээ. Финланд улс нь Оростой 1300 км газраар хиллэдэг.“Ерөнхийлөгч Путин НАТО-гийн оролцоог багасгах гэсэн тодорхой зорилготойгоор Украины эсрэг дайн эхлүүлсэн. Гэвч эвслийн зүүн хэсэгт НАТО-гийн оролцоо нэмэгдэж, Финланд, Швед гэсэн хоёр шинэ гишүүнтэй болж, байдал эсрэгээрээ эргэж байна” гэж Й.Столтенберг хэлжээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Александр Грушко Финланд улс НАТО-д элссэний хариуд Москва баруун болон баруун хойд бүс нутгууддаа цэргийн хүчээ зузаатгана хэмээн мэдэгдсэнийг “RIA Novosti” агентлаг уламжилсан байна.
https://montsame.mn/mn/read/316045
Хятадын хойд нутгаас 200 жилийн настай ургийн бичиг олджээ
2023-04-03 16:51:36
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын хойд нутгийн Хэбэй мужаас 203 жилийн настай ургийн бичиг олджээ. Энэхүү олдворыг нийгэм, гэр бүлийн уламжлалыг судлахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.Гуаньтао тойргийн Дунлюжуан тосгоноос олдсон Ян удмынхны ургийн бичиг хэмээх 118 хуудас бүхий олдворыг Чин гүрний /1644-1911/ Жячин хааны үед 1820 оноос эмхэтгэж эхэлжээ.  Хэдийгээр хуудсууд нь шарлаж гандсан ч харьцангуй сайн хадгалагдсан байсан гэж мэргэжилтнүүд хэлж байна. Ургийн бичигт гэр бүл Мин гүрэн /1368-1644/, Чин гүрний үед хэрхэн нүүж шилжсэн хийгээд гэр бүлийн уламжлал, нэр алдартай гишүүд, гэр бүлийн сүм барих үйл явц зэргийг нарийвчлан бичсэн байжээ. Гуантао тойргийн Соёл, радио, телевиз, аялал жуулчлалын товчооны соёлын дурсгалт эд зүйлсийг хамгаалах хүрээлэнгийн дарга Лю Жуньфэний хэлснээр, ургийн бичиг нь Мин, Чин гүрний үеийн Хятадын хойд нутагт хүмүүс шилжин  суурьшдаг байсныг, түүнчлэн нутгийн ижил овогтой иргэд цуглаж уулздаг байсныг нотлох баримт болж байна. Энэ нь тухайн үеийн нийгэм, гэр бүлийн уламжлалын судалгаанд мөн хувь нэмрээ оруулна гэж тэрбээр нэмж хэлжээ.
https://montsame.mn/mn/read/316024
“NASA” Сар луу жолоодлогот хөлгөөр нисэх сансрын нисгэгчдээ танилцуулна
2023-04-03 15:49:45
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ ирэх онд Сар луу жолоодлогот хөлгөөр нисэх гурван америк, нэг канад сансрын нисгэгчийнхээ нэрсийг даваа гарагт буюу өнөөдөр зарлана.2024 оны 11 дүгээр сард хэрэгжүүлэхээр товлоод байгаа “Artemis” хөтөлбөрийн хоёр дахь үе шатанд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг жолоодлогот хөлгөөр Сарыг тойрон ниссэнийхээ дараа эх дэлхийдээ эргэн ирэх юм.АНУ-ын Сансрын агентлаг “Artemis” хөтөлбөрийнхөө хүрээнд “Apollo” хөлөг нь 1972 онд манай гаргийн дагуул дээр газардсан түүхэн үйл явдлаас 50 гаруй жилийн дараа Сар луу сансрын нисгэгчдээ дахин илгээхийг зорьж байгаа юм. Энэ нислэг 2025 онд болно.“NASA” Саран дээр анхны эмэгтэй, мөн өнгөт арьстай хүнийг буулгахаас гадна Сарны гадаргуу дээр хүн удаан хугацаагаар байрлах нөхцөлийг бүрдүүлж, улмаар Ангараг гараг руу аялахыг зорьж байгаа билээ. “NASA”-гийн тэргүүн Билл Нельсон өнгөрсөн долоо хоногт “Axios” цахим хуудаснаас зохион байгуулдаг “What's Next Summit” үйл ажиллагаанд оролцох үеэрээ, Ангараг руу 2040 он гэхэд сансрын нисгэгчдээ илгээхийг зорьж байгаагаа мэдэгдсэн байна. “Artemis II”-ын 10 хоногийн нислэгээр “NASA”-гийн хүчирхэг “Space Launch System” пуужин болон “Orion” сансрын хөлгийн бүхээгийн системүүдийг шалгах ажээ. “Artemis” хөтөлбөрийн эхний үе шат нь “Orion” хөлөг Сарны тойрог замд 25 өдрийн турш ажилласны эцэст өнгөрсөн 12 дугаар сард эх дэлхийдээ амжилттай эргэн ирснээр дууссан юм.
https://montsame.mn/mn/read/316007
В.Зеленский Польшид айлчилна
2023-04-03 14:01:08
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАРШАВ. /RMF/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дөрөвдүгээр сарын 5-нд Польш улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа талаар Польшийн Ерөнхийлөгчийн олон улсын асуудал хариуцсан төлөөлөгч Марчин Пшидач даваа гарагт буюу өнөөдөр мэдээлжээ. “Дөрөвдүгээр сарын 5-ны лхагва гарагт бид Украины Ерөнхийлөгчийн Польшид хийх албан ёсны айлчлалыг хүлээж байна” гэж тэрбээр “RMF” радиогоор мэдэгдсэн байна.Пшидачийн хэлснээр, “энэ нь Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудагийн урилгаар хийх албан ёсны айлчлал байх аж”.  Өмнө нь В.Зеленский Польшид богино хугацаагаар ажлын айлчлал хийж байсныг, тодруулбал, АНУ-аас буцах замдаа айлчилж байсныг тэрбээр сануулжээ.
https://montsame.mn/mn/read/316000
БНСУ, АНУ, Япон тэнгисийн цэргийн сургуулилалт хийнэ
2023-04-03 11:36:47
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, АНУ, Япон улс даваа гаргаас мягмар гараг хүртэл АНУ-ын нисэх онгоц тээгч “Нимиц” (CVN-68) хөлөг онгоцны оролцоотой тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийнэ гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлжээ. “БНСУ-ын Тэнгисийн цэргийн хүчин /ТЦХ/ дөрөвдүгээр сарын 3, 4-нд Чежу арлаас урагш задгай тэнгист АНУ, Япон улсын оролцоотойгоор гурван талын сургууль хийхээр төлөвлөж байна” гэж тус яам мэдэгдсэн байна. АНУ-ын ТЦХ-ий нисэх онгоц тээгч цохилтын бүлгийн командлагч Кристофер Суини удирдан явуулах уг сургуулилалтын үеэр шумбагч онгоц эсэргүүцэх, эрэн хайх-аврах ажиллагаа явуулах зэрэг тактик боловсруулах аж. БНСУ-ын талаас “Юльгок Ли И”, “Чой Ён”, “Тэ Жо Ён” гэсэн эскадрын мина тээгч хөлөг онгоцууд, Америкийн талаас “Нимиц” нисэх онгоц тээгч хөлөг онгоц, эскадрын мина тээгч хоёр хөлөг онгоц оролцох бол Япон улс нэг хөлөг онгоц илгээсэн гэж Батлан хамгаалах яам мэдэгджээ.“Шумбагч онгоц эсэргүүцэх сургууль өмнөх удаа зургаан сарын өмнө 2022 оны есдүгээр сард болсон. Энэ удаагийн сургуулилалт нь шумбагч онгоцноос баллистик пуужин харвах зэргээр усан доорх орон зайд Умард Солонгосоос учирч буй аюул занал өсөн нэмэгдэж буйд хариу арга хэмжээ авах чадварыг бэхжүүлэх зорилготой” гэж мэдэгдэлд дурдсан байна.
https://montsame.mn/mn/read/315981
Хятад улс хөгжиж буй орнуудын хамгийн том зээлдүүлэгч болжээ
2023-04-03 10:09:16
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. БНХАУ хил дамнасан зээлийн шинэ тогтолцоог бий болгож, хөгжиж буй орнуудын хамгийн том зээлдүүлэгчдийн нэг болсныг АНУ-ын "William and Mary" коллежийн “AidData” судалгаа, инновацийн лабораторийн мэдээлэл харуулжээ.Мэдээллээс үзвэл, 2000 оноос хойш Хятадын эрх баригчид Аргентин, Пакистан, Турк зэрэг 20 гаруй оронд яаралтай тусламж үзүүлэхэд дор хаяж 240 тэрбум ам.доллар илгээсэн байна. Үүний ихэнх нь буюу 185 тэрбум ам.долларыг Бээжин сүүлийн таван жилийн хугацаанд гаргасан байна."Хятад улс хямралд орсон улс орнуудад хил дамнасан зээл олгох дэлхийн шинэ тогтолцоог бий болгосон" гэж судалгаанд дурджээ.“Bloomberg” агентлагийн тэмдэглэснээр, тус улс нь хөгжиж буй орнуудад зээл олгоход улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд олон арван жилийн турш эдийн засгийн харилцааг тодорхойлж ирсэн тогтолцооны өөр хувилбарыг санал болгож байна. Одоо Бээжин, Вашингтон дэлхийн санхүү, валютын тогтолцоонд нөлөөллөө тогтоохын төлөө тэмцэж байна гэж тус агентлаг мэдээлсэн байна.Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгрессын Сенатын танхимын хэсэг гишүүд Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас БНХАУ-д зээл олгохыг хориглох хуулийн төслийг танилцуулсан юм. Бүгд Найрамдах намын гишүүн, сенатч Жон Баррассын хэлснээр, уг хуулийн төсөлд эдгээр байгууллага дахь АНУ-ын төлөөлөгчдөд  "БНХАУ-д ямар нэгэн зээл олгох, сунгах, техникийн туслалцаа үзүүлэхээс татгалзах" заавар өгөхийг Сангийн сайдад үүрэг болгожээ.
https://montsame.mn/mn/read/315966
Израилд үндэсний гвард байгуулах шийдвэрийг баталжээ
2023-04-03 09:21:20
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ. /The Jerusalem Post/. Израилын Засгийн газар үндэсний гвард байгуулах шийдвэрийг ням гаргийн хуралдаанаараа баталсныг тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын алба мэдээлжээ. Аюулгүй байдлын шинэ бүтцийг хэт барууны үзэл баримтлагч "Еврейн хүч" намын дарга Итамар Бен-Гвирийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын яамны дэргэд байгуулна. "Wall Guardian" ажиллагааны үеэр гарч байсан үймээн самуун гэх мэт онцгой байдлын үед үндэсний гвардыг дайчилна гэж Б.Нетаньяхугийн ажлын алба онцолжээ. Уг ажиллагааг Израилын цэргүүд 2021 оны тавдугаар сард Газын зурваст явуулсан юм. Бен-Гвир энэ шийдвэрийг "Израилын ард түмэнд өгөх чухал дохио" хэмээн тодорхойлжээ. "Үндэсний гвард нь Израилын бүх нутаг дэвсгэрт бүрэн эрхт байдлыг сэргээх, иргэдийн хувийн аюулгүй байдлыг хангахын тулд ажиллах болно. Энэхүү шийдвэрийг дэмжсэнд Ерөнхий сайдад талархаж байна" гэж тэрбээр мэдэгдсэн байна. Шинэ бүтэц байгуулах санхүүжилтийг гаргахын тулд бусад байгууллагын төсвийг нийт 1.5 хувиар танахаар болжээ. Дээрх шийдвэрийг шүүхийн шинэчлэлийн талаарх маргаан Израилд үргэлжилж байгаа энэ үед гаргаж байгаа юм. Маргаан дагуулсан төслийг батлах үйл явцыг хойшлуулснаа Б.Нетаньяху өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт мэдэгдсэний дараа сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийн зуучлалтайгаар хэлэлцээ хийж эхэлжээ. Израилын төрийн мэдлийн “Kan” радиогоор мэдээлснээр, эрх баригч эвсэл дотор шинэчлэлийг хойшлуулахыг эсэргүүцэгчдийн нэг нь Бен-Гвир байсан бөгөөд үндэсний гвардыг байгуулж, шинэ бүтцийг өөрийнх нь мэдэлд өгөхөөр амласны дараа тэрбээр зөвшөөрсөн байна.
https://montsame.mn/mn/read/315958
Газрын тосны үнэ өсжээ
2023-04-03 08:45:18
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
СИДНЕЙ. /Reuters/. Саудын Араб болон Газрын тос олборлогч орнуудын байгууллагын бусад орнууд /ОПЕК+/ олборлолтоо бууруулахаа гэнэт зарласны дараа газрын тосны үнэ өслөө.“ОПЕК+” газрын тосны олборлолтоо өдөрт ойролцоогоор 1.16 сая торхоор бууруулах талаар мэдээлэл ням гарагт гарсны дараа “Brent” маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 6 орчим ам.доллароор өссөнөөр 85.54 ам.долларт хүрсэн бол “WTI” маркийн газрын тосны үнэ 5.22 ам.доллароор өсөж, 80.89 ам.долларт хүрчээ. Саудын Араб, ОХУ бүрэлдэхүүнд нь багтдаг “ОПЕК+”-ийн Сайд нарын түвшний цахим уулзалт болохоос нэг хоногийн өмнө газрын тосны үнэ ийнхүү өссөн байна.“ОПЕК+”-ийн олборлолтоо бууруулах шийдвэр нь газрын тосны үнийг 10 ам.доллароор өсгөж магадгүй гэж “Pickering Energy Partners” хөрөнгө оруулалтын фирм ням гарагт мэдээлжээ. Мөн “Goldman Sachs” компани “Brent” маркийн газрын тосны үнийг энэ оны эцэс гэхэд 95 ам.долларт, 2024 онд 100 ам.долларт хүрнэ хэмээн урьдчилсан төсөөллөө ахиулсан байна.
https://montsame.mn/mn/read/315954
Э.Макрон Хятадад айлчлахынхаа өмнө ЕК-ын тэргүүнтэй уулзана
2023-04-02 12:19:30
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПАРИС. /AFP/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирэх долоо хоногт Хятадад хийх хамтарсан айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд Европын комиссын /ЕК/ тэргүүн Урсула фон дер Ляйенийг дөрөвдүгээр сарын 3-нд Парист хүлээн авч уулзана гэж Елисейн ордон мэдээлжээ.“Ерөнхийлөгч ЕК-ын даргатай дөрөвдүгээр сарын 3-нд Елисейн ордонд уулзана. Энэхүү уулзалтыг дөрөвдүгээр сарын 5-наас 8-ны хооронд БНХАУ-д хийх төрийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж байна” гэж Э.Макроны ажлын алба тэмдэглэжээ. “Урсула фон дер Ляйен, Эмманюэль Макрон нар БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй гурван талын уулзалт хийнэ” гэж Елисейн ордон  мэдээлсэн байна.Францын эрх баригчид гагцхүү Бээжин л Украинд "тоглоомын дүрмийг өөрчлөх" боломжтой гэж үзэж байгаа тул гурван талын уулзалтын нэг зорилго нь Орост цэргийн тусламж үзүүлэхгүй байх талаар Хятадад “урьдаас сануулах” явдал юм.Хятад, Францын удирдагчид хамгийн сүүлд Индонезод зохион байгуулсан "Хорийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзаж байсан бол Бээжинд хийсэн Э.Макроны сүүлийн айлчлал 2018 оны нэгдүгээр сард болжээ.
https://montsame.mn/mn/read/315937
Израилд дахин жагсаал болжээ
2023-04-02 11:02:03
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху шүүхийн шинэчлэлийн төслийг батлах үйл явцыг зун хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан хэдий ч сөрөг хүчнийхэн бямба гаргийн орой дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Хамгийн том жагсаал өмнөх долоо хоногуудын адил Тель-Авив хотод болсон байна.  Жагсагчид эхлээд хотын төв цэцэрлэгт гудамжаар бамбар, пиротехникийн хэрэгсэл бүхий томоохон жагсаал хийжээ. Тэд засгийн газрын эсрэг уриа лоозон барьж, Израилын далбааг намируулж, шүүхийн шинэчлэлийн төслөөс бүрмөсөн татгалзахыг шаардсан байна.Эсэргүүцлийн жагсаал өмнө нь мөн олон мянган хүн оролцсон жагсаал болж байсан, хотын зүүн хэсэгт байрлах засгийн газрын байруудын цогцолборын ойролцоо дуусжээ.Жагсаалын зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, шинэчлэлийн талаар буулцан тохиролцохоор завсарлага авсан гэж Ерөнхий сайд болон түүний танхимын гишүүд мэдэгдсэнд итгэхгүй байгаа тул жагсаалаа үргэлжлүүлж байгаа аж. Эрх баригч эвсэл цаг хожиж, эсэргүүцлийн давлагааг намжаахыг л оролдож байна гэж тэд үзэж байна.Израилд 13 долоо хоног дараалан олныг хамарсан жагсаал цуглаан болж байгаа юм. Бямба гарагт Тель-Авиваас гадна бусад олон хотод жагсаал болсон байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр, тус улсын 150 хот суурин газарт жагсаал цуглаан болжээ.
https://montsame.mn/mn/read/315934
Египет, Сири улс дипломат харилцаагаа сэргээх хэлэлцээ хийж байна
2023-04-02 09:39:56
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КАИР. /WSJ/. Египет, Сири улс 10 гаруй жилийн өмнө тасалсан дипломат харилцаагаа бүрэн сэргээх талаар урьдчилсан хэлэлцээ хийж байна гэж “The Wall Street Journal” эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Эх сурвалжуудын хэлснээр, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси, Сирийн төрийн тэргүүн Башар Асад нар дөрөвдүгээр сард уулзаж магадгүй байна. Хоёр орны удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлын талаар өмнө нь “Al-Hadath” телевизийн суваг мэдээлж байв. Ерөнхийлөгч нар энэ жил дөрөвдүгээр сарын 21 хүртэл үргэлжлэх Рамадан сар дууссаны дараа уулзаж магадгүй байна. 2011 оны хавар Сирид Дамаскийн эрх баригчид болон сөрөг хүчнийхний хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш Сирийн Гадаад хэргийн сайд Фейсал Микдад анх удаа Каирт ажлын айлчлал хийсэн юм.Египетийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, хэлэлцээний үеэр талууд "хоёр талын харилцаа төдийгүй Ойрхи Дорнодын бүс нутгийн байдалтай холбоотой харилцан сонирхсон хамгийн чухал асуудлуудыг" хэлэлцжээ. Сайд нар "хоёр орны харилцааг янз бүрийн түвшинд эрчимжүүлэхээр тохиролцсон байна".
https://montsame.mn/mn/read/315932
Хуй салхины улмаас АНУ-д 300 мянга орчим байшин гэрэл цахилгаангүй болжээ
2023-04-01 19:37:16
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын төвийн муж улсуудыг хүчтэй хуй салхи дайрсны улмаас 300 мянга орчим байшин гэрэл цахилгаангүй болж, гурван хүн амиа алджээ. Эрчим хүчний системд гарсан ослыг бүртгэдэг “PowerOutage.us”  цахим хуудсанд мэдээлснээр, Иллинойс, Арканзас, Индиана муж улсуудын хэрэглэгчид хамгийн их хохирол амссан байна. Эдгээр муж улсад тус тус 105 334, 68 845, 33205 байшин цахилгаангүй болжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас мөн Теннесси (25 204 хэрэглэгч), Айова (25 048), Висконсин (13 627), Миссури (16 580), Мичиган (10 863) зэрэг муж улсуудын хэрэглэгчид ихээхэн хохирол амссан байна.Хуй салхины улмаас Арканзас муж улсад гурван хүн амиа алджээ.
https://montsame.mn/mn/read/315921
Орос, Беларусийн теннисчдийг Уимблдоны тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ
2023-04-01 14:52:40
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
ЛОНДОН. /BBC/. Бүх Английн лаун-теннисний болон крокетын клуб (AELTC) энэ жилийн Уимблдоны тэмцээнд Орос, Беларусийн теннисчдийг оролцохыг хориглосон хоригоо цуцаллаа.Орос, Беларусийн теннисчид төвийг сахисан статустай, хэд хэдэн болзолтойгоор Лондонд өрсөлдөх боломжтой болжээ. Тэмцээн долоодугаар сарын 3-нд эхлэх бөгөөд хоёр долоо хоног үргэлжилнэ.Өнгөрсөн онд Уимблдон нь Украин дахь Оросын түрэмгийлэлтэй холбоотойгоор Орос, Беларусийн тамирчдыг талбайдаа гаргаагүй “Их дуулга” цувралын цорын ганц тэмцээн болсон юм."Бид Оросын хууль бус довтолгоог буруушаасаар байх бөгөөд Украины ард түмнийг бүрэн дэмжиж байна” гэж AELTC-ийн тэргүүн Иан Хьюитт мэдэгдээд энэ шийдвэрийг гаргахад амаргүй байсныг онцолсон байна. Орос, Беларусийн теннисчдийг Уимблдоны өмнө явагддаг Британийн тэмцээнүүдэд оролцохыг мөн зөвшөөрчээ. Ингэхдээ Орос, Беларусийн дэглэм, удирдагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлэхгүй байхыг зөвшөөрөх, Орос, Беларусийн төсвөөс санхүүжилтгүй байх, тэр дундаа эдгээр улсын эрх баригчидтай холбоотой ивээн тэтгэгчидгүй байх гэсэн үндсэн хоёр болзлыг тавих аж.AELTC –ийн мэдэгдсэнээр, Орос, Беларусийн тамирчидтай холбоотой шийдвэрийг Британийн Засгийн газар, Английн лаун-теннисний холбоо (LTC) болон тэмцээний олон улсын ивээн тэтгэгчидтэй зөвлөлдсөний дараа гаргажээ. Оросын Даниил Медведев, Андрей Рублев, Дарья Касаткина гэсэн гурван теннисчин эрэгтэй, эмэгтэй теннисчдийн чансааны эхний 10-т багтдаг бол Беларусийн тамирчин Арина Соболенко дэлхийн чансаанд хоёрдугаарт бичигддэг. Тэрбээр энэ жил “Их дуулга” цувралын анхных нь болох Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн. Тоглогчид болон дагалдан яваа багууд төвийг сахих тухай мэдэгдэлд гарын үсэг зурах ёстой байна.Тэмцээнд оролцуулах болзлыг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах, тэр ч байтугай тэмжээнд оролцох эрхийг нь хасах хүртэл шийтгэл онооно.
https://montsame.mn/mn/read/315924
В.Путин Оросын гадаад бодлогын шинэчилсэн үзэл баримтлалыг баталжээ
2023-04-01 12:31:36
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
МОСКВА. /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын гадаад бодлогын шинэчилсэн үзэл баримтлалыг батлах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Тэрбээр баасан гарагт Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдтэй уулзах үеэрээ уг баримт бичигт гарын үсэг зурсан тухайгаа зарлаж, "олон улсын амьдралд эрс өөрчлөлт гарч байгаагийн улмаас стратегийн гол баримт бичгүүдэд нухацтай засвар оруулах шаардлагатай болсон" гэж мэдэгдсэн байна. Оросын Ерөнхийлөгчийн хэлснээр, шинэчилсэн үзэл баримтлал нь улс орны дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх бодит үйл ажиллагааны үндэс суурь болж, олон улсын харилцааны салбарын цаашдын үйл ажиллагааны бат бөх үзэл баримтлалын үндэс болно. Шинэ үзэл баримтлалын үндсэн заалтуудыг дурдвал,• ОХУ өөрийгөө Барууны дайсан гэж үздэггүй бөгөөд өөрийгөө тусгаарладаггүй, дайсагнасан санаа зорилго агуулаагүй;• Зөрчил сөргөлдөөн нь хожмоо ямар ч ирээдүйгүй гэдгийг Барууны орнууд ухаарч, эрх тэгш харилцаанд эргэн орно гэдэгт Мосвка найдаж байна;• ОХУ Вашингтоны бодлогыг өөрийн аюулгүй байдал, олон улсын энх тайван байдалд эрсдэл учруулах гол эх үүсвэр гэж үзэж байна;• Дэлхийн үйл хэрэгт АНУ -ын ноёрхлын ул мөрийг арилгахад нэн тэргүүнд анхаарна;• Москва харилцан адил байх зарчмын үндсэн дээр бүх улс орны аюулгүй байдлыг тэгш хангахыг эрмэлзэж байна гэжээ. ОХУ Гадаад бодлогын үзэл баримтлалаа хамгийн сүүлд 2016 онд шинэчилж байв. 2022 оны нэгдүгээр сарын сүүлчээр тус улсын Гадаад хэргийн яам дэлхийн өөрчлөлтийг харгалзан үзэх ёстой шинэ баримт бичгийн төслийг боловсруулжээ. Аюулгүйн зөвлөлийн хурлаар уг үзэл баримтлалыг хэлэлцсэний дараа В.Путин эцэслэн боловсруулахыг үүрэг болгосон байна. “Найрсаг” ба “найрсаг бус” орнуудын тухайд Оросын эрх баригчид Герман, Их Британи, Польш зэрэг 20 орчим орныг “найрсаг бус” гэж тодорхойлсон. Эдгээр нь Украинд халдан довтолсонтой нь холбогдуулан Москвагийн эсрэг томоохон хэмжээний хориг арга хэмжээ авсан орнууд юм. Харин ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжээгүй Хятад, Энэтхэг улсыг дэлхийн тавцанд Оросын гол холбоотон гэж шинэ стратегидаа тунхаглажээ. Уг баримт бичигт тус хоёр улстай хэлхээ холбоо, уялдаагаа бүх талаар гүнзгийрүүлэхийн чухлыг онцолжээ. Түүнчлэн Африкийн болон Латин Америкийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэхээр тусгасан байна.Шинэ үзэл баримтлалд Украины талаар нэг удаа дурджээ. Уг баримт бичигт хөрш орон руугаа хийсэн Оросын довтолгоог "Украины чиглэлд амин чухал ашиг сонирхлоо хамгаалах арга хэмжээ" гэж тодорхойлсон байна. Мөн энэхүү арга хэмжээг нь АНУ болон түүний холбоотнууд "Оросын эсрэг олон жил үргэлжилсэн бодлогыг хурцатгах шалтаг болгон ашиглаж, шинэ төрлийн гибрид дайныг эхлүүлсэн" гэж дурджээ.
https://montsame.mn/mn/read/315920
Дөрөвдүгээр сар соронзон шуургатай эхэлж байна
2023-04-01 10:37:59
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ЛОНДОН. /Daily Mail/. Дөрөвдүгээр сард хэд хэдэн сул, нэг хүчтэй соронзон шуурга болохыг цаг уурын "Meteoagent" цахим хуудас анхааруулжээ.Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1, 2-нд буюу сарын эхний өдрүүдэд 4 баллын хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх бол дараагийн соронзон шуурга энэ сарын 10, 11-нд мөн ийм баллын хүчтэй байх аж. Энэ сард болох гурав дахь соронзон шуурга нь 16, 17-нд, харин сүүлчийн бөгөөд хамгийн хүчтэй нь 20, 21-нд болно гэж мэдээлж байна. Түүний хүч нь 6 баллд хүрэх аж. Сүүлийн үед болж буй соронзон шуурганы давтамж нь Нарны гадаргуу дээр асар том титэмт нүхнүүд үүссэнтэй холбоотой байна. Эрдэмтэд Наран дээр хоёр ийм нүх илрүүлжээ. Эхнийхийг гуравдугаар сарын 23-нд илрүүлсэн бөгөөд дэлхийгээс 30 дахин том хэмжээтэй байв. Харин саяхан илрүүлсэн шинэ нүх нь дэлхийгээс 18-20 дахин том хэмжээтэй ажээ.Сүүлийн хэдэн жилд тохиолдож байгаагүй хүчтэй соронзон шуурга өнгөрсөн долоо хоногт болсон байна. Түүний хүч нь 7.66 баллд хүрчээ.Соронзон шуурганы үеэр хэт мэдрэг хүмүүст ихэнхдээ толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, цусны даралт ихсэх, булчин, үе мөч өвдөх, нойргүйдэх эсвэл нойрмоглох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
https://montsame.mn/mn/read/315916
Швейцарын компани дуунаас хурдан нисэх онгоц бүтээжээ
2023-03-31 16:41:14
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ТЕХНОЛОГИ
ЦЮРИХ. /hightech/. Швейцарын “Destinus” гарааны компани устөрөгчийн түлшээр ажилладаг хөдөлгүүр бүхий дуунаас хурдан зорчигч тээврийн нисэх онгоц бүтээж, 2022 оны сүүлчээр хийсэн туршилтын нислэгүүд нь амжилттай болсныг зарлажээ. “Destinus”-ийн инженерүүдийн мэдээлснээр, тэдний бүтээсэн онгоц нь 5 Мах (ойролцоогоор 6125 км/цаг) хүртэл хурдалж чадсан байна. Ийм хурдтайгаар АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах “Aegis” системийн пуужингууд нисдэг ажээ. ““Destinus”-ийн устөрөгчийн хөдөлгүүрийг Испанийн “ITP Aero” компани бүтээсэн бол их бие болон устөрөгчийн катализатор зэрэг зарим эд ангийг нь 3D-принтерээр хэвлэжээ.Уг онгоцоор Лондоноос Нью-Йорк хүртэл ердөө 90 минут, Шанхайгаас Дубай хүртэл 1 цаг 45 минут (ердийн нисэх онгоцоор 8 цаг ниснэ), Токиогоос Сидней хүртэл 2 цаг 15 минут (9 цаг), Малайзаас Египет хүрэхэд 4 цаг (18 цаг) нисэх гэнэ. Хөгжүүлэгчдийн мэдэгдэж байгаагаар, “Destinus” нь цэргийн нисэх онгоц биш бөгөөд ирээдүйд дуунаас хурдан нислэгээр аялж жуулчлах боломжийг судлах зорилгоор бүтээсэн байна.
https://montsame.mn/mn/read/315901
“Rio Tinto” Перугийн хамгийн том зэсийн уурхайг ашиглахад Канадын компанитай хамтарна
2023-03-31 15:15:36
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /BUSINESS WIRE/. Англи-Австралийн “Rio Tinto” групп болон Канадын “First Quantum Minerals” компани Перугийн Кажамарка мужийн Ла Гранжа уурхайг ашиглах хамтарсан компани байгуулах тохиролцоонд хүрчээ. Энэ тухай “Rio Tinto” цахим хуудсандаа мэдээлсэн байна. "“Rio Tinto” болон “First Quantum Minerals” хамтран дэлхийн хамгийн том ашиглагдаагүй зэсийн ордын нэгийг олборлох хамтарсан компани байгуулах тохиролцоонд хүрлээ” гэж мэдэгдэлд дурджээ. Баримт бичиг зааснаар “First Quantum Minerals” компани нь төслийн 55 хувийг 105 сая ам.доллароор худалдаж авах ёстой байна. Түүнчлэн ТЭЗҮ боловсруулах, зэс олборлох бэлтгэл ажилд 546 сая ам.долларын хөрөнгө оруулах үүрэг хүлээжээ. Үүний дараа уурхайн ашиглалтын зардлыг хамтарсан компанид эзэмшиж буй хувь хэмжээний дагуу тэнцүүлэн хуваарилах аж. “Rio Tinto” компани 2006 онд уг ордыг ашиглах тендерт ялж, улмаар геологи-хайгуулын ажлыг эхлүүлжээ. Ла-Гранжа нь дэлхийн хамгийн том ашиглагдаагүй зэсийн таван ордын нэгд тооцогддог байна.
https://montsame.mn/mn/read/315888
ХКН-ын Төв Хороо Ши Жиньпиний үзэл санааг нэвтрүүлэх шинэ кампанит ажил явуулна
2023-03-31 14:27:10
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /Renmin Ribao/. Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хороо шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын тухай Ши Жиньпиний үзэл санааг судалж, нэвтрүүлэх бүх намын кампанит ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр шийдвэрлэлээ гэж ХКН-ын хэвлэл болох “Renmin Ribao” сонин өнөөдөр мэдээлжээ. Үзэл суртлын шинэ кампанит ажлыг явуулах шийдвэрийг пүрэв гарагт ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлын үеэр гаргасан байна. Мөн албан тушаалтнуудын хувийн мэдээллийг бүрдүүлэхэд тавигдах шаардлагын талаар хэлэлцжээ. Хурлыг ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин даргалсан байна.Янз бүрийн түвшний удирдах албан тушаалтнуудыг голчлон оролцуулах төлөвтэй байгаа уг кампанит ажил нь “намын шинэ онолын утга санааг ашиглан үзэл бодол, хүсэл зориг, үйл ажиллагааны нэгдмэл байдалд хүрэх”, түүнчлэн “намын үндэс суурь болсон аугаа их үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд” чиглэнэ гэж хуралд оролцогчид онцлон тэмдэглэжээ.  Намын бүх гишүүн эвлэлдэн нэгдэж, орчин үеийн социалист гүрнийг бүх талаар байгуулж, "хятад үндэстний агуу сэргэлтэд бүх талаар хувь нэмэр оруулах ёстой” гэж хурлын баримт бичигт онцолсон байна. Түүнчлэн намын нийт гишүүдийг ХКН-ын ХХ их хурлаас боловсруулсан үндсэн зарчмыг судалж, ойлгож, нэвтрүүлэх, мөн "хөгжлийн шинэ философийг хэрэгжүүлэхийг" уриалж, ХКН урьд өмнө үзэгдээгүй сорилт бэрхшээлийг даван туулах хэрэгтэй байгаа тул сонор сэрэмж, шийдэмгий байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэжээ. Улс төрийн товчооны хуралд оролцогчид мөн үзэл суртлын шинэ кампанит ажлын үеэр намын бүх гишүүн “гол цөм нь нөхөр Ши Жиньпин болох ХКН-ын Төв хорооны эргэн тойронд илүү нягтран нэгдэх ёстой” гэж цохон тэмдэглэсэн байна.   Хувийн мэдээллээ өгөх шаардлагын хувьд энэ нь албан тушаалтнуудыг хатуу хянах, хяналт шалгалтын хэрэгсэл болох ёстой аж. "Эрх баригчдад хувийн мэдээллээ үнэн зөв өгөх нь албан тушаалтнуудын баримтлах ёстой улс төр, зохион байгуулалтын хэм хэмжээ юм" гэж "Жэньминь жибао" сонинд бичжээ. "Сайн дураараа хяналтад шалгалтад ороогүй" намын албан тушаалтнуудад ямар шийтгэлд оногдуулах талаар тус сонинд тодорхой тайлбарлаагүй байна.
https://montsame.mn/mn/read/315882
Япон улс ОХУ-ын эсрэг тогтоосон экспортын хязгаарлалтаа өргөжүүлжээ
2023-03-31 11:24:43
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /RIA Novosti/. Японы эрх баригчид ОХУ-ын эсрэг тогтоосон экспортын хязгаарлалтаа өргөжүүлж байгааг тус улсын Худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн яам мэдээллээ. Тодруулбал, тус улс ОХУ руу барилгын тоног төхөөрөмж (гидравлик экскаватор, бульдозер), нисэх онгоц, хөлөг онгоцны хөдөлгүүр, навигацийн тоног төхөөрөмж, нисэх онгоц, сансрын хөлөг, тэдгээрийн эд анги, дрон үйлдвэрлэхэд ашиглаж болох материал, эд анги, оптик төхөөрөмж, гэрэл зургийн тоног төхөөрөмж экспортлохыг хоригложээ. Барааны жагсаалтыг Японы Худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн яам цахим хуудсандаа нийтэлсэн байна.Түүнчлэн ган, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хөнгөн цагаан, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, уурын зуух, тэдгээрийн эд анги, дархны тоног төхөөрөмж, генератор, тээврийн хэрэгсэл болон эд анги, оптик шилэн ба шилэн кабель, хэмжүүрийн багаж, дүн шинжилгээний багаж хэрэгсэл, дуран, агаарын гэрэл зургийн тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоом экспортлохыг хоригложээ.Шинэ хязгаарлалт дөрөвдүгээр сарын 7-ноос хэрэгжиж эхэлнэ.
https://montsame.mn/mn/read/315858
Лондон дэлхийн санхүүгийн төв байхаа больжээ
2023-03-31 10:23:18
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /Financial Times/. Британийн нийслэл Лондон хот дэлхийн ажил хэргийн гол төв байхаа больж, өрсөлдөх чадвараараа эхний байрыг Нью-Йорктой хуваалцаж байна гэж  “Financial Times” сонин хотын захиргааны тайлангаас эш татан мэдээллээ.Сонинд мэдээлж байгаагаар, хоёр хот хоёул өрсөлдөх чадвараар 60 оноо авчээ. Ингэхдээ Лондоны үзүүлэлт өнгөрсөн оныхтой харьцуулахад нэг пунктээр өссөн бол Нью-Йорк хотынх хоёр пунктээр дээшилж, Британийн нийслэлтэй эн зэрэгцсэн байна.  Харин Сингапур 51 оноогоор гуравдугаарт бичигджээ. Инновац, санхүүгийн үйл ажиллагааны цар хүрээ, тогтвортой байдал, бизнесийн дэд бүтэц, чадварлаг санхүүчдийг татах, түүнчлэн зохицуулалтын чиглэлээр Лондонгийн үзүүлэлт урьдын адил сайн хэвээр байна. Харин Нью-Йорк хотын хувьд технологийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ, хэлцэл хийсэн тоогоор болон тогтвортой санхүүгийн хэрэгсэл гаргасан үзүүлэлтээр өндөр оноо авчээ.Хэдийгээр өнгөрсөн онд Нэгдсэн Вант Улсын санхүүгийн болон мэргэжлийн үйлчилгээний экспортын илүүдэл 64 тэрбум фунт стерлингт (78.8 тэрбум ам.доллар) болж, дээд үзүүлэлтэд хүрсэн боловч илүү олон компани, тэр дундаа Британийн компаниуд Лондонд бус Нью-Йоркт хөрөнгийн биржид шинээр бүртгүүлж хувьцаагаа гаргахыг (IPO) илүүд үзэх болжээ. Тухайлбал, Японы “SoftBank” холдингийн эзэмшигч, чипний хамгийн том үйлдвэрлэгч, Британийн “ARM” компани АНУ-д IPO хийх гэж байгаагаа гуравдугаар сарын эхээр зарласан байна.
https://montsame.mn/mn/read/315852
Туркийн парламент Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг баталлаа
2023-03-31 09:33:59
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Туркийн Үндэсний их хурал (парламент) Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг пүрэв гарагт соёрхон баталлаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 276 гишүүн бүгд протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн байна. Ийнхүү Финланд улс Умард Атлантын эвсэлд бүрэн эрхт гишүүнээр элсэх хууль эрх зүйн үндэслэлтэй болж байна. Скандинавын тус орныг НАТО-д элсүүлэх тухай протоколыг гуравдугаар сарын 17-нд Туркийн парламентын тэргүүлэгчдэд хэлэлцүүлэхээр өргөн барьсан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөн гарын үсэг зурсан байна. Р.Эрдоганы хэлснээр, Финландын тал хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлжээ. Турк улс өнөөдрийг хүртэл эвсэлд нэгдэх Хельсинкийн хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан НАТО-гийн сүүлчийн гишүүн орон болж байв. Тус улсаас гадна, Унгар энэ үйл явцыг гацаасан ч гуравдугаар сарын 27-нд холбогдох хуулийн төслийг баталсан юм. Одоогийн байдлаар эвслийн бүх гишүүн орон Хельсинкийн хүсэлтийг дэмжээд байна. Үлдсэн үйл явцыг дуусгасны дараа Финланд улс албан ёсоор НАТО-гийн гишүүн болно.
https://montsame.mn/mn/read/315849
Тангарагтны шүүх Д.Трампад албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ
2023-03-31 09:02:57
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-нд Манхэттений тангарагтны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампад албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ. Ингэснээр Д.Трамп  АНУ-ын түүхэнд эрүүгийн хариуцлагад татагдсан анхны Ерөнхийлөгч асан болж байгаа юм.  Түүнд порно жүжигчин Сторми Даниэлст дуугүй байсных нь төлөө мөнгө төлсөнтэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ. Тангарагтны шүүхийн яллах төлөвлөгөөний дагуу Д.Трампыг мөн бизнесийн хүрээн дэх залилантай холбоотой 30 гаруй зүйл ангиар буруутгаж байна гэж CNN агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлсэн байна.Ерөнхийлөгч асан дөрөвдүгээр сарын 4-ний мягмар гарагт болох шүүх хуралд сайн дураараа ирж магадгүй гэж  “The New York Times” сонинд бичжээ. Энэ шүүх хурлаар түүнд албан ёсоор хэрэг үүсгэх аж. 2016 оны сонгуулийн өмнө Д.Трамп өмгөөлөгчөөрөө дамжуулан Сторми Дэниэлст 130 мянган ам. доллар өгсөн байна. Энэ нь 10 жилийн өмнө бэлгийн харьцаанд орсон талаараа ам нээхгүй байх нөхцөлтэйгөөр өгсөн шан байсан гэдэгт прокурор итгэлтэй байгаа аж.  Тангарагтны шүүх дээрх шийдвэрийг гаргасны дараа Манхэттений тойргийн прокурор АНУ-ын Ерөнхийлөгч асанд албан ёсоор ял тодорхойлох боломжтой болж байгаа юм.Харин Д.Трамп тангарагтны шүүхийн шийдвэрийг “улс төрийн хавчлага” гэж мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/315836
"Nokia" Саран дээр 4G сүлжээгээ энэ онд нэвтрүүлнэ
2023-03-30 16:53:10
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ТЕХНОЛОГИ
ХЕЛЬСИНКИ. /Space/. Финландын харилцаа холбооны “Nokia” компани Сар луу дахин хүн илгээх NASA-гийн “Artemis” хөтөлбөрт ашиглах үүрэн холбооны дөрөв дэх үеийн сүлжээгээ  (4G, LTE) энэ онд Саран дээр нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тус компанийн ерөнхий инженер Луиса де Теминьогийн мэдээлснээр, 4G сүлжээний тоног төхөөрөмжийг “SpaceX” сансрын хөлгөөр дэлхийн дагуул руу ойрын саруудад хийх нислэгээр хүргэх аж.4G сүлжээг дамжуулах станцыг Сарны Өмнөд туйлын Шеклтон тогоонд суурилуулах бөгөөд эхний ээлжинд Сар луу ирэх онд хийх NASA-гийн жолоодлогот нислэгийн өмнө буугч модуль болон автомат ровер хооронд холбоо тогтооход ашиглана. “Nokia” компани Саран дээр 4G сүлжээгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа хоёр жилийн өмнө мэдэгдэж байсан билээ.
https://montsame.mn/mn/read/315819
“Toyota”-гийн борлуулалт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
2023-03-30 16:45:01
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Reuters/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компанийн дэлхий даяарх борлуулалт хоёрдугаар сард түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, үйлдвэрлэлийнх нь хэмжээ хоёр сар дараалан өссөн үзүүлэлттэй гарчээ.Гэсэн хэдий ч цар тахлаас үүдэлтэй эд ангийн хомсдол тулгамдсан асуудал хэвээр байгааг компанийн мэдэгдэлд дурдсан байна. Цар тахлын үеэр “Toyota” бусад автомашин үйлдвэрлэгчидтэй харьцуулахад нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг сайн зохицуулж чадсан ч 2022 онд сар тутмын үйлдвэрлэлийн зорилтоо нэг бус удаа бууруулсан билээ. Өнгөрсөн сард Японы автомашин үйлдвэрлэгч хамгийн том компанийн дэлхий даяарх борлуулалт өмнөх оныхоос 10.3 хувиар өсөж, 773 271-д хүрчээ. Үүнд дотоодын борлуулалт 53.2 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна. Өмнөх оны мөн үед хагас дамжуулагч хомсдсоны улмаас борлуулалт огцом унаад байсан юм. “Toyota”-гийн мэдээлснээр, энэ оны хоёрдугаар сард дэлхий даяарх үйлдвэрлэл 2 хувиар өсөж, 755 839-т хүрснээр зорилтот түвшнээс /750 мянга/ давсан байна. Энэ үзүүлэлт нэгдүгээр сард 8.8 хувийн өсөлт үзүүлээд байв. Түүнчлэн нэгдүгээр сард өмнөх оныхтой харьцуулахад 30.1 хувиар өссөн дотоодын үйлдвэрлэл өнгөрсөн сард мөн 11.2 хувиар өсжээ.
https://montsame.mn/mn/read/315814
Австралийн томоохон компаниудад CO2-ын ялгарлаа бууруулахыг үүрэг болгосон хуулийг баталжээ
2023-03-30 15:30:24
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
СИДНЕЙ. /eadaily/. Австралийн парламент нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2030 он гэхэд жил бүр дор хаяж 4.9 хувиар бууруулахыг томоохон компаниудад үүрэг болгосон хуулийн төслийг баталжээ. Энэ тухай тус улсын уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний сайд Крис Боуэн мэдээлсэн байна. Засгийн газраас санал болгосон уг хуулийн төслийг батлахыг Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхим 89 саналаар баталсан бол үүнээс өмнө Сенатын танхимд (32 гишүүн дэмжиж, 26 нь эсэргүүцсэн) мөн дэмжигджээ. “Хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтдоо хүрэхийн тулд бид 2044, 2045 оныг хүлээх шаардлагагүй, бид өнөөдөр арга хэмжээ авах ёстой” гэж Крис Боуэн онцлон тэмдэглээд, шинэ хууль тогтоомж нь Засгийн газарт нүүрс, хийн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж буй шинэ төсөл бүрийг үнэлж, "хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоо биелүүлэхийн тулд шаардлагатай бол тэдгээрийг хориглох боломжийг олгоно гэж мэдэгдсэн байна. Шинэ хуулийн үйлчлэлд тус улсын нийт хүлэмжийн хийн дөрөвний нэгийг ялгаруулж байгаа шингэрүүлсэн байгалийн хий, гангийн үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд зэрэг дор хаяж 215 компани хамаарах юм. Аж үйлдвэрийн болон олборлох салбарын томоохон тоглогчдын ялгаруулалтыг бууруулсны дараа эрх баригчид 2030 он гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарлыг 40 хувиар бууруулах өмнө нь тавьсан зорилтдоо хүрнэ гэж үзэж байгаа ажээ.Австралийн эрх баригчид 2030 оны эцэс гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 43-аас доошгүй хувиар бууруулах зорилтыг хууль тогтоох түвшинд батжуулсан боловч 12 дугаар сарын эхээр энэ зорилтыг 40 хувь болгож бууруулсан байна. Тус улс CO2-ын ялгарлыг 2050 он гэхэд тэглэх зорилт тавьжээ.
https://montsame.mn/mn/read/315802
В.Зеленский Ши Жиньпинийг Украинд урьжээ
2023-03-30 14:39:53
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КИЕВ. /Politico/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Украинд урьжээ. Хэрэв Ши Жиньпин урилгыг хүлээн авбал Орос Украин руу довтолсноос хойш хоёр удирдагч анх удаагаа уулзах юм.“Бид Ши Жиньпинтэй энд уулзахад бэлэн байна” гэж В.Зеленский Америкийн “Associated Press” агентлагт Киев хүрэх галт тэргэнд сууж явахдаа өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. “Би түүнтэй ярилцмаар байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.“Дайн эхлэхээс өмнө би түүнтэй холбоотой байсан. Гэвч сүүлийн нэг жил гаруйн хугацаанд холбоо тогтоосонгүй” гэж В.Зеленский хэлжээ.Ши Жиньпин хэдийгээр ОХУ-ын гол холбоотон боловч сүүлийн саруудад Бээжинг Москва, Киевийн хооронд энх тайван тогтоох зууч болгохыг эрмэлзэж байгаа нь тус улсыг төвийг сахисан зуучийн үүрэг гүйцэтгэж чадах эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлээд байгаа Европын Холбоо, НАТО-гийн төлөөлөгчдийн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.Гэсэн хэдий ч В.Зеленский Бээжингийн 12 заалт бүхий энхийн төлөвлөгөөг үндэс болгон Хятадын зуучлалтайгаар энхийн хэлэлцээнд оролцоход бэлэн гэдгээ саяхан илэрхийлсэн байна.“Хятадын дэвшүүлсэн зарим санал олон улсын хууль тогтоомжийг хүндэтгэж байгаа тул бид Хятадтай хамтран ажиллах боломжтой гэж бодож байна” хэмээн Украины Ерөнхийлөгч энэ сарын эхээр мэдэгджээ.Өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпинийг Москвад айлчлахын өмнө “Wall Street Journal” сонинд “энэхүү айлчлал нь Украин, Хятадын төрийн тэргүүн нарт утсаар ярих боломжийг бүрдүүлнэ” хэмээн бичиж байсан юм. Гэхдээ ийм яриа хэлэлцээ болоогүй бөгөөд Ши-Путин нарын дээд хэмжээний уулзалт Оросын илэрхийлж байгаа байр суурийг дэмжсэн мэт хамтарсан мэдэгдэл баталж, Оросын цэргийг Украинаас гаргахыг санал болгоогүйн зэрэгцээ НАТО-гийн тэлэлт нь дайныг өдөөсөн гэж буруутгаснаар өндөрлөсөн.
https://montsame.mn/mn/read/315799
АНУ-ын сенатчид Иракт цэргийн хүч хэрэглэхийг зөвшөөрсөн тогтоолыг цуцлахыг дэмжжээ
2023-03-30 13:55:04
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. Персийн булан болон Иракт цэргийн хүч хэрэглэхийг зөвшөөрсөн 1991, 2002 онд батлагдсан тогтоолуудыг хүчингүй болгох хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим лхагва гарагт баталжээ. Зөвшөөрлийг цуцлахыг 66 сенатч дэмжсэн бол 30 хууль тогтоогч эсэргүүцсэн байна. Одоо энэхүү санаачилгын талаарх санал хураалтыг Конгрессын Төлөөлөгчдийн танхимд явуулах ёстой. Хууль тогтоох дээд байгууллагын доод танхимын дарга Кевин МакКарти (Калифорни муж улсаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн) уг төслийг дэмжиж байгаагаа өмнө нь илэрхийлсэн байна.Хуулийн төслийг боловсруулсан хууль тогтоогчдын үзэж байгаагаар, Ирак нь одоогоор Ойрхи Дорнод дахь АНУ-ын стратегийн холбоотон бөгөөд тогтоолуудыг хүчингүй болгох нь тус улсыг дэмжиж байгаагийн дохио болно. АНУ-ын хууль тогтоогчид Персийн булан болон Иракт цэргийн хүч хэрэглэхийг зөвшөөрсөн тогтоолуудыг цуцлах асуудлыг энэ сард хоёр долоо хоногийн турш хэлэлцжээ. Ерөнхийлөгч Жо Байден уг санаачилгыг Конгрессын хоёр танхим дэмжвэл гарын үсэг зурна гэж Цагаан ордон урьд нь мэдээлсэн байна.
https://montsame.mn/mn/read/315791
Япон дижитал иений талаар судлах ажлын хэсэг байгуулна
2023-03-30 12:07:05
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /NHK/. Японы Сангийн яам дижитал иен гаргах боломжийг судлах шинжээчдийн ажлын хэсгийг ирэх сард байгуулахаар төлөвлөж байгаа талаар “NHK” телевиз мэдээллээ.Ажлын хэсэг Төв банкны дэмжлэгтэй дижитал валютын тогтолцоог хэрхэн бий болгох талаар хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд энэ сарыг хүртэлх хоёр жилийн хугацаанд хийсэн Японы Төв банкны судалгааны үр дүнг ашиглах ажээ.Ийм ажлын хэсгийг байгуулж байгаа нь Японы Төв банк, санхүүгийн байгууллагууд болон бусад хувийн хэвшлийн оролцогчдыг хамруулсан дижитал иений туршилтын хөтөлбөр эхэлж байгаатай цаг хугацааны хувьд давхцаж байгаа юм.Одоогоор дижитал валют гаргах тодорхой төлөвлөгөө байхгүй гэдгийг Төв банкны төлөөлөгчид мэдэгджээ. Ийм валютыг гаргахын тулд холбогдох хууль эрх зүй, тогтолцооны асуудлуудыг шийдэхэд цаг хугацаа шаардагдах төлөвтэй байна.Харин Сангийн яам ажлын хэсгийн санал бодлыг харгалзан үзэж, дижитал иенийг нэвтрүүлэхэд бэлтгэхээр төлөвлөж байгаа аж. Европ, АНУ, Хятадын Төв банкууд дижитал валютуудын оршин тогтнох чадварыг хэдийнээ судалж эхлээд байгаа бөгөөд ийм валютуудыг мөнгөн тэмдэгт, зоостой ижил байдлаар ашиглах боломжтой.АНУ-ын технологийн салбарт тэргүүлэгч “Meta” компани дөрвөн жилийн өмнө өөрийн криптовалютыг гаргахаар төлөвлөж байгаагаа зарласнаар дижитал валютуудаас үүдэх үр дагавар олны анхаарлын төвд орж байлаа.Тухайн үед зохицуулагч байгууллагуудын зүгээс дижитал валютыг мөнгө угаахад ашиглаж, мөнгөний тогтвортой байдалд заналхийлж болзошгүй гэж болгоомжилж байв. Хожим нь “Meta” дээрх санаагаа орхижээ.Дижитал валют гаргах чиглэлд Хятад улс тэргүүлэх байр суурь эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн онд Бээжингийн Олимпын үеэр дижитал юанийг туршилтын хэлбэрээр анх гаргаж байсан юм.Мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан 2022 онд дижитал долларын талаарх анхны тайлангаа гаргаж байв. Харин Европын Төв банк дижитал евро гаргах эсэхээ энэ онд шийдэх төлөвтэй байна. Энэтхэг улс мөн мөнгөн тэмдэгтээ дижитал хэлбэрээр гаргахаар төлөвлөж байна.
https://montsame.mn/mn/read/315776
Нарнаас 33 тэрбум дахин их масстай хар нүх илрүүлжээ
2023-03-30 11:53:58
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ЛОНДОН. /Sky news/. Их Британийн Даремын их сургуулийн эрдэмтэд Нарнаас 33 тэрбум дахин их масстай хар нүх илрүүлжээ. Хэт их масстай уг хар нүхийг биднээс 2.7 тэрбум орчим гэрлийн жилийн алсад орших “Abell 1201” хэмээх асар том галактикийн бөөгнөрлийн төвөөс илрүүлсэн байна. Судалгааны талаарх нийтлэлийг бичигч, дээрх их сургуулийн физикийн тэнхимийн эрдэмтэн Жеймс Найтингейлийн хэлснээр, уг хар нүх нь урьд өмнө илрүүлж байсан хамгийн том хар нүхнүүдийн нэг юм. Онолын хувьд энэ нь хар нүх хэр том болж чадах дээд хязгаар тул энэхүү нээлтийг гайхалтай гэж хэлж болно. Бидний судалгаа одон орон судлаачдад илүү том хар нүхнүүдийг нээх боломжийг нээж өгч байна хэмээн тэрбээр ярьжээ. Ихэнх хэт их масстай хар нүхнүүд идэвхтэй байдаг бөгөөд хар нүхэнд татагдсан материуд халж, гэрэл хэлбэрээр энерги ялгаруулдаг. Харин шинээр нээсэн хэт их масстай хар нүх нь “унтаа” хар нүхнүүдийн ангилалд хамаардаг аж. Ийм хар нүхнүүдийг уламжлалт аргаар илрүүлэхэд маш хэцүү байдаг.Даремын их сургуулийн эрдэмтэд судалгаагаа Их Британийн сансрын агентлаг, Хааны нийгэмлэг, Шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон Европын судалгааны зөвлөлийн дэмжлэгтэйгээр хийжээ.Нарны массаас хэдэн сая, тэрбум дахин их масстай хар нүхнүүдийг хэт их масстай хар нүх гэж нэрлэдэг. Эдгээр нь олон галактик, түүний дотор Сүүн замын төвд оршдог. Хэт их масстай хар нүхнүүд нь манай Орчлон ертөнц үүссэн цагаас л оршин байсныг одон орны физик ажиглалтууд харуулдаг ажээ.
https://montsame.mn/mn/read/315773
Чилид шувууны томуу хүнд халдварласан анхны тохиолдол илэрчээ
2023-03-30 11:02:16
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
САНТЬЯГО. /Reuters/. Чили улсад шувууны томуу хүнд халдварласан анхны тохиолдол илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас лхагва гарагт мэдээллээ.Томуугийн хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч байсан 53 настай эрэгтэйгээс халдвар илэрсэн гэж яамны мэдэгдэлд дурджээ. Гэхдээ өвчтөний биеийн байдал тогтвортой байгааг онцолсон байна. Чилид өнгөрсөн оны сүүлээс хойш зэрлэг амьтдад шувууны томуугийн “H5N1” вирус илэрсэн тохиолдлууд бүртгэгдэж байжээ. Түүнчлэн саяхан фермүүдэд халдвар илэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар шувууны махны экспортыг түр зогсоосон байна. Аргентинд мөн фермд халдварын тохиолдлууд илрээд байгаа бол дэлхийн шувууны махны хамгийн том экспортлогч Бразилд халдвар илрээгүй байна.Чилийн эрүүл мэндийн байгууллагууд вирус шувууд, далайн хөхтөн амьтдаас хүнд халдварлаж болзошгүйг анхааруулж байгаа хэдий ч хүнээс хүнд халдварласан тохиолдол огт бүртгэгдэж байгаагүй юм. Энэ оны эхээр Эквадорт мөн шувууны томуу хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдэж, есөн настай охин халдвар авчээ. Дэлхийн эрүүл мэндийн салбарынхан хүмүүсийн дунд халдвар дамжих эрсдэл бага гэж мэдэгдэж байгаа ч вакцин үйлдвэрлэгчид “урьдчилан сэргийлэх үүднээс” хүнд зориулсан шувууны томуугийн вакциныг гарган авахаар ажиллаж байна.
https://montsame.mn/mn/read/315768
Хөнгөн цагааны үнэ өсжээ
2023-03-30 10:37:51
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /RT/. Лондоны металлын биржийн (LME) лхагва гаргийн арилжааны явцад нэг тонн хөнгөн цагааны үнэ энэ сарын 6-наас хойш анх удаа 2400 ам.доллар давж өсжээ. Өсөлтийнхөө оргил үед энэхүү металлын үнэ нэг тонн нь 2408.5 ам.долларт хүрсэн байна. 2022 оны гуравдугаар сарын эхээр хөнгөн цагааны үнэ түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилж байсан бөгөөд нэг тонн нь 4074 ам.долларт хүрч байв.
https://montsame.mn/mn/read/315761
Азийн ДНБ энэ онд 4.5 хувиар өснө гэж таамаглаж байна
2023-03-30 09:21:10
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ХАЙНАНЬ. /Xinhua/. Энэ онд Азийн Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ бодит өсөлт өнгөрсөн оны 4.2 хувьтай харьцуулахад 4.5 хувь байх төлөвтэй байна гэж мягмар гарагт эхэлсэн Азийн төлөөх Боаогийн эдийн засгийн чуулганы үеэр танилцуулсан тайланд дурджээ. "Ази дахь эдийн засгийн хэтийн төлөв ба интеграцын үйл явц" нэртэй уг тайланд дурдсанаар, дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүр болох Азийн эдийн засаг 2023 онд эдийн засгийн ерөнхий сэргэлтийг хурдасгаж байгаа нь тус тивийг дэлхийн эдийн засгийн хямралын үед голлох тоглогчдын нэг болгож байна. Энэ жил Хятад, Энэтхэг улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн тал хувийг хангана гэж тайланд Олон улсын валютын сангийн тоо баримтаас эш татан дурджээ. 2023 онд дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн байдал муудсан хэдий ч Азийн, тэр дундаа Зүүн Азийн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт таамаглаж байснаас илүү сайн байх төлөвтэй байна гэж тайланд онцолжээ.
https://montsame.mn/mn/read/315752
Их Британийн хаан III Чарльз Герман улсад айлчилж байна
2023-03-30 09:07:11
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЕРЛИН. /DW/. Их Британийн хаан III Чарльз Герман улсад лхагва гарагт хүрэлцэн ирж, хааны хувиар хилийн чанадад хийж буй анхны айлчлалаа эхлүүллээ.Их Британийн хаан эхлээд Францад айлчлахаар төлөвлөж байсан боловч Ерөнхийлөгч Эмманюэль Макроны тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн өргөн хүрээг хамарсан жагсаал үргэлжилж байгаатай холбоотойгоор айлчлалaa хойшлуулсан юм. Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Чарльзад Их Британийн хаанаар өргөмжлөгдсөнөөсөө хойших анхны гадаад айлчлалаа Германд хийж байгаад талархал илэрхийлээд, энэ нь “Герман-Их Британийн харилцаанд чухал дохио” болж байгааг цохон тэмдэглэжээ.Их Британийн хаан Чарльз, гэргий Камилла нарыг Ф.Штайнмайер, гэргий Эльке Бюденбендерийн хамтаар Берлин хотын Бранденбургийн хаалган дээр цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаагаар угтан авав. Түүний дараа Бельвю ордонд хүндэтгэлийн зоог барьжээ. Бранденбургийн хаалган дээр Германы олон нийтэд хааны гэр бүлтэй мэндчилэх боломж олдсон бөгөөд тухайн хэсэгт ердөө 1500 үзэгч хүлээн авах боломжтой тул шинэ хаантай уулзахыг хүссэн хүмүүст эрт ирэхийг зөвлөсөн байна. Тийнхүү лхагва гаргийн өглөөнөөс иргэд дурсгалт газарт цуглаж эхэлжээ.Хоёр улсын төрийн тэргүүн нар тогтвортой байдлын талаар, мөн сэргээгдэх эрчим хүч рүү шилжих асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Байгаль орчныг хамгаалах асуудал нь хааны хамгийн их анхаарал хандуулдаг сэдвүүдийн нэг юм. Пүрэв гарагт хааны гэр бүл Германы канцлер Олаф Шольц, Берлин хотын дарга Франциска Гиффи нартай уулзана. Чарльз мөн Германы Бундестагт үг хэлсэн Их Британийн анхны засгийн дээд эрхийг баригч болно. Берлин дэх Их Британийн Элчин сайдын яамны мэдээлснээр, Чарльз Германд хунтайжийн хувиар 40 орчим удаа айлчилж байжээ. Чарльзыг хаан сэнтийд залах ёслол түүний ээж, хатан хаан II Элизабетийг таалал төгссөнөөс хойш найман сарын дараа буюу ирэх тавдугаар сарын 6-ны өдөр болно.
https://montsame.mn/mn/read/315749
АНУ-ын эрдэмтэд тархины органоидод суурилсан биокомпьютер бүтээнэ
2023-03-29 16:53:38
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /Frontiers in Science/. Америкийн эрдэмтэд тархины органоид хэмээн нэрлэдэг хүний тархины эсийн гурван хэмжээст өсгөвөрт суурилсан биокомпьютер бүтээхээр ажиллаж байна.Эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар, хүний тархи нь цахиурт суурилсан бичил схем бүхий орчин үеийн компьютероос илүү суралцах чадвартай тул ийм төхөөрөмж нь нарийн төвөгтэй тооцооллын асуудлыг шийдэж чадах гэнэ. Органоидуудыг анх 2013 онд микроцефал буюу гавлын яс хэт жижгэрэх эмгэгийн судалгаанд зориулж лабораторид бүтээжээ. Тэдгээрийг мөн Альцгеймер, Паркинсоны өвчнийг судлахад ашигладаг байна. Органоидууд нь тархины бүтэц, үйл ажиллагааг дуурайлгасан үүдэл эсүүдийн бөөгнөрөл юм. Гэхдээ жинхэнэ тархитай харьцуулшгүй бөгөөд жаахан больхидуу аж.Эрдэмтдийн үзэж байгаагаар, ийм эсүүд нь хурдан суралцах шаардлагатай тооцоолон бодох даалгавруудыг их хэмжээний эрчим хүч зарцуулахгүйгээр гүйцэтгэхэд тохирно. Органоидууд нь хоорондоо нягт холбоотой мэдрэлийн эсүүдийн нэгдэлд мэдээллийг хадгалж чаддаг байна.Ийм их хүчин чадалтай компьютер бүтээхэд дор хаяж 10 сая мэдрэлийн эсээс органоид үүсгэх шаардлагатай бол одоогийн байдлаар 50 мянган мэдрэлийн эс ургуулаад байгаа аж.
https://montsame.mn/mn/read/315727
БНСУ Ардчиллын төлөөх III дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна
2023-03-29 16:36:15
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Yonhap/. БНСУ Ардчиллын төлөөх III дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар боллоо гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан мэдээлжээ. Ардчиллын төлөөх II дээд хэмжээний уулзалт лхагва гаргийн орой эхлэх бөгөөд 120 орчим улс орны төлөөлөл оролцох төлөвтэй байна.“БНСУ III дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна. Энэ талаарх албан ёсны мэдэгдлийг удахгүй хийнэ” гэж АНУ-ын төлөөлөгч утсаар мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ.Ардчиллын төлөөх анхны дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2021 оны 12 дугаар сард зохион байгуулж байсан юм. Харин энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагт болох хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг Ж.Байден БНСУ, Коста-Рика, Нидерланд, Замби улсын төрийн тэргүүн нартай хамтран зохион байгуулна. Таван орны удирдагчид хоёр өдрийн үйл ажиллагааны үеэр болох таван нэгдсэн хуралдааныг нэг нэгээрээ даргалан явуулах бөгөөд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль “эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтийн” талаарх анхны хуралдааныг даргалах ажээ.
https://montsame.mn/mn/read/315725
ДЭМБ “COVID-19”-ийн вакцинжуулалтын талаарх зөвлөмжөө шинэчилжээ
2023-03-29 16:06:19
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /CBS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний вакцинжуулалтын талаарх зөвлөмжөө шинэчилж, ахмад настнууд, өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүст сүүлд вакцин хийлгэснээсээ хойш 6-12 сарын дараа нэмэлт тунд хамрагдахыг зөвлөжээ. Дэлхий даяар халдвар өргөн тархаж, дархлаажуулалтын аян өрнүүлсний дүнд хүн амын дунд дархлааны түвшин өндөр байгааг харгалзан вакцинжуулалтын талаарх зөвлөмжийг шинэчилсэн байна. Ингэхдээ “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх, улмаар нас барах эрсдэлтэй хүмүүсийг вакцинжуулахад гол анхаарлаа хандуулахыг зорилгоо болгожээ. “Энэхүү зөвлөмж нь хүндээр өвчлөх эрсдэлтэй хүмүүсийг вакцинжуулахын ач холбогдлыг дахин тодотгон харуулж байна” гэж уг зөвлөмжийг гаргасан ДЭМБ-ын Дархлаажуулалтын стратегийн зөвлөх шинжээчдийн бүлгийн дарга Ханна Ногинек хэлсэн байна.ДЭМБ өндөр эрсдэлтэй хүн ам гэсэн ангилалд эмнэлгийн ажилтнууд, ахмад настнууд, архаг хууч өвчтэй хүмүүсийг оруулсан бөгөөд нас, дархлааны тогтолцоо зэрэг хүчин зүйлээс хамааран хамгийн сүүлийн тунг тариулснаасаа хойш зургаа юм уу 12 сарын дараа нэмэлт вакцин хийлгэхийг зөвлөсөн байна. Харин 60 хүртэлх насны эрүүл саруул насанд хүрсэн хүмүүс болон хавсарсан өвчтэй хүүхэд, өсвөр насныханд гурав дахь тунгаас илүү нэмэлт тун тариулахыг зөвлөөгүй байна. Мөн эрүүл саруул хүүхдүүд, өсвөр насныханд заавал вакцин хийх шаардлагагүй гэж үзжээ. Гэхдээ бүх насныханд нэмэлт тун хийлгэхэд аюулгүй гэдгийг мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/315715
“Alibaba” бизнесийн бүтцэдээ томоохон өөрчлөлт хийнэ
2023-03-29 14:22:05
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ХОНКОНГ. /South China Morning Post/. Хятадын цахим худалдааны хамгийн том компани болох “Alibaba Group” бизнесийнхээ түүхэнд томоохон бүтцийн өөрчлөлт хийхээр болсноо цахим хуудсандаа мэдээлжээ. Тус корпорац нь үүлэн технологийн “Cloud Intelligence Group”, цахим худалдааны “Taobao-Tmall”, ухаалаг ложистикийн үйл ажиллагааны “Cainiao”, орон нутгийн үйлчилгээний групп, глобал бизнесийн үйл ажиллагааны “Global Digital Business Group” болон дижитал медиа, энтертайнмент үйл ажиллагааны салбар гэсэн зургаан бие даасан бүтэц байгуулж бизнесээ дахин зохион байгуулж байна. Гэхдээ  компанийн мэдэгдсэнээр, Нью-Йорк, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа статус нь өөрчлөгдөхгүй хэвээр байх аж. Эдгээр бүтэц бүр өөрийн гэсэн удирдах зөвлөлтэй, бие даасан төсөвтэй байх юм байна. Үүнээс гадна тэд IPO хийх шийдвэр гаргах боломжтой болно гэж “Alibaba” мэдэгдэлдээ дурджээ.Дээрх мэдээлэл гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Alibaba”-гийн хувьцаа 7.2 хувиар өссөн байна.
https://montsame.mn/mn/read/315693
АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давжээ
2023-03-29 14:18:28
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хувь хэмжээ 2022 онд анх удаагаа нүүрснийхийг давсан талаар тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлаг мэдээллээ.Сэргээгдэх эрчим хүч мөн 2022 онд хоёр дахь жилдээ дараалан атомын цахилгаан станцын үйлдвэрлэлийг давжээ. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэхэд салхи, нарны эрчим хүч голлох нөлөө үзүүлсэн бөгөөд 2022 онд дотооддоо үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 14 хувийг бүрдүүлсэн байна. Харин усан цахилгаан станц зургаан хувь, биомасс, газрын гүний дулааны эх үүсвэрүүд нэг хүрэхгүй хувийг тус тус эзэлжээ. Түүнчлэн Калифорни муж улс нийт нарны цахилгаан эрчим хүчний 26 хувийг, Техас 16 хувийг, Хойд Каролина 8 хувийг үйлдвэрлэсэн бол салхины эрчим хүчний үйлдвэрлэлээр Техас /26 хувь/, Айова /10 хувь/, Оклахома /9 хувь/ муж улсууд тэргүүлсэн байна. Сэргээгдэх эрчим хүчний зөвлөлийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Грегори Уетстоун энэхүү эрчимтэй өсөлтийг эдийн засгийн хүчин зүйлстэй холбон тайлбарлаад, сүүлийн арван жилд салхины эрчим хүчний үнэ өртөг 70 хувиар, нарны эрчим хүчний үнэ өртөг 90 хувиар буурсныг онцолжээ. “Өдгөө сэргээгдэх эрчим хүч нь манай улсын ихэнх хэсэгт шинээр холбож буй цахилгаан эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр болж байна” гэж тэрбээр нэмж хэлэв. Эрчим хүчний мэдээллийн агентлаг 2022-2023 онд АНУ-ын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд салхины эрчим хүчний эзлэх хувь 11-12 хувьд, нарны эрчим хүч 4-5 хувьд хүрч өснө гэж таамаглаж байна. Харин байгалийн хийн эзлэх хувь 2023 онд 39 хувьтай хэвээр байх төлөвтэй байгаа бол нүүрснийх 20-иос 17 хувьд хүрч буурна гэсэн тооцоо гарчээ.
https://montsame.mn/mn/read/315697
Цай Ин Вэнь, К.Маккарти нарыг уулзвал Бээжин хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв
2023-03-29 12:39:39
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /RT/. Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэнь АНУ-д саатахдаа Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай уулзвал Бээжин эрс шийдэмгий хариу арга хэмжээ авна гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнлянь мэдэгджээ.Түүний мэдэгдсэнээр, Цай Ин Вэнь Төв Америкийн орнуудад айлчлахдаа АНУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөөр төлөвлөж байгааг Хятадын тал өдөөн хатгалга гэж үзэж байна. “Энэ бол янз бүрийн шалтаг ашиглан АНУ-ын засгийн газрын албан тушаалтнууд, Конгрессын гишүүдтэй холбоо тогтоох гэсэн, АНУ болон Тайванийн хооронд албан ёсны харилцааг хадгалах гэсэн, түүнчлэн гадаад дахь Хятадын эсрэг хүчнүүдтэй холбоо тогтоох гэсэн оролдлого юм” гэж Жу Фэнлянь хэлжээ.Түүний хэлснээр, Цай Ин Вэнь, Кевин Маккарти нар уулзах нь "нэг Хятад" зарчмыг болон тус улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн хэрэг болно. "Хятад улсын үзэж байгаагаар, энэ уулзалт нь Тайванийн хоолойн тогтвортой, энх тайван байдлыг алдагдуулна. Бид үүнийг эрс эсэргүүцэж, хатуу хариу арга хэмжээ авах нь гарцаагүй" гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Цай Ин Вэнь гуравдугаар сарын 29-нд АНУ-аар дамжин Төв Америкийн орнуудад айлчилна. Тэрбээр мөн Тайвань руу буцах замдаа АНУ-д саатахаар төлөвлөжээ. Урьдчилсан мэдээллээр, Тайванийн тэргүүн Нью-Йорк, Лос-Анжелес хотуудад айлчилж, АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзахаар төлөвлөж байгаа аж.
https://montsame.mn/mn/read/315687
Австралийн компани арслан зааны ДНХ-ээс мах ургуулжээ
2023-03-29 10:28:42
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ТЕХНОЛОГИ
КАНБЕРРА. /The Guardian/. Австралийн “Vow” компани лабораторийн нөхцөлд арслан зааны мах ургуулж, түүгээрээ бөөрөнхий мах бэлтгэжээ. Тус компани үсэрхэг арслан зааны (Mammuthus primigenius) ДНХ-ийн элементийг ашиглан энэ амьтны махны хувилбарыг ургуулсан байна. Энэхүү мөхсөн амьтны булчингийн уургийг бүтээхийн тулд компанийн мэргэжилтнүүд Квинслендийн Их Сургуулийн Био инженерийн хүрээлэнгийн профессор Эрнст Вольветангтай хамтран ажиллажээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар, тэдний гол зорилго нь биотехнологийн тусламжтайгаар хоол хүнс үйлдвэрлэх боломжтой гэдгийг харуулах явдал юм. Ийм технологиор ургуулсан япон бөднө шувууны махаа тус компани Сингапурын ресторануудад энэ онд нийлүүлж эхлэхээр төлөвлөж байна. Мах ургуулах туршилтыг дэлхийн дээр 100 гаруй компани хийж байгаа бөгөөд ойрын ирээдүйд хүмүүсийн хооллолтод чухал байр суурь эзэлнэ гэж үзэж байна.
https://montsame.mn/mn/read/315658
Э.Макроны нэр хүндийн үзүүлэлт 2018 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ
2023-03-29 10:21:45
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПАРИС. /Anadolu/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны нэр хүндийн үзүүлэлт 2018 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч буурсныг “BVA” судалгааны компанийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.Энэ сарын 24-25-ны өдрүүдэд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, Э.Макроны нэр хүндийн үзүүлэлт 28 хувьд хүрч буурснаар 2018 онд Шар хантаазтнуудын жагсаалын үеийн түвшинд /26 хувь/ ойртож очсон байна.  Францад тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөөг нэгдүгээр сард танилцуулснаас хойш өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа энэ үед Ерөнхийлөгчийн нэр хүнд нэг сарын дотор 6 хувиар буурсан дүн үзүүлжээ. Ерөнхий сайд Элизабет Борны нэр хүндийн үзүүлэлт мөн огцом буурч 28 хувьд хүрээд байгаа нь түүнийг Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшүүлснээс хойших хамгийн сул үзүүлэлт болсон байна. Ташрамд дурдахад, гуравдугаар сарын эхээр “Ipsos” компанийн санал асуулгын дүнгээр Э.Макроны нэр хүндийн үзүүлэлт гурван жилийн хамгийн доод түвшинд /32 хувь/ хүрээд байжээ.
https://montsame.mn/mn/read/315663
ЕХ 2035 он гэхэд CO2 ялгаруулдаг тээврийн хэрэгсэл худалдахыг хориглоно
2023-03-29 09:52:29
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /DW/. Европын Холбоонд /ЕХ/ 2035 он гэхэд нүүрстөрөгчийн давхар исэл /CO2/ ялгаруулдаг тээврийн хэрэгсэл худалдахыг хориглох тухай хуулийг мягмар гарагт баталлаа гэж Шведийн Эрчим хүчний сайд Эбба Буш мэдэгдэв.Германы Тээврийн сайд Фолькер Виссингийн олон долоо хоногоор хойшлуулаад байсан маргаантай хуулийн төслийг ЕХ-ны 27 гишүүн орны Эрчим хүчний сайд нар ийнхүү баталжээ. Өнгөрсөн бямба гарагт Брюссель, Берлин байгаль орчинд ээлтэй, синтетик түлшний нэг төрөл болох электрон түлшээр ажилладаг хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг худалдаалахыг зөвшөөрөх тохиролцоонд хүрсэн юм. ЕХ дэлхийн дулаарал хийгээд манай гарагт аюултай нөлөө учруулах үзэгдлүүдэд голлон нөлөөлж буй CO2-ын ялгарлыг хязгаарлах хүчин чармайлтын хүрээнд дээрх шийдвэрийг гаргажээ. Тээврийн салбар нь ЕХ-ны хүлэмжийн хийн ялгарлын 25 орчим хувийг бүрдүүлдэг байна. Герман улсын хувьд хуулийг зөөлрүүлж чадсан ч санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн цор ганц гишүүн орон биш байв. Тодруулбал, Польшийн Эрчим хүчний сайд санал хураалтын үеэр эсрэг санал өгсөн бол Румын, Итали, Болгар түдгэлзжээ. Тэдгээрийн зарим нь тээврийн хэрэгслийн үнэ өсөхөөс болгоомжилж эсэргүүцсэн бол Италийн хувьд хуульд био түлшийг хамааруулахгүй байх шаардлага тавьж байжээ. Мөн Засгийн газруудаас гадна автомашин үйлдвэрлэгчид ч эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Porsche” болон Италийн “Ferrari” компаниуд цахилгаан автомашинуудад зориулсан цэнэг хураагуурыг тээврийн хэрэгслүүдийнх нь хувьд хэт хүнддэнэ хэмээн мэдэгдэж байжээ. Харин “Volkswagen”, “Mercedes-Benz”, “Ford” зэрэг бусад автомашин үйлдвэрлэгчдийн хувьд цахилгаан тээврийн хэрэгслүүдэд хэдийнээ найдлага тавиад эхэлсэн билээ.
https://montsame.mn/mn/read/315659
Япон улс түүхэндээ байгаагүй их хэмжээний төсөв баталжээ
2023-03-29 09:16:27
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /NHK/. Японы парламентын дээд танхим түүхэнд байгаагүй их хэмжээний төсвийг мягмар гарагт баталлаа. Ирэх сарын 1-нээс эхлэх энэ оны санхүүгийн жилийн төсвийн нийт зарлагын хэмжээ 114 орчим их наяд иен /870 орчим тэрбум ам.доллар/ болсон нь анх удаагаа 110 их наяд иений босгыг давлаа. Төсөвт инфляцтай тэмцэх, улс орны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн санхүүжилтийг тусгасан байна. Төсвийн нийт дүнгийн гуравны нэгээс илүү хувийг Засгийн газрын бондоор бүрдүүлнэ.2023 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг парламентын дээд танхимын төсвийн хороо баталсны дараа дээд танхимын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, олонхын саналаар баталжээ.
https://montsame.mn/mn/read/315652
Их Британийн хаан III Чарльз анхны гадаад айлчлалаа Германд хийх гэж байна
2023-03-29 08:28:43
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/. Их Британийн хаан III Чарльз өнгөрсөн онд хаан сэнтийд заларснаасаа хойших анхны гадаад айлчлалаа лхагва гарагт буюу өнөөдөр Германд хийнэ. Букингемийн ордноос мэдээлснээр, гурван өдөр үргэлжлэх айлчлалын бүрэлдэхүүнд хааны гэргий Камилла дагалдан явна.Хаан III Чарльз нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Берлинд цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаагаар угтан авсан Их Британийн анхны хаан болно. Мөн Бундестагт үг хэлсэн Их Британийн анхны засгийн дээд эрхийг баригч болох ажээ."Энэхүү айлчлал нь хоёр орны нийтлэг түүх, соёл, үнэт зүйлийг онцолж, Их Британи Германтай тогтоосон харилцаанд зохих хэмжээний хүндэтгэл үзүүлэх зорилготой" гэж Букингемийн ордон тэмдэглэсэн байна.
https://montsame.mn/mn/read/315648
Сарны шилэн бөмбөлгүүдийн дотроос ус илрүүлжээ
2023-03-28 16:47:12
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН. /DW/. Судлаачид сансрын чулуулаг биетүүд Сарны гадаргуутай хүчтэй мөргөлдсөний улмаас үүссэн шилэн бөмбөлгүүдийн дотроос ус олж илрүүлжээ.  Энэхүү судалгааны талаар даваа гарагт “Nature Geoscience” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. Судалгаагаар бөмбөлгүүдэд хуримтлагдсан усны хэмжээг ойролцоогоор 270 их наяд кг гэж тооцоолсон байна.Сарыг удаан хугацааны туршид усгүй гэж үздэг байсан боловч хуурай биш гэдгийг нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хийсэн судалгаанууд харуулсан билээ. Энэхүү нээлт нь тэдгээрийн үр дүнтэй нийцэж байна.Эдгээр шилэн бөмбөлгүүд хэрхэн үүсдэг вэ?Хятадын Шинжлэх ухааны академийн судалгаагаар 2020 онд Хятадын “Chang'e-5” аппаратаар Сарны гадаргуугаас цуглуулсан 117 шилэн бөмбөлгийг судалжээ.Маш нимгэн агаар мандлын давхаргатай Сар жижиг солируудын бөмбөгдөлтөд өртсөнөөр шилэн бөмбөлгүүд үүсдэг байна. Уг үзэгдлийн улмаас үүссэн дулаан нь Сарны гадаргуу дээрх эргэн тойрон дахь “материалыг” хайлуулж, улмаар хөрөхдөө бөмбөлөг болж хувирдаг байна.Усны молекулууд хэрхэн үүсдэг вэ?Устөрөгч ба хүчилтөрөгчийн молекулуудаас бүрддэг ус нь молекулуудад зориулсан “далайн хөвөн” шиг үүрэг гүйцэтгэдэг бөмбөлгүүдэд хадгалагддаг.Нарны салхи гэдэг нь Нарны агаар мандлаас Нарны аймаг даяар ялгарах цэнэгжсэн бөөмсийн урсгал юм.Судалгааг хамтран бичсэн, Их Британийн “Open University” их сургуулийн профессор Махеш Анандын хэлснээр, усны молекулууд үүсэхэд шаардлагатай устөрөгч нь нарны салхинаас гардаг байна.Харин хүчилтөрөгч нь Сарны тал орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд чулуулаг, эрдэс бодисууд дотор хадгалагддаг.Бөмбөлгүүдээс ус гаргаж авахад цельсийн 100 орчим хэмийн дулаан хангалттай гэж М.Ананд ярьжээ. Судлаачдын хэлснээр, нарны салхи сарны гадаргуутай харилцан үйлчилдэгтэй холбоотойгоор Саран дээр усны тогтвортой эргэлт буй болж магадгүй байна. Түүнчлэн Буд зэрэг нарны аймгийн бусад гаргууд болон биетүүд нь нарны салхинаас үүссэн устай байж магадгүй байна.“Ус бол гаргийн гадаргууг тогтвортой судлах боломжийг олгодог хамгийн хэрэгцээтэй хүчин зүйл юм” гэж судалгааг хамтран бичсэн өөр нэгэн судлаач Сен Ху хэлжээ. “Сарны гадаргын орчимд ус хэрхэн бий болж, хадгалагдаж, нөхөгддөгийг мэдэх нь ирээдүйд судлаачид судалгааны зорилгоор гаргаж авах, ашиглахад маш их хэрэгтэй юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
https://montsame.mn/mn/read/315618
“S&P Global” еврогийн бүсийн ирэх оны өсөлтийн төсөөллийг бууруулав
2023-03-28 15:12:43
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
БРЮССЕЛЬ. /Reuters/. Олон улсын үнэлгээний “S&P Global” агентлаг даваа гарагт еврогийн бүсийн эдийн засгийн 2024 оны өсөлтийн төсөөллийг бууруулжээ.Еврогийн бүсийн хамгийн сүүлийн үеийн эдийн засгийн төлөв байдлын тайланд дурдсанаар, дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт 2024 онд 1 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ нь өмнөх таамаглалаас 0.4 хувиар буурсан үзүүлэлт юм.“S&P Global” агентлагийн Европ, Ойрхи Дорнод, Африкийн асуудал эрхэлсэн ахлах эдийн засагч Сильвен Бройер хэлэхдээ, эдийн засаг бага зэргийн уналтад орох эрсдэл өндөр байгааг бид харж байна гэжээ. Инфляцын түвшин 2025 оны нэгдүгээр улирлаас өмнө зорилтот 2 хувьд, мөн суурь инфляц ч 2025 оны гуравдугаар улирлаас өмнө зорилтот түвшиндээ хүрэх төлөвгүй байгааг тайланд тэмдэглэжээ. Европын Холбооны Статистикийн газраас /Eurostat/ гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, еврогийн бүсийн инфляц нэгдүгээр сард 8.6 хувь байсан бол хоёрдугаар сард бага зэрэг буурч 8.5 хувь болсон байна.Европын Төв банк инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ урьдчилан тооцоолж байснаас илүү урт хугацаанд өсгөнө гэж “S&P Global”-ын тайланд таамаглажээ. Төв банк гуравдугаар сарын хуралдаанаараа бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөснөөр 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүргэсэн юм.
https://montsame.mn/mn/read/315625
“James Webb” анх удаа нарны аймгийн гаднах хадархаг гаргийн температурыг хэмжжээ
2023-03-28 14:03:54
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ПАРИС. /AFP/. “James Webb” сансрын дурайн авай Нарны аймгийн гадна орших хадархаг гаргийн температурыг анх удаа хэмжиж ийм гарагуудыг судлах түүхэнд чухал алхам хийжээ. АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн эрдэмтдийн энэхүү судалгааны талаарх өгүүлэл "Nature" сэтгүүлд нийтлэгдсэн байна. 2017 онд “Trappist-1” системийг нээхэд одон орон судлаачид хэмжээ, массын хувьд дэлхийтэй бараг л ижил төстэй долоон хадархаг гаргийнх нь заримд нь амьдрал байх боломжтой гэж таамаглаж догдолж байв.Дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайд орших энэ гарагууд нь манай Нарны аймгийн хад чулуурхаг гаргуудыг бодвол хэт хүйтэн улаан одой одоо хамаагүй ойр зайтай тойрдог ажээ. Гэхдээ тэдний од нь манай Нарнаас хамаагүй бага энерги ялгаруулдаг байна.Одон орон судлаачид улаан одой одтой хамгийн ойр орших “Trappist-1b” гарагт гол анхаарлаа төвлөрүүлжээ. Учир нь энэ гаргийг илрүүлэхэд илүү хялбар байсан аж. Уг гаргийг өөрийн одны ард шилжиж, илүү тод од нь бүдэг одыг халхлах үед гэрлийнх нь өөрчлөлтийг “James Webb”-ийн хэт улаан туяаны багажаар (MIRI) хэмжжээ.“Үндсэндээ "өдрийн талаа" харуулж байгаа учир энэ гараг одныхоо ард орж алга болохын өмнөхөн хамгийн их гэрэл ялгаруулдаг" гэж “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгааг хамтран бичсэн Эльза Дюкро AFP агентлагт ярьжээ.Судлаачид энэ гараг хэдий хэмжээний хэт улаан туяа ялгаруулдаг болохыг тооцоолжээ. Харин “MIRI” төхөөрөмж нь "аварга том контактгүй термометр" болж ажиллаж чадсан гэж NASA мэдэгдэлдээ дурдсан байна.Гаргийн өдрийн температурыг Цельсийн 230 хэм гэж тогтоосон бөгөөд энэ нь "бараг пицца жигнэхэд тохирох температур юм" гэж NASA нэмж дурджээ.“Trappist-1b” гараг дээр дулаан эргэн тархдаггүй, тиймээс эрдэмтэд уг гараг нь "бага, эсвэл огт агааргүй" гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж Францын Цөмийн эрчим хүчний комисс (CEA) мэдэгджээ. Нарны аймгийн гаднах ийм хад чулуурхаг гаргуудын агаар мандалд дүн шинжилгээ хийх боломжтой болсноороо манай Нарны аймгийн гадна орших гаргуудын судалгаанд “шинэ эрин”- ийг нээж байна гэж эрдэмтэд онцолж байна.
https://montsame.mn/mn/read/315590
В.Зеленский, ОУАЭХА-ийн тэргүүн нар Запорожье хотод очжээ
2023-03-28 11:59:18
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
КИЕВ. /DW/. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросси даваа гарагт Украины Запорожье хотод очиж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзжээ.Хэдийгээр энэхүү хот нь Украины хяналтад байгаа боловч Запорожье атомын цахилгаан станц нь өнгөрсөн оны эхээр Орос Украин руу довтолж эхэлснээс хойш Оросын цэргүүдэд эзлэгдээд байгаа юм. Запорожье нь Европын хамгийн том атомын цахилгаан станц юм. “Миний бие өнөөдөр В.Зеленскийтэй Запорожье хотод уулзаж, атомын цахилгаан станц болон станцын ажилтнуудыг хамгаалах талаар санал солилцлоо” гэж Р.Гросси “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Мөн тэрбээр Украины цөмийн байгууламжуудад ОУАЭХА бүрэн дэмжлэг үзүүлнэ гэдгийг дахин нотолсон байна.Запорожье нь хоёр талын байлдааны ажиллагааны халуун цэг болоод байгаа тул энэ байгууламжийн аюулгүй байдлын асуудал ихээхэн түгшүүр төрүүлээд байгаа юм. Тухайлбал, их буугаар галласны улмаас станцын цахилгаан эрчим хүч хэд хэдэн удаа тасалдсан нь Украины ажилчдыг ослын үед ажиллуулдаг дизель генераторуудыг асаахаас өөр аргагүйд хүргэж байв. Өмнө нь Запорожье станцад очиж байсан Р.Гросси станцад гарч болзошгүй осол нь Украинд төдийгүй бүс нутагт аюул учруулж болзошгүйг анхааруулсан байна. Тэрбээр ийм осол гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд байгууламжийн эргэн тойронд хамгаалалтын бүс байгуулахыг уриалж, Оросын тал цэргийн техник хэрэгсэл, бие бүрэлдэхүүнээ байрлуулж байгааг шүүмжилж байсан билээ.
https://montsame.mn/mn/read/315585
Газрын тосны үнэ хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрч өсжээ
2023-03-28 10:18:27
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Дэлхийн банк санхүүгийн салбарын талаарх болгоомжлол намжиж байгаатай холбоотойгоор даваа гарагт газрын тосны үнэ өсжээ. Тодруулбал, Нью-Йоркийн биржид ирэх тавдугаар сард нийлүүлэх “WTI” маркийн газрын тосны нэг торхын үнэ 3.55 ам.доллар буюу 5.13 хувиар өсөж, 72.81 ам.долларт хүрчээ. Мөн Лондоны “ICE” биржид тавдугаар сард нийлүүлэх “Brent” маркийн газрын тосны үнэ 3.13 доллароор /4.17 хувь/ өсөж, 78.12 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр аль алиных нь үнэ сүүлийн хоёр долоо хоногийн дээд түвшиндээ хүрч өсжээ.“PRICE Futures” группийн ахлах шинжээч Фил Флинн даваа гарагт гаргасан нийтлэлдээ, газрын тосны үнийн хувьд эрэлт, нийлүүлэлтийн үндсэн зарчмаас нь холдуулсан банкны хямралаас гарахыг оролдож байна хэмээн бичжээ. Мөн АНУ-ын Хойд Каролина муж улсад төвтэй “First Citizens BancShares” компани энэ сарын эхээр дампуурсан “Silicon Valley Bank”-ийг  худалдаж авахаар тохиролцсон тухай мэдээ гарсан нь банкны салбартай холбоотой болгоомжлол намжихад нөлөөлсөн байна. АНУ-ын банкны хямрал эдийн засагт сөргөөр нөлөөлж, эрчим хүчний эрэлтийг бууруулах вий гэсэн болгоомжлол нэмэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын эхээр газрын тосны үнэ сүүлийн 15 сарын доод түвшиндээ хүрч буураад байсан юм.
https://montsame.mn/mn/read/315572
Япон, БНСУ аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээгээ ирэх сард хийхээр төлөвлөж байна
2023-03-28 09:19:19
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Япон, БНСУ сүүлийн таван жил гаруйн хугацаан дахь анхны аюулгүй байдлын асуудлаарх ажлын түвшний хэлэлцээгээ ирэх сард хийхээр төлөвлөж байна гэж нэгэн дипломат эх сурвалж даваа гарагт мэдээлжээ. Энэхүү хэлэлцээ нь БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн АНУ-д хийх айлчлалаас өмнө болох төлөвтэй байна.Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Юн Сог Ёль нар энэ сарын 16-ны өдөр дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ хамгийн сүүлд 2018 оны гуравдугаар сард зохион байгуулагдаж байсан хэлэлцээг нэн даруй сэргээхээр тохиролцсон юм. Токио, Сөүлийн засаг захиргаа сүүлийн жилүүдэд дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргааны улмаас сэв суугаад байсан харилцаагаа сайжруулахаар ажиллаж байгаа билээ. БНАСАУ-ыг цөмийн долоо дахь туршилтаа хийж магадгүй гэж болгоомжилж байгаа энэ үед тус улс баллистик пуужин харвахаа зогсоох шинж ажиглагдахгүй байгаатай холбоотойгоор хоёр орны Гадаад хэрэг, Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтнууд Пёньяны асуудлаар нягт хамтран ажиллахаа нотлох төлөвтэй байна гэж эх сурвалж мэдээлжээ. Энэ сарын эхээр БНСУ дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх саналаа танилцуулсан бөгөөд 2022 оны тавдугаар сард үүрэгт ажилдаа орсон Юн Сог Ёль БНАСАУ-аас учрах аюул заналын эсрэг АНУ-тай цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ  Японтой харилцаагаа сайжруулахаа амласан юм. Хожим нь Юн Сог Ёль К.Фүмиотой хэлэлцээ хийхээр Токио хотноо айлчилснаар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Японд айлчилсан БНСУ-ын анхны Ерөнхийлөгч болсон билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээг хийх газрыг хараахан товлоогүй байгаа юм байна. АНУ-ын холбоотон тус хоёр улс урьд нь ийм уулзалтуудыг ээлжлэн зохион байгуулдаг байсан бөгөөд сүүлийнх нь Токиод болжээ. Японы Гадаад хэргийн яамны Ази, далайн орнуудын асуудал эрхэлсэн газрын дарга Фүнакоши Такэхиро, БНСУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн газрын ерөнхий захирал Сё Мин Жүн нар уулзалтад оролцох төлөвтэй байна гэж эх сурвалж мэдээлсэн байна. Хоёр орны төлөөлөгчид БНАСАУ-ын баллистик пуужингийн туршилтын талаар Япон, БНСУ-ын хооронд цаг үеийн мэдээлэл солилцох боломжийг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэж магадгүй байна. Мөн БНСУ-д амьдарч буй Япон иргэдийн аюулгүй байдлыг хангах, тэр дундаа Солонгосын хойгт онцгой байдал үүссэн үед тэднийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хөндөж магадгүй гэж эх сурвалж хэлжээ.Япон-БНСУ-ын аюулгүй байдлын асуудлаарх анхны уулзалтыг 1998 оны зургаадугаар сард гадаад бодлого, батлан хамгаалах салбарын харилцан итгэлцлийг бий болгох зорилготойгоор Сөүл хотноо зохион байгуулж байв. Гэвч БНСУ-ын Дээд шүүх дэлхийн II дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэх нэхэмжлэгч нарт нөхөн төлбөр олгохыг Японы компаниудад үүрэг болгосны дараа 2018 онд хэлэлцээ түр зогссон юм.Уг шийдвэрийг гарсны дараа БНАСАУ-тай харилцаагаа сайжруулахыг чухалчилж байсан Мүн Жэ Иний засаг захиргааны үед Япон-БНСУ-ын харилцаа сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хамгийн доод түвшиндээ хүрээд байлаа. Юн Сог Ёль Вашингтонтой аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр АНУ-д төрийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөж байгаа бол К.Фүмио Хирошима хотноо тавдугаар сард “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна.
https://montsame.mn/mn/read/315560
Унгарын парламент Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон баталлаа
2023-03-28 09:16:00
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БУДАПЕШТ. /Reuters/. Унгарын парламент Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг даваа гарагт соёрхон баталлаа. Скандинавын тус орныг эвсэлд гишүүнээр элсүүлэхийг парламентын гишүүдийн 117 нь дэмжсэн бол 40 нь эсэргүүцэж, 18 нь түдгэлзжээ. Харин Швед улсыг НАТО-д элсүүлэх асуудлыг эрх баригч "ФИДЕС" намын фракцын саналаар хэлэлцэхээ түр хойшлуулах шийдвэр гаргажээ. Шведийн хүсэлтийн талаар санал хураах өдрийг одоогоор товлоогүй байна.Швед, Финландыг гишүүнээр элсүүлэх тухай протоколд Умард Атлантын эвслийн гишүүн орнууд 2022 оны долоодугаар сард гарын үсэг зурсан билээ. НАТО-гийн бүх гишүүн орон протоколыг соёрхон баталсны дараа эдгээр улс эвслийн гишүүн болно.
https://montsame.mn/mn/read/315559
Б.Нетаньяху шүүхийн шинэчлэлийг хойшлуулжээ
2023-03-28 08:44:53
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ. /BBC/. Израилын Засгийн газрын тэргүүн Биньямин Нетаньяху гуравдугаар сарын 27-ны орой иргэддээ хандан үг хэлэхдээ, тус улсад томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн шүүхийн шинэчлэлийг батлах үйл явцыг хойшлуулж байгаагаа мэдэгджээ. Түүний хэлснээр, Засгийн газар Израилын шүүх тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэж урьдын адил үзсэн хэвээр байна. Гэсэн хэдий ч үүнийг хийхийн тулд нийгэмд өргөн хүрээний тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Б.Нетаньяху мэдэгдэхдээ, шинэчлэлийг батлах үйл явцыг парламентын зуны чуулган хүртэл зогсоосон гэв. Эрх баригчид нийгэмд хагарал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ. “Ямартаа ч бид эрх мэдлийн салаа мөчир хооронд алдагдсан тэнцвэрийг сэргээх шинэчлэлийг хийнэ” гэж Ерөнхий сайд мэдэгдсэн байна. Б.Нетаньяхуг дээрх мэдэгдлийг хийсний дараа Израилын "Хистадрут" Бүх ажилчдын холбооны тэргүүн Арнон Бар-Давид орон даяар бүх нийтийн ажил хаялтыг зогсоосныг мэдээлжээ.
https://montsame.mn/mn/read/315556
SCMP: “Alibaba”-г үүсгэн байгуулагч эх орондоо эргэн иржээ
2023-03-27 16:40:07
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ХОНКОНГ. /South China Morning Post/. “Alibaba Group”-ийг үүсгэн байгуулагч Жэк Ма жил гаруйн хугацаанд хилийн чанадад байсныхаа дараа Хятадад эргэн ирсэн талаар “South China Morning Post” сонинд эх сурвалжуудаас эш татан бичжээ.Тус хэвлэлд бичсэнээр, Жэк Ма “Alibaba” компанийнх нь төв байр байрладаг Ханжоу хотод (зүүн нутгийн Жэжян муж) байгуулсан сургуульдаа зочилжээ. Тэрбээр сургуулийн багш, сурагчидтай уулзахдаа сургалтын хөтөлбөр, хиймэл оюун ухаан бүхий чатботууд зэрэг шинэлэг технологийн талаар ярилцсан байна.Жэк Ма 2013 онд “Alibaba”-гийн ерөнхий захирлын албан тушаалаасаа огцорч, 2019 онд ТУЗ-ийн даргын суудлаас буусан юм. Үүний дараа тэрбээр янз бүрийн улс орнуудаар аялж эхэлжээ. 2020 оны 10 дугаар сард Жэк Ма Хятадын санхүүгийн тогтолцоог шүүмжилж, шинэчлэл хийхийг уриалсан бөгөөд мөн оны 11 дүгээр сард “Alibaba”-гийн санхүүгийн технологийн “Ant Group” компанийн хувьцааг Шанхай, Хонконгийн биржид байршуулах ёстой байв. Гэвч Хятадын Үнэт цаасны зохицуулах хороо "санхүүгийн болон техникийн хяналтын нөхцөл өөрчлөгдсөнтэй холбогдуулан" компанийн хувьцаа гаргах үйл явцыг гэнэт түр зогсоосон юм. Эдгээр үйл явдлын дараа Жэк Ма мэдээллийн талбараас алга болж, олны өмнө ховорхон гарах болсон билээ. 2021 оны 10 дугаар сард Хятадын эрх баригчид “Alibaba” компанийг монополийн эсрэг хуулийг зөрчсөн хэмээн үзэж, 18.2 тэрбум юань буюу 2.8 тэрбум орчим ам.долларын торгууль ногдуулсан нь тус улсын түүхэн дэх хамгийн их хэмжээний торгууль болсон. Хятадын монополийн эсрэг зохицуулагч байгууллагын мэдэгдэлд дурдсанаар, “Alibaba” хэрэглэгчдийг "сонголт хийх эрхгүйгээр" үйлчилгээгээ ашиглахаас аргагүйд хүргэсэн бодлого баримталж байсан нь "Хятадын цахим худалдааны зах зээлийн өрсөлдөөний орчинд сөргөөр нөлөөлжээ".
https://montsame.mn/mn/read/315533
Израилын Ерөнхийлөгч шүүхийн шинэчлэлийг зогсоохыг уриалжээ
2023-03-27 16:34:21
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЙЕРУСАЛИМ. /DW/. Израилын Ерөнхийлөгч Исаак Херцог орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргээд буй маргаан дагуулсан шүүхийн шинэчлэлийг зогсоохыг Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Засгийн газарт даваа гарагт уриалжээ.Б.Нетаньяху Батлан хамгаалахын сайд Йоав Галантыг шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэнийх нь дараа огцруулснаас нэг хоногийн дараа дээрх уриалгыг гаргаж байна. Й.Галантыг огцруулсны дараа жагсагчдын уур хилэн улам ихсэж, олон арван мянган иргэн гудамжинд жагсжээ. “Израилын ард түмний нэрийн өмнөөс хариуцлагатай байх үүднээс миний бие та бүхэнд хууль тогтоох үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалж байна” гэж И.Херцог “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.Б.Нетаньяху яаралтай хуралдаан хийвБ.Нетаньяхуг эсэргүүцсэн жагсаал улам ширүүсэж байгаа үед түүний Ликуд намын сайд нар шинэчлэлийг зогсооход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Ерөнхий сайд ням гаргийн орой Хууль зүйн сайд Ярив Левин, Сангийн сайд Бецалель Смотрич, Стратегийн асуудал эрхэлсэн сайд Рон Дермер, Боловсролын сайд Йоав Киш нарыг оролцуулсан яаралтай хуралдаан зарласан талаар “The Jerusalem Post” сонин мэдээлжээ.Р.Дермер, Й.Киш нар Ерөнхий сайдад хуулийг царцаахыг зөвлөсөн гэж сонинд бичсэн байна. Харин Я.Левин Засгийн газрыг төлөвлөгөөндөө тууштай байхыг уриалж, огцорно хэмээн сүрдүүлсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна. Б.Нетаньяхугийн ойр дотны итгэлт нэгэн гэгддэг Соёлын сайд Мики Зохарын хувьд, хэрвээ шүүхийн шинэчлэлийг түр зогсоох шийдвэр гаргавал нам нь түүнийг дэмжинэ гэж хэлжээ. Даваа гаргийн өглөө Израилын “Channel 12” телевиз Б.Нетаньяху хуулийн төсөлд санал хураалт явуулах хугацааг хойшлуулж магадгүй гэж мэдээлсэн байна.
https://montsame.mn/mn/read/315537
ОУВС: Хятад улс 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг бүрдүүлнэ
2023-03-27 15:37:14
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /CGTN/. Эдийн засаг нь эрчимтэй сэргэж буй Хятад улс 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэг орчмыг бүрдүүлнэ гэж Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн Кристалина Георгиева ням гарагт Хятадын хөгжлийн чуулга уулзалтын үеэр мэдэгджээ.К.Георгиева Бээжин хотноо жил бүр зохион байгуулагддаг уг чуулга уулзалтын хоёр дахь өдөр үг хэлэхдээ, Хятад улсын эдийн засгийн сэргэлтийг цар тахлын нөлөө, гео-эдийн засгийн хуваагдал, санхүүгийн хямралд орох эрсдэлд өртөөд байгаа дэлхийн эдийн засгийн “өсөлтөд эергээр нөлөөлөх нааштай шинж тэмдэг” гэж тодорхойлсон байна.Хятад улсын эдийн засаг сэргэж буй нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгааг К.Георгиева онцлоод, тус улсын  ДНБ-ий өсөлт 1 хувиар нэмэгдэх нь Азийн бусад орны эдийн засгийн өсөлтийг дунджаар 0.3 хувиар өсөхөд нөлөөлнө гэсэн тооцоог ОУВС-гийн судалгааг эш татан мэдэгджээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард ОУВС Хятадын эдийн засаг 2023 онд 4.4 хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байсан бол энэ оны нэгдүгээр сард уг таамаглалаа 5.2 хувьд хүргэж ахиулсан юм.
https://montsame.mn/mn/read/315516
12 настай охин оюуны чадварын сорилд А.Эйнштейн, С.Хокинг нараас өндөр оноо авчээ
2023-03-27 15:18:24
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ШИНЖЛЭХ УХААН
ЛОНДОН. /MEN/. Английн Манчестер хотын сурагч охин Анвита Патил оюуны чадамжийг (IQ) тодорхойлдог “Mensa” нийгэмлэгийн сорилд Альберт Эйнштейн (1879-1955), Стивен Хокинг (1942-2018) зэрэг дэлхийд алдартай эрдэмтдээс өндөр оноо авч, уг нийгэмлэгийн гишүүн болсон байна.Анвита Патил сорилд тэнцээд зогсохгүй, насныхаа ангилалд хамгийн өндөр буюу 162 оноо авсан байна. Түүгээр ч барахгүй охин оюуны чадварын оноо нь 160 байсан гэж үздэг Альберт Эйнштейн, Стивен Хокинг зэрэг олон эрдэмтнээс өндөр чадвартай гэдгээ харуулжээ. Одоо Манчестерын нэгэн охидын хувийн сургуулийн долоодугаар ангид сурдаг Патил нэгдүгээр сард шалгалт өгөх үедээ 11 настай байсныг хэвлэлүүд онцолсон байна. Тэрбээр академик боловсролтой гэр бүлд өсөж хүмүүжиж байгаа бөгөөд аав нь Үндэсний эрүүл мэндийн албанд зөвлөхөөр ажилладаг, ээж нь математикийн шинжлэх ухааны доктор аж.Дэлхийн хамгийн өндөр сэтгэн бодох чадвартай хүмүүсийн томоохон байгууллага болох “Mensa” нийгэмлэг сорилынх нь дүнтэй танилцсаны дараа Патилийг эгнээндээ нэгдэхийг урьжээ. Энэхүү нийгэмлэг нь 20 мянга орчим гишүүнтэй бөгөөд үе үе уулзалт хийж, цахимаар үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.
https://montsame.mn/mn/read/315511
К.Маккарти “TikTok”-той холбоотой хуулийн төслийг урагшлуулна гэж мэдэгджээ
2023-03-27 12:40:40
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти хууль тогтоогчид “TikTok” нийгмийн сүлжээтэй холбоотой үндэсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хуулийн төслийг урагшлуулна гэж ням гарагт мэдэгджээ.Хятадад төвтэй “ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok”-ийг хориглох, эсвэл хориг тавих хууль ёсны эрх мэдлийг Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанд олгох хууль батлахыг АНУ-д сүүлийн үед улам хүчтэй уриалах болжээ. Саяхан АНУ-ын Засгийн газрын төхөөрөмжүүдэд уг аппликейшнийг суулгахыг хориглосон юм.  К.Маккарти “Twitter” хуудсандаа, “Төлөөлөгчдийн танхим америкчуудыг Хятадын Коммунист намын технологийн “тэмтрүүл”-ээс хамгаалах хуулийн төслийг урагшлуулах болно” хэмээн нийтэлжээ. “TikTok”-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чу өнгөрсөн пүрэв гарагт Төлөөлөгчдийн танхимын хорооны сонсголд оролцож, хоёр намын хууль тогтоогчид түүнээс Америкт 150 сая хэрэглэгчтэй уг аппликейшнтэй холбоотой үндэсний аюулгүй байдал болон бусад асуудлын талаар асууж тодруулсан юм. Пүрэв гарагт болсон сонсголын үеэр “TikTok”-ийн гүйцэтгэх захирлаас уг аппликейшн нь Бээжингийн хүсэлтээр америкчуудыг тагнасан эсэхийг асуухад “үгүй” гэж хариулжээ.Дараа нь Бүгд найрамдах намын /БНН/ төлөөлөгч Нил Данн өнгөрсөн оны 12 дугаар сард “ByteDance” компанийн Хятад дахь ажилтнууд хоёр сэтгүүлчийн “TikTok”-ийн мэдээлэлд зүй бусаар нэвтэрч, улмаар компанид ажиллахаа больсон гэх мэдээллийг нь эш татан дурдаад, “ByteDance” тагнуул хийдэг эсэх талаарх асуултаа давтан асуусан байна.“Энэ асуудлыг тагнуул хийсэн гэж тодорхойлох нь зөв гэж бодохгүй байна” гэж Шоу Зи Чу хэлээд, дээрх мэдээлэл нь “дотоод мөрдөн шалгалт”-тай холбоотой гэж яриаг нь тасалдуулахаас өмнө тайлбарлажээ.“Хятад улс “TikTok” хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэх боломжтой” гэдэг үнэнийг бид хэдийнээ мэдэж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал хүлээн зөвшөөрч, шударга байж чадахгүй байгаа нь ихээхэн түгшүүр төрүүлж байна” гэж БНН-ын гишүүн К.Маккарти ням гарагт “Twitter” хуудсандаа бичсэн байна.Тус компани “Oracle” корпорацтай “TikTok”-ийн АНУ дахь хэрэглэгчдийн мэдээллийг хадгалах гэрээ байгуулж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах «Project Texas» төсөлд 1.5 тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байгаагаа мэдэгджээ. Төлөөлөгчдийн танхимын Хятадын Коммунист намын асуудлаарх тусгай хорооны дарга, Висконсин муж улсын төлөөлөгч Майк Галлахер “ABC News” сувагт ням гарагт ярилцлага өгөхдөө, Шоу Зи Чу пүрэв гарагт Конгрессын сонсголд оролцсоноороо хууль тогтоогчдын санаа зовнилыг намжаахаас илүүтэй “Конгрессын ямар нэгэн арга хэмжээ авах магадлалыг нэмэгдүүлсэн” хэмээн ярьсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2020 онд “TikTok”-оос гадна, мөн Хятадын “Tencent” компанийн “WeChat” аппликейшнийг хориглохыг оролдож байсан боловч шүүхэд нэг бус удаа ялагдсан юм.
https://montsame.mn/mn/read/315487
"OneWeb"-ийн хиймэл дагуулуудыг Энэтхэгийн пуужингаар тойрог замд гаргав
2023-03-27 11:43:20
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ТЕХНОЛОГИ
ШИНЭ ДЕЛИ. /Times of India/. Энэтхэгийн сансар судлалын байгууллага (ISRO) Их Британийн харилцаа холбооны “OneWeb” компанийн 36 хиймэл дагуулыг ням гарагт амжилттай хөөргөжээ. Хиймэл дагуулуудыг Энэтхэгийн зүүн өмнөд хэсэгт орших Шрихарикота арлын сансрын буудлаас “LVM 3-M3” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Энэ нь “OneWeb” компанитай байгуулсан гэрээний дагуу хиймэл дагуул хөөргөх “ISRO”-гийн хоёр дахь ажиллагаа юм. Гэрээнд зааснаар 72 хиймэл дагуулыг дэлхийн нам тойрог замд гаргана. Эхний ажиллагааны үеэр мөн 36 хиймэл дагуулыг хөөргөжээ. Тойрог замд гарсны дараа хиймэл дагуулууд дэлхийгээс 1200 км-ийн өндөрт байрлана.“OneWeb”-ийн хиймэл дагуулууд нь хөдөлгөөнт хиймэл дагуулын холбоог ашиглан өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай юм. Урьд нь тус компани Оросын “Роскосмос” компанитай хамтран ажиллаж байсан боловч 2022 оны гуравдугаар сарын эхээр хамтын ажиллагаагаа түр зогсоохоор шийджээ.
https://montsame.mn/mn/read/315482
Хятад, Хондурас улс дипломат харилцаа тогтоожээ
2023-03-27 10:47:05
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Хондурас Улс дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд Бээжин хотноо ням гарагт гарын үсэг зурлаа.БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Ган, Хондурасын Гадаад хэргийн сайд Эдуардо Рейна нар хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэлд гарын үсэг зурав.“Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Хондурас Улс нь хоёр ард түмний ашиг сонирхол, хүсэл зоригт нийцүүлэн харилцан бие биенээ хүлээн зөвшөөрч, Элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү мэдэгдэлд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ.Мөн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхийг хоёр улсын Засгийн газар зөвшөөрч байгааг онцолсон байна.Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Бүгд Найрамдах Хондурас Улсын Засгийн газар дэлхий дээр зөвхөн ганц Хятад улс байдгийг хүлээн зөвшөөрч, БНХАУ-ын Засгийн газар нь бүх Хятадыг төлөөлж буй хууль ёсны цорын ганц Засгийн газар, харин Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрчээ.“Бүгд Найрамдах Хондурас Улсын Засгийн газар энэ өдрөөс эхлэн Тайваньтай “дипломат харилцаагаа” тасалж, цаашид Тайваньтай албан ёсны харилцаа өрнүүлэхгүй байх үүрэг хүлээв. Бүгд Найрамдах Хондурас Улсын Засгийн газрын энэхүү байр суурийг БНХАУ-ын Засгийн газар сайшааж байна” хэмээн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
https://montsame.mn/mn/read/315466
Францын Ерөнхий сайд жагсаалтай холбоотойгоор сөрөг хүчнийхэнтэй уулзана
2023-03-27 10:15:28
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПАРИС. /AFP/. Францын Ерөнхий сайд Элизабет Борн ирэх сарын эхээр сөрөг хүчний удирдагчидтай уулзахаа мэдэгдэв. Тэрбээр “AFP” агентлагт ярилцлага өгөх үеэрээ мөн тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалтай холбогдуулан үйлдвэрчний эвлэлүүдтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Францын Ерөнхий сайд гуравдугаар сарын 28-нд болох ээлжит жагсаал цуглааны өмнө ярилцлага өгчээ. “Бид зөв арга замыг олох ёстой.  Бид тайвшрах хэрэгтэй” гэж Э.Борн мэдэгджээ. Төсвийн асуудлаас бусад тохиолдолд олны таашаалд нийцээгүй шинэчлэлийг парламентад санал хураахгүйгээр батлах маргаантай механизмыг цаашид ашиглахгүй гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.Францад маргаан дагуулаад байгаа тэтгэврийн шинэчлэлийг парламентад санал хураахгүйгээр баталсныг Э.Борн гуравдугаар сарын 16-нд мэдэгдсэн билээ. Үүний дараа Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураасан боловч авах шаардлагатай 287 саналыг авч чадаагүй юм.
https://montsame.mn/mn/read/315464
Биньямин Нетаньяху Батлан хамгаалахын сайдаа огцруулжээ
2023-03-27 08:35:39
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ. /BBC/. Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант шүүхийн шинэчлэлийг батлахаа түр хойшлуулахыг Засгийн газартаа уриалсны дараа тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху түүнийг албан тушаалаас нь огцруулжээ. Дээд шүүхийн эрх мэдлийг хязгаарлах Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал Израилд гурав дахь сардаа үргэлжилж байгаа юм. Парламентын шийдвэрийг хууль бус гэж үзвэл Дээд шүүх хориг тавих эрхтэй байна. Йоав Галант бямба гарагт телевизээр ярихдаа, Засгийн газрын санал болгож буй шүүхийн шинэчлэл нь нийгэмд асар том хуваагдал үүсгэж, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр уур хилэн, бухимдлыг төрүүлснээс гадна, армийнхны ч уур бухимдал ихсэж байна гэж онцлон тэмдэглэжээ. "Энэ нь улс орны аюулгүй байдалд илэрхий, шууд бөгөөд бодитой аюул занал учруулж байна" гэж тэрбээр хэлжээ. Й.Галлант уг санаачилгыг одоогийн байдлаар нь дэмжихээс татгалзаж, бүтээлч яриа хэлэлцээ хийхийг уриалж байгаагаа нэмж хэлсэн байна.Энэ мэдэгдлийн дараа Б. Нетаньяху  Й.Галлантыг дуудаж, түүнд итгэх итгэл нь алдарсан тул батлан хамгаалах салбарыг удирдуулах боломжгүй болсон гэдгийг өөрийн биеэр мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/315453
БНАСАУ дахин хоёр пуужин харважээ
2023-03-27 08:02:35
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ПЁНЬЯН. /Kyodo/. “БНАСАУ өнөө өглөө баллистик байх магадлалтай хоёр пуужин харвалаа. Тэдгээрийг Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна далайд унасан хэмээн үзэж байна” гэж Японы Засгийн газар мэдэгдэв.Одоогоор нисэх онгоц болон усан онгоцонд ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна. БНАСАУ Япон тэнгис рүү дор хаяж нэг пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мөн мэдээлжээ. БНСУ, АНУ цэргийн хамтарсан сургуулилалтууд хийж, 11 хоног үргэлжилсэн “Freedom Shield” сургуулиа өнгөрсөн пүрэв гарагт дуусгаад байгаа үед дээрх туршилтыг хийжээ. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаан дахь анхны томоохон хаврын цэргийн сургуулилалт байв.Өнгөрсөн баасан гарагт БНАСАУ хоёр өдрийн өмнө хоёр өөр төрлийн дөрвөн далавчит пуужин туршсан гэж мэдэгдсэн бөгөөд удирдагч Ким Жөн Ун Сөүл, Вашингтоныг БНАСАУ-ын эсрэг “бодлогогүй” дайны сургуулилалтаа зогсоохыг анхааруулсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ. Мөн Пёньян өнгөрсөн долоо хоногийн эхээр усан доор цөмийн цэнэгт хошууг дэлбэлж, дайсны хөлөг онгоцууд болон боомтыг устгах цацраг идэвхт цунами үүсгэх шумбагч дрон туршсан талаар төрийн мэдлийн хэвлэл мэдээлсэн юм.
https://montsame.mn/mn/read/315450
Миссисипид хар салхины улмаас олон хүн амиа алджээ
2023-03-26 13:04:54
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын өмнөд нутгийн Миссисипи муж улсыг хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас амиа алдсан хүний тоо 25-д хүрч нэмэгдэж, олон арван хүн гэмтэж бэртээд байна гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлэв. Миссисипи муж улсын Онцгой байдлын газрын мэдээлснээр, Шарки, Хамфрис, Кэрролл, Монро тойргуудад хүмүүсийн амь нас эрсэдсэн байна. Төрийн олон агентлаг байгалийн гамшгийн уршгийг арилгахад гар бие оролцож байна гэж уг мэдэгдэлд дурджээ. Баасан гаргийн шөнө Миссисипийг хүчтэй шуурга, хар салхи дайран өнгөрсний улмаас байшин барилгууд эвдэрч сүйдэж, оршин суугчид, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан хангамж тасалдсан байна. Миссисипи муж улсын захирагч Тэйт Ривз байгалийн гамшигт нэрвэгдсэн тойргуудад бямба гарагт онц байдал зарласан байна.АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ, байгалийн гамшигт үзэгдэлд ойр дотны хүмүүсээ алдсан, ойр дотны хүмүүс нь сураггүй болсон хүмүүсийн төлөө залбирч байна хэмээгээд, холбооны дэмжлэгийг шаардлагатай газруудад богино хугацаанд үзүүлэхээ амлажээ.
https://montsame.mn/mn/read/315436
Тайвань Хондурастай дипломат харилцаагаа тасалжээ
2023-03-26 10:56:10
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТАЙБЭЙ. /NHK/. Тайвань Төв Америкийн Хондурас улстай дипломат харилцаагаа тасалсан талаар Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву мэдэгдэв.Тэрбээр Тайбэй хотноо өнөө өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр дээрх мэдэгдлийг хийжээ. Ингэснээр Тайваньтай дипломат харилцаа тогтоосон орнуудын тоо 13-т буюу түүхэндээ хамгийн цөөн үзүүлэлтэд хүрсэн байна. Энэхүү тоон үзүүлэлт нь Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнийг 2016 онд үүрэгт ажилдаа орсноос хойш Хондурасыг оролцуулаад есөөр буурчээ.
https://montsame.mn/mn/read/315434
В.Путин: ОХУ Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байрлуулна
2023-03-26 09:26:38
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
МОСКВА. /Anadolu/. ОХУ хөрш Беларусь улсад тактикийн цөмийн зэвсгийн тусгай агуулахаа барьж дуусгана гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.Орос цөмийн зэвсэг хадгалах боломжтой “Искандер” цогцолборыг Беларусьт аль хэдийн хүлээлгэн өгсөн гэж В.Путин бямба гарагт “Россия-24” сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.Түүний хэлснээр, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 1990-ээд оны эхэн үе буюу ЗХУ задран унаснаас хойш Беларусьт байрлуулаагүй Оросын тактикийн цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулах асуудлыг эртнээс хөндөж эхэлжээ.“Бид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчихгүйгээр Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгийг байрлуулахаар А.Лукашенкотой тохиролцсон” гэж “TASS” агентлаг В.Путиний хэлснийг эш татан мэдээлсэн байна.АНУ ийм зэвсгийг олон оронд удаан хугацаагаар байрлуулж байгаа тул Беларусийн хүсэлтэд ямар ч ер бусын зүйл байхгүй гэж В.Путин нэмж хэлжээ.Дараа нь В.Путин Орос улс тактикийн цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай 10 нисэх онгоцоо Беларусьт байрлуулсан гэж хэлснийг “TASS” мөн уламжилжээ.  “Арван нисэх онгоц энэ төрлийн зэвсгийг ашиглахад бэлэн байна. Бид Беларусь руу бидний сайн мэдэх, маш үр дүнтэй “Искандер” цогцолборыг хэдийнээ шилжүүлсэн. Энэ нь мөн тактикийн цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай” гэж тэрбээр хэлсэн байна.Москва дөрөвдүгээр сарын эхээр баг бүрэлдэхүүнийг сургаж эхэлнэ гэж В.Путин хэлээд, Орос улс Беларусь дахь тактикийн цөмийн зэвсгийг хадгалах агуулахыг долоодугаар сарын 1 гэхэд барьж дуусгана гэж мэдэгджээ. Орос улс хөрш Украинд 13 сарын өмнө дайн эхлүүлснээс хойш Барууны орнуудын удирдагчид болон тоймчид Москва цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж болгоомжилж байгаагаа мэдэгдсээр иржээ.
https://montsame.mn/mn/read/315430
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2023-03-25 13:40:40
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ЛОНДОН. /DW/. Их Британийн хаан III Чарльзын Франц улсад хийхээр төлөвлөж байсан төрийн айлчлал хойшиллоо гэж Францын Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ. Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байгаа юм. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Их Британийн хаантай өөртэй нь утсаар ярьсны дараа ийм шийдвэр гаргасан байна.Өнгөрсөн есдүгээр сард Их Британийн хаанаар өргөмжлөгдсөн Чарльз Германыг зорихынхоо өмнө ням гарагт Францад хүрэлцэн ирэхээр төлөвлөж байсан юм. Энэ нь хааны хувиар хийх анхны албан ёсны айлчлал нь болох юм.Букингемийн ордноос мэдэгдсэнээр, Герман улсад ирэх лхагва гаргаас баасан гарагт айлчлах төлөвлөгөө урьдчилан төлөвлөсний дагуу хэрэгжих ажээ. Мөн хаан айлчлалын тов тодорхой болмогц Францад айлчлахыг тэсэн ядан хүлээж байгааг мэдэгдэлд дурджээ.
https://montsame.mn/mn/read/315420
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2023-03-25 12:09:17
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар орогнол хүсэгч иргэдийг АНУ-Канадын хилээр албан бус гарцаар нэвтрүүлэхийг зогсоох цагаачлалын хэлэлцээрийг байгуулснаа баасан гарагт зарлалаа.АНУ, Канад улсууд “Дэлхийн баруун тал бөмбөрцөг дэх цагаачлалын түүхэн түвшний асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэж Ж.Байден баасан гарагт Ерөнхийлөгчийн хувиар Канадад хийсэн анхны айлчлалынхаа үеэр Оттава хотноо хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Цагаачлалын гэрээ нь хоёр оронд албан бус гарцаар хилээр нэвтэрсэн орогнол хүсэгчдийг буцаах боломжийг олгох бөгөөд АНУ-д өөр улсаас нэвтэрснийхээ дараа Канадын хилээр нэвтрэх орогнол хүсэгчдийн тоог хязгаарлахад хувь нэмрээ оруулах зорилготой байна.Өмнөх цагаачлалын гэрээний дагуу АНУ, Канадын холбогдох албаныхан орогнол хүсэгчдийг албан ёсны нэвтрэх цэгүүдээр буцаах боломжтой байсан ч энэ нь албан бус гарцуудад хамаардаггүй байжээ. Ж.Трюдо Канадад орогнол хүсэгчдийн тоо нэмэгдэж байгаа асуудлыг зохицуулах шахалттай тулгарсаар ирсэн бөгөөд тэдний ихэнх нь Нью-Йорк муж улс болон Квебек муж хоёрын хоорондох шороон зам болох Роксхэмийн замаар нэвтэрдэг байна. 2022 онд АНУ-аас 40 мянга орчим орогнол хүсэгч Канад руу нэвтэрсэн нь 2017 онд ийм гарцыг хянаж эхэлснээс нь хойших хамгийн өндөр тоон үзүүлэлт болжээ. Ж.Трюдогийн мэдэгдсэнээр, гэрээ бямба гаргийн шөнө дундаас хүчин төгөлдөр болно. Ийнхүү шуурхай хэрэгжүүлж буй нь гэрээг хүчин төгөлдөр болохоос өмнө хилээр нэвтрэх гэж оролдох цагаачдын тоо нэмэгдэхээс зайлсхийх зорилготой юм байна.
https://montsame.mn/mn/read/315416
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2023-03-25 10:21:13
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. АНУ-ын тал зах зээлийн эдийн засаг, шударга өрсөлдөөний зарчмуудыг хүндэтгэж, гадаадын компаниудад үндэслэлгүйгээр шахалт үзүүлэхээ зогсоох ёстой гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ хэвлэлийн төлөөлөгч баасан гарагт мэдэгджээ.ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин пүрэв гарагт АНУ-ын Конгрессын сонсголд “TikTok” компанийн гүйцэтгэх захирал оролцсоны дараа өдөр тутмын ээлжит хэвлэлийн бага хурлын үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна. Мао Нин холбогдох асуултад хариулахдаа, “Бид мөн “TikTok”-ийн хийсэн тайлбарыг тэмдэглэсэн” хэмээн Хятадын Засгийн газар хуулийн дагуу мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгч байгааг онцолжээ.Хятадын Засгийн газар аливаа улс орны хууль тогтоомжийг зөрчин гадаадын улс орнуудад байгаа өгөгдөл, мэдээлэл, тагнуулын мэдээллийг цуглуулах, өгөхийг компани, хувь хүмүүсээс хэзээ ч шаардаж байгаагүй бөгөөд хэзээ ч шаардахгүй гэж тэрбээр хэлсэн байна.“АНУ-ын Засгийн газар “TikTok” үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж буйг нотлох ямар нэгэн нотолгоог хараахан гаргаж өгөөгүй байгаа ч удаа дараалан гэм буруутайд тооцож, холбогдох компаниудад үндэслэлгүйгээр шахалт үзүүлсээр байна” гэж Мао Нин АНУ-ын Конгрессын зарим гишүүний гаргасан “TikTok”-ийг хориглох саналын талаар хэлэх үеэрээ тэмдэглэжээ. Америкийн тал зах зээлийн эдийн засаг, шударга өрсөлдөөний зарчмуудыг чин сэтгэлээсээ хүндэтгэж, гадаадын компаниудад үндэслэлгүйгээр шахалт үзүүлэхээ зогсоож, АНУ-д хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулах нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй орчныг гадаадын компаниудад бүрдүүлэх ёстой гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
https://montsame.mn/mn/read/315413
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2023-03-25 09:37:37
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. ОХУ “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойгоор БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байгаа талаар тус улсын Шадар сайд Александр Новак сэтгүүлчдэд мэдээлжээ. "Одоо "Газпром", Хятадын "CNPC" компаниудын хооронд гэрээний нөхцөлийг эцэслэн тохиролцох хэлэлцээ хийж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хийн хоолойн чиглэлийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах ажил мөн эхлээд байна. Манай компаниуд оны эцэс гэхэд тохиролцож, гэрээ байгуулна гэдэгт итгэлтэй байна" гэж тэрбээр “Россия-24” телевизийн сувгаар мэдэгджээ.
https://montsame.mn/mn/read/315402
Алтны үнэ өсжээ
2023-03-24 16:39:00
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЧИКАГО. /Xinhua/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ өсгөж, энэ онд дахин нэг удаа л нэмэгдүүлж магадгүй гэж лхагва гарагт мэдэгдсэний дараа Нью-Йоркийн “Comex” биржийн арилжааны явцад алтны үнэ өсжээ.  Тодруулбал, дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ пүрэв гарагт нэг унц нь 46.30 ам.доллар буюу 2.37 хувиар өсөж, 1995.9 ам.долларт хүрсэн байна.Алтны фьючерс хэлцлийн үнэ сүүлийн өдрүүдэд 2022 оны гуравдугаар сарын 10-наас хойших хамгийн дээд цэгтээ хүрч өсөөд байгаа юм. Хэдийгээр ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл энэ онд бодлогын хүүгээ бууруулна гэсэн зах зээлийн хүлээлтийг хойшлуулсан ч Төв банкны мэдэгдэл харьцангуй зөөлөрсөн нь бодлогын хүүгээ өсгөх мөчлөгөө дуусгаж магадгүй гэж үзэхэд хүргэжээ.   Пүрэв гарагт мөнгөний тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ мөн нэг унц нь 2.06 хувиар /47 цент/ өссөнөөр 22.657 ам.долларт хүрсэн байна. Мөн цагаан алтны ирэх сарын үнэ 5.90 ам.доллароор өсөж, 992.90 ам.доллар болжээ.
https://montsame.mn/mn/read/315396
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2023-03-24 15:41:18
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /Reuters/. Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөснөөр 2021 оны 12 дугаар сараас хойш 11 дэх удаагаа дараалан хүүгээ өсгөлөө.Төв банкны Мөнгөний бодлогын хороо пүрэв гарагт олонхын саналаар дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр бодлогын хүү 4.25 хувьд хүрсэн байна. Их Британид инфляц түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөөр байгаа бөгөөд хоёрдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.4 хувиар өсжээ. Дэлхийн санхүүгийн системтэй холбоотой болгоомжлол үүсээд байгаа ч Төв банк инфляцыг бууруулах бодлогоо тууштай хэрэгжүүлж байгааг энэ шийдвэр харуулж байна хэмээн шинжээчид үзэж байна.
https://montsame.mn/mn/read/315387
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2023-03-24 15:41:02
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ТЕХНОЛОГИ
ВАШИНГТОН. /SpaceNews/. Америкийн “Relativity Space” компанийн гурван хэмжээст /3D/ принтерээр “хэвлэсэн” анхны пуужин  болох “Terran 1” дэлхийн тойрог замд орж чадаагүй байна. Уг пуужинг гуравдугаар сарын 23-нд АНУ-ын Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөжээ. Метан хийгээр ажилладаг есөн “Aeon 1” хөдөлгүүрээр тоноглосон эхний угсраа нь пуужинг хөөргөснөөс 2 минут 45 секундийн дараа хоёр дахь угсраанаас амжилттай салжээ. Үүний дараа пуужингийн хоёр дахь угсрааны /хурдасгуур блок/ хөдөлгүүр ассан боловч хэсэг хугацааны дараа удааширсан байна. Гэсэн хэдий ч “Relativity Space” компани 85 хувийг нь “3D” принтерээр бүтээсэн пуужингийнхаа эхний туршилтын хөөргөлтийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Тус компанийнхан “Terran 1”-ийн туршилт үргэлжилнэ гэж найдаж байгаа бөгөөд энэхүү пуужингаас илүү том, дахин ашиглах боломжтой “Terran R” зөөгч пуужинг бүтээхээр ажиллаж байгаа аж. Уг пуужинг 2024 онд хөөргөхөөр төлөвлөжээ.
https://montsame.mn/mn/read/315386
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2023-03-24 15:18:28
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
СӨҮЛ. /NHK/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль БНАСАУ удаа дараалан цэргийн өдөөн хатгалга явуулж байгаатай холбогдуулан Япон, АНУ-тай гурван талын аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээ амлалаа.Юн Сог Ёль өнөөдөр Тэжон хотын үндэсний оршуулгын газарт БНАСАУ-ын халдлагын улмаас, тодруулбал, 2010 онд Ёнпёндо арал руу гал нээх үеэр болон цэргийн хөлөг онгоцыг сүйрүүлсний улмаас амиа алдсан цэргийн алба хаагчдын дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцох үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн байна.БНАСАУ цөмийн зэвсгийн хөтөлбөрөө өдрөөс өдөрт хөгжүүлж, урьд хожид байгаагүйгээр олон пуужин харваж, өдөөн хатгасан үйлдэл хийж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ. “БНАСАУ бодлогогүй өдөөн хатгалгынхаа хариуг хүртэнэ гэдгийг миний бие баттай мэдэгдэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.АНУ, БНСУ-ын цэргийнхэн ээлжит цэргийн хамтарсан сургуулилалтаа пүрэв гарагт дуусгасны дараа БНАСАУ-ыг дахин өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүйтэй холбогдуулан сонор сэрэмжээ хадгалсан хэвээр байна.
https://montsame.mn/mn/read/315364
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2023-03-24 13:48:22
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
МОНАКО. /BBC/. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/ трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглохоор болжээ.“Гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүйсээ солиулж эмэгтэй болсон трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны тэмцээнд оролцохыг зөвшөөрөхгүй” гэж тус байгууллагын тэргүүн Себастьян Коу мэдэгдсэн байна. Гэхдээ трансжендер тамирчдыг тэмцээнд оролцуулахыг зөвшөөрөх талаар цаашид судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдахаар болсон байна. “Бид үүрд үгүй гэж хэлэхгүй” гэж С.Коу хэлжээ.Өмнөх журмын дагуу “IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг цусан дахь тестостероны хэмжээг дээд тал нь 5 нмоль/л хүртэл бууруулж, эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөхөөс өмнөх 12 сарын хугацаанд тасралтгүй энэ хэмжээнд барихыг шаарддаг байжээ.С.Коугийн хэлснээр, "тэмцээн уралдааны эмэгтэйчүүдийн төрлийг хамгаалах үндсэн зарчмыг" удирдлага болгон дээрх шийдвэрийг гаргасан байна. Одоогоор энэ спортод олон улсын хэмжээнд өрсөлдөж буй трансжендер тамирчин байхгүй гэдгийг тэрбээр мөн онцолжээ. “Өөр хоорондоо ялгаатай бүлгүүд хоорондын хэрэгцээ, эрхийн зөрчилтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргахад үргэлж хэцүү байдаг ч бид эмэгтэй тамирчдад шударга хандахыг бусад бүх зүйлээс дээгүүр тавих ёстой гэсэн байр суурийг баримталсаар байна” гэж С.Коу хэлсэн байна.Олон улсын хөнгөн атлетикийн холбооны зөвлөл трансжендер тамирчидтай холбоотой асуудлыг цаашид авч үзэх ажлын хэсгийг 12 сарын хугацаатай байгуулахаар тохиролцжээ. Тус бүлэг нь трансжендер тамирчидтай тусгайлан зөвлөлдөж, судалгаа хийж, зөвлөлд зөвлөмж хүргүүлэх аж.
https://montsame.mn/mn/read/315357
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2023-03-24 13:33:50
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /TASS/. БНАСАУ гуравдугаар сарын 21-23-ны хооронд дэлбэрснийнх нь дараа "асар хүчтэй цацраг идэвхт цунами" үүсэж болзошгүй цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай шумбагч дрон туршлаа гэж тус улсын “Солонгосын дуу хоолой” радио мэдээлжээ.“Энэхүү нууц зэвсгийн даалгавар бол байлдааны ажиллагааны бүсэд нууцаар хүрч, усан доор цөмийн цэнэгт хошууг дэлбэлж, дайсны хөлөг онгоцууд болон боомтыг устгах асар хүчтэй цацраг идэвхт цунами үүсгэх юм" гэж мэдээнд дурдсан байна.Мэдээнд онцолж байгаагаар, гуравдугаар сарын 21-нд уг шумбагч дроныг БНАСАУ-ын зүүн эрэгт орших Хамгён-Намдо муж орчимд хийсэн сургуулилалтын бүс рүү илгээсэн бөгөөд 59 цагийн турш усан доор байжээ. Ингэхдээ 80-150 метрийн гүнд чиглэлээ тогтмол өөрчилж байсан байна. Шумбагч дрон гуравдугаар сарын 23-нд дайсны боомтыг дуурайлган хийсэн, Хонвон булан дахь байдаа хүрч, туршилтын цэнэгт хошууг усан доор дэлбэлжээ. “Туршилтын үр дүнд усан доогуур довтлох цөмийн шумбагч төхөөрөмжийн тактикийн болон техникийн бүх шинж чанарыг нарийн үнэлж, найдвартай байдлыг нь баталгаажуулснаас гадна, үхлийн цохилт өгөх чадалтай болох нь батлагдсан" гэж Умард Солонгосын төрийн радио мэдээлсэн байна.
https://montsame.mn/mn/read/315358
АНУ Сири дэх байгууламжуудад цохилт өгчээ
2023-03-24 11:44:12
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын тэргүүлж буй терроризмтой тэмцэх олон улсын эвслийн бааз руу Иран нисгэгчгүй онгоцоор дайрсны хариуд тус улсын Зэвсэгт хүчний элит анги нэгтгэл болох Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын Сири дэх байгууламжуудад агаараас цохилт өглөө гэж Пентагоны хэвлэлийн алба мэдээлэв. АНУ-ын Батлан хамгаалах Яамны мэдээлснээр, пүрэв гаргийн үдээс хойш Сирийн зүүн хойд нутгийн Хасака мужид байрлах эвслийн баазын засвар үйлчилгээний байгууламж руу "камиказе-дрон" дайрчээ. Тагнуулын байгууллагын мэдээллээр нисгэгчгүй онгоц нь Иранаас гаралтай байсан байна. Дайралтын үеэр нэг хүн амиа алдаж, зургаан хүн шархаджээ.Пентагоны тэргүүн Ллойд Остины мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар АНУ-ын Төв командлал баасан гарагт шилжих шөнө “Сирийн зүүн хэсэгт Ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпустай холбоотой бүлэглэлүүдийн ашиглаж буй объектуудад агаараас өндөр нарийвчлалтай цохилт өгсөн байна”.
https://montsame.mn/mn/read/315339
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2023-03-24 11:13:49
Хулан.Э
khulan@montsame.gov.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны сайд Квон Ён Се нар БНАСАУ-аас учрах пуужингийн болон цөмийн аюул заналтай тэмцэхэд нягт хамтран ажиллахаар тохиролцов.Токио хотноо пүрэв гарагт болсон хэлэлцээний үеэр Х.Ёшимаса, Квон Ён Се нар БНАСАУ-ын удаа дараалан явуулж буй пуужингийн туршилтууд нь бүс нутгийн аюулгүй байдалд “ноцтой аюул занал” учруулж байгаа талаар санал бодлоо солилцжээ. Квон Ён Се нь Японд 2005 оноос хойш айлчилсан БНСУ-ын анхны Үндэстнээ нэгтгэх яамны сайд болжээ. Пёньянтай холбоотой асуудлуудыг хариуцдаг Квон Ён Се нь Японд бямба гараг хүртэл дөрвөн өдрийн айлчлал хийнэ. Энэ сарын эхээр БНСУ дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хоёр талын маргааныг шийдвэрлэх саналаа танилцуулснаас хойш Токио, Сөүлийн харилцаа сайжраад байгаа юм. Х.Ёшимаса мөн Квон Ён Сегээс 1970, 1980-аад оны үед БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн шийдэгдээгүй байгаа асуудлыг ойлгож, хамтран ажиллахыг хүссэн байна. Үүний хариуд Квон Ён Се энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэж Гадаад хэргийн яам мэдээлжээ. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар Токио хотноо өнгөрсөн пүрэв гарагт дээд хэмжээний уулзалт хийсний дараа Квон Ён Се Японд айлчилж буй юм. Юн Сог Ёлийн хувьд Японд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд айлчилсан БНСУ-ын анхны Ерөнхийлөгч болсон билээ. Хэвлэлийнхэнд хэсэгчилсэн нээлттэй байдлаар хийсэн уулзалтын үеэр Квон Ён Се лхагва гарагт “World Baseball Classic” тэмцээний аваргаар гурав дахь удаагаа шалгарсан Японд баяр хүргэжээ.
https://montsame.mn/mn/read/315338
Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалд нэг сая гаруй хүн оролцжээ
2023-03-24 10:13:01
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
НИЙГЭМ
ПАРИС. /RT/. Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал пүрэв гарагт дахин болж, нэг сая гаруй хүн оролцлоо гэж "Monde" сонин тус улсын Дотоод хэргийн яамнаас эш татан мэдээлэв.Дотоод хэргийн яамны мэдээлснээр, энэ удаагийн жагсаалд гуравдугаар сарын 15-нд болсон өмнөх жагсаалын оролцогчдын тооноос (480 мянга) хоёр дахин их буюу 1.089 сая хүн оролцсон байна. Харин Парис хотод 119 мянган хүн жагссан гэж эрх баригчид мэдээлсэн бол Бүх нийтийн хөдөлмөрийн холбооноос Францын нийслэлд болсон жагсаалд 800 мянга орчим хүн оролцлоо гэж мэдээлжээ. Үйлдвэрчний эвлэлийн төвийн мэдээлснээр, Франц даяар энэ удаад жагсагчдын тоо 3.5 саяд хүрсэн байна. Парист жагсаал эхлээд тайван болж байсан боловч эсэргүүцлийн ажиллагаа хурдан хугацаанд даамжирч жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна. Цагдаа нар руу шил, чулуу, шидсэн танхай этгээдүүдийг тараахын тулд хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий удаа дараа хэрэглэхэд хүрчээ. Францын нийслэлд 80 хүнийг саатуулсан байна. Түүнчлэн Дотоод хэргийн сайд Жеральд Дарманины хэлснээр, наад зах нь 123 цагдаа гэмтэж бэртжээ.
https://montsame.mn/mn/read/315323
Японы уран гулгагчид түүхэндээ анх удаа спортын хосын төрөлд дэлхийн аварга боллоо
2023-03-23 15:14:58
Жаргал.Д
Jargal.d@montsame.mn
ДЭЛХИЙН МЭДЭЭ
СПОРТ
САЙТАМА. /TASS/. Японы уран гулгагч Рикү Миүра, Рюичи Кихара нар Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний спортын хосын төрөлд түрүүллээ. Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Сайтама хотод болж байгаа юм. Японы уран гулгагчид 222.16 оноо (богино үзүүлбэрээр 80.72 оноо, чөлөөт үзүүлбэрээр 141.44 оноо) авсан байна. Хоёрдугаар байранд Америкийн Алекса Книрим, Брэндон Фрейзер нар орсон бол (217.48, 74.64+142.84) Италийн Сара Конти, Никколо Мачи нар (208.08, 73.23+134.84) гуравдугаар байр эзэлжээ. Японы уран гулгагчид спортын хосын төрөлд анх удаа дэлхийн аварга болж байгаа юм. Өмнө нь тус улсын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хосын төрөлд мөнгө (2022), хүрэл (2012)  медаль хүртэж байсан удаатай. Өдгөө 21 настай Рикү Миүра, 30 настай Рюичи Кихара нар 2022 оны Олимпын наадмын хүрэл медальтнууд юм. Түүнчлэн 2022 оны ДАШТ-ий хосын төрөлд мөнгөн медаль, 2021 ДАШТ-ий багийн тэмцээнд хүрэл медаль хүртэж байжээ.
https://montsame.mn/mn/read/315284